Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хотын удирдлагын шинэ бүрэлдэхүүн эрхээ баталгаажуулав


2016 оны орон нутгийн сонгуулиар бүрдсэн НИТХ-ын анхдугаар хуралдаан болж, төлөөлөгчдөөс насаар хамгийн ахмад болох Э.Бат-Үүл хурлыг даргалан нээв.
Э.Бат-Үүл “ НИТХ-ыг байнгын ажиллагаатай парламентын төвшинд хүртэл хөгжүүлэхэд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн Д.Баттулга даргадаа талархал илэрхийлье гээд цаашдаа НИТХ маань УИХ-тай өрсөлдөх хэмжээний өөрөө удирдах ёсны байгууллага болж ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн шинээр бүрдсэн НИТХ-ыг нээсэн юм. Анхдугаар хуралдаанаар эхлээд шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, НИТХ-ын даргыг сонгох, Тэргүүлэгчдийг сонгох, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын даргад нэр дэвшүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн Сонгуулийн хороо 9 хүний бүрэлдэхүүнтэй хуулийн хүрээнд ажиллаж, 13 нам 2 эвсэл 19 бие даагч НИТХ-ын сонгуульд анх оролцох тухай санал ирүүлсэн ч НИТХ-ын сонгуулийн 45 тойрогт 10 нам, хоёр эвсэл, 4 бие даагч нийт 286 хүн нэр дэвшсэнээс МАН 34 суудал, АН 11 суудал авсан  юм. Нийслэлийн сонгуулийн хороо НИТХ-ын анхдугаар хуралдаанд энэ тухай тайлагнаж, хэлэлцэн баталж өгөхийг хүссэн юм.
Нийслэлийн Сонгуулийн хороонд албан ёсоор өргөдөл гомдол ирээгүй, цагдаад дүүргийн сонгуулийн хорооны шугамаар өргөдөл гомдол ирсэн гэсэн. Эцэслэн шийдвэр гарсан 3 тогтоол нь Сонгуулийн Ерөнхий хороон дээр хянагдаж аж.
Хурлын даргыг Засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуулийн дагуу төлөөлөгчдөөс нэр дэвшүүлсэн. Тиймээс нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйг МАН-ын Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлэхээр болсныг НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан танилцуулав. Ц.Сандуй нь 1970 онд төрсөн Москвагийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд нийслэлийн газрын албанд байцаагчаас эхлээд газрын даргын албан тушаал хашиж байсан бөгөөд 2012 оноос нийслэлийн МАН-ын даргаар сонгогдон ажиллаж байгаа юм. Түүнийг нэр дэвшүүлж, танилцуулсны дараа асуулт асуув.

Ц.Сандуй: 60 тэрбум төгрөгийн асуудал бол гүтгэлэг

Төлөөлөгчдийн зүгээс Ц.Сандуйгаас ихэвчлэн газар олголт, мөн сонгуулийн үеэр хэвлэл мэдээллээр гарсан төрийн албыг наймаалан, сонгуулийн 60 тэрбум төгрөг босгох тухай бичлэгийн талаар тодруулж байсан юм.

 Харин Ц.Сандуйгийн зүгээс НИТХ ил тод нээлттэй, нийслэлчүүдийнхээ санал бодлыг тусгадаг нутгийн өөрөө удирдах байгууллага болно. Үүний төлөө хоёргүй сэтгэлээр ажиллана гээд 60 тэрбум төгрөгийн асуудал бол сонгуулийн сурталчилгааны үеэр гарсан гүтгэлэг эвлүүлэг. Удахгүй Цагдаагийн байгууллага энэ эвлүүлгийг хийсэн эзнийг тогтооно. Тэгэхээр энэ бүхэн тодорхой болно. Энэ бол гүтгэлэг. Би төрийн албаны тэр тусмаа газрын албаны шат шатны байгууллагад ажиллаж байсан. Энэ хугацаандаа төрийн албаны хууль дүрэмд нийцүүлж, үйл ажиллагаагаа явуулж байсан. НИТХ-ын онцгой эрх нь хотын газар зохион байгуулалтын асуудлыг хэлэлцдэг. Тиймээс мэргэжлийн боловсон хүчнээр хангаж, газрын харилцааг шинэ төвшинд гаргах үйл ажиллагаа зохион байгуулна гэсэн хариулт өгөв.

 Гэвч НИТХ-д сонгогдсон АН-ын төлөөлөгчдийн зүгээс өмнө нь таны өгч байсан хариулт өнөөдөр өгч байгаа хариултаасаа илт зөрж байна. Хуулийн байгууллагаар шалгуулна гэж байсан шалгуулж байгаа юу хэмээн ахин лавлаж асуусаар байсан юм. НИТХ-ын даргад нэр дэвшигч, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй энэ бол гүтгэлэг хэмээн давтан хэлэхдээ, “Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулж байгаа энэ асуудал бол эвлүүлэг гэдэг нь тодорхой болж байгаа.  Эвлүүлсэн хүн нь цаашдаа тодорхой болно. Хэд хэдэн ярианаас эвлүүлж, өрсөлдөгч намынхаа нэр дэвшигчдийг гутаах зорилгоор хийсэн эвлүүлэг гэдэг нь тодорхой болж байгаа учраас хуулийн байгууллагын зүгээс удахгүй мэдээлэл өгөх байх” гэж байв.

Тэрээр “Хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлнэ. Гэхдээ алдаа завхрал гаргасан, хөрөнгө мөнгө шамшигдуулсан ажил байвал хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Биднийг хотын захиргаанд ажиллаж байхад шилжилт хөдөлгөөн маш их байсан. Замбараагүй тэлэлт явагдаж байсан учраас тухайн жилийн газар зохион байгуулалтаар шийдэж байсан. Өмнө нь олгож байсан газар олголтод хууль бусаар хийсэн зүйл байхгүй. НИТХ-ын тогтоолоор олгосон. Иргэдээс гарсан санал хүсэлтийн дагуу газар тэдний өмнө тулгамдаад байгаа асуудлыг хамтдаа шийднэ. Төрийн албан хаагчдын хувьд Монгол Улсын төрийн албаны хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэдэг хүмүүс. Тиймээс хэн нэгний гүтгэлгээр гаргасан мэдээллийн дагуу төрийн албан хаагчдыг айлгаж сандаргах шаардлагагүй. Хууль зөрчиж, төсөв мөнгө идэж уугаагүй бол аль төрийн албан хаагчдад айгаад байх зүйл үгүй гэдгийг хэлье” хэмээгээд ямар ч байсан Төрийн албан хаагчдын хуулийн дагуу ажилласан бол халж солихгүй хэмээн амлав.
Харин МАН-аас сонгогдсон төлөөлөгчдийн хувьд Ц.Сандуй даргыг шүүж байна хэмээн  асуултуудыг дургүйцангуй хүлээж авч байлаа.

Хурлыг даргалж байсан Э.Бат-Үүл төлөөлөгчийн нэр дэвшигчийн талаар санал хэлэх өөрийн боломжоо ашиглаад нэлээн хатуухан үгийг залуу төлөөлөгчиддөө хандаж хэлсэн юм.
Э.Бат-Үүл “Та нартай юу ч булаацалдаагүй. Сонгуулийн дүнгээ зөвшөөрөөд, та бүхэнд тайван замаар эрх мэдлээ шилжүүлэх ардчиллын гайхамшиг шүү гэдгийг хэлж байхад та бүхэн олуулаа орилж, найрал дуу шиг дайрч байгаа нь маш том алдаа. Битгий ийм үйлдэл гарга гэж зөвлөж байна. Та нар пянг нь даахгүй шүү. Би дахиад хэлье.Эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулах арга туршлагыг гартаа атгасан хүмүүс гудамжинд гарчихсан байгаа шүү. Тийм учраас та бүхэн маань аархуу загнаж еөрөөсөө болохгүй. Би үүнийг та бүхний эрх ашгийн төлөө, ардчиллын аюулгүй байдлын төлөө хэлж байгаа юм шүү. Би зориуд сонгуулийн дараа тайван замаар Засгийн эрх шилждэг ардчиллын гайхамшгийг үзүүлсэн сонгууль боллоо гэж хэлсэн шүү. Би НИТХ бол парламенттайгаа өрсөлдсөн хурлын байгууллага болсон хэмээн зориуд хэлээд байгаа юм. Ийм хурлын нэр төрийн асуудал гэж чухал зүйл бий. Анхнаасаа л нэр төр сэвтчихвэл хэцүү.  Миний хэлээд байгаа улстөрийн нөхцөл байдлыг тооцвол бүүр ч аюултай. Та бүхэн бол үнэмлэхүй олонх. Гэхдээ нийслэлийн Иргэдийн хурал гэж яагаад хэлээд байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Анхнаасаа итгэл найдвар олон түмэнд төрүүлсэн нутгийн удирдах байгууллага байх ёстой. Нэгэнт үнэмлэхүй ялалт байгуулсан та бүхэн шийдвэрээ гаргасан. Гэхдээ би эсрэг санал өгөх нь тодорхой. Яагаад гэвэл иргэдийн хурлын нэр төрийг унагах хүнийг дэмжихгүй. Баттулгын хэлдэг үнэн.  Ц.Сандуйгийн 60 тэрбумыг босгох тухай асуудал олон түмний анхааралд орчихсон ноцтой асуудал. Тиймээс энэ асуудал нь түүнийг дарга болсон ч салахгүй. Би хэлж байсан. Алан хядагч шиг нүүрээ нуугаад бүтээн байгуулалтыг эсэргүүцдэг хүмүүсийг би лалар гэж хэлсэн. Харин тэр нь хэн байсныг одоо олж харлаа” гэж хэлсэн нь НИТХ-ын төлөөлөгчдийг та дуугүй хэсэг суухад хүргэв. Ийн нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйг олонхийн саналаар НИТХ-ын даргаар сонголоо.

МАН-ын бүлгийг Д.Амарбаясгалан, АН-ыг бүлгийг Ц.Баатархүү  толгойлно

НИТХ-д суудал авсны намууд бүлгүүдээ байгуулж, НИТХ-ын тэргүүлэгчдээ нэр дэвшүүлэхээр болоход 9:2, 8:3 гэсэн харьцаан дээр тохиролцож чадаагүй учраас АН-ын бүлгээс Тэргүүлэгчдээр орж ажиллахгүй гэдгээ албан ёсоор хэлсэн юм. Учир нь АН-ын бүлгээс бүх төлөөлөгчийг тэргүүлэгчээр ажиллах боломжоор хангахын тулд 8:3 харьцааг санал болгосон боловч МАН хүлээж аваагүй юм. Хоёр нам ямар ч байсан бүлгээ байгуулж, МАН-ын бүлгийг өмнө нь ч бүлгийн даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгалан, АН-ын бүлгийг Ц.Баатархүү удирдахаар болов. Ингээд МАН-аас нэр дэвшүүлсэн Ц.Сандуй, Ж.Батбаясгалан, Н.Баянмөнх, Э.Бат-Амгалан, Ж.Батсайхан, С.Эрдэнэтуул, Ж.Алдаржавхлан, Д.Баярсайхан, П.Баярхүү нарын 11 төлөөлөгчийг Тэргүүлэгчээр сонголоо. Дараагийн хэлэлцэх асуудал бол хотын даргыг сонгох. МАН давуу эрхийн дагуу хотын даргад УИХ-ын гишүүн асан Су.Батболдыг нэр дэвшүүлснээ албан ёсоор  танилцуулж, С.Батболд төлөөлөгчдийн асуултанд хариулав. Улаанбаатар хотын шинэхэн даргад хуучин дарга Э. Бат-Үүл “түрийвчиндээ” 100 гаруй тэрбум төгрөгтэй хотыг хүлээлгэж өгч байгаагаа илэрхийлээд улс төрийн арвин туршлагатай хүн дэвшиж орж ирсэнд талархан хандаж байгаа гэдгээ ч хэлэв.

С.Батболдыг 100 хувийн саналаар хотын даргаар сонгов

“1990 оноос хойш анх удаа НИТХ-ын төлөөлөгч биш хүнийг нэр дэвшүүлж байна. Өмнө нь НИТХ-ын нэр дэвшигчид дундаас их өрсөлдөөнтэйгээр Засаг даргыг нэр дэвшүүлдэг байсан. Гэтэл НИТХ-ын төлөөлөгчиддөө итгэхгүй байгаа хэрэг үү. Яагаад гаднаас нэр дэвшүүлж байгаа юм бэ” хэмээн төлөөлөгч Д.Баттулга асуусан юм.

“МАН-аас НИТХ-д сонгогдсон залууст маш туршлагатай, мэдлэгтэй залуус олон байгаа. Гэхдээ бид нэг бодлого, нэг үзэлтэйгээр хэлэлцэж байгаад УИХ-ын гишүүн байсан Су.Батболдыг сонгосон. Тэрээр улстөрийн өндөр туршлагатайгаас гадна нутгийн өөрөө удирдах байгууллагын талаар 10 гаруй жил мэргэшин ажиллаж байгаа юм. Ялангуяа ИТХ болон Засаг дарга хоорондын нягт уялдаа холбоотой ажиллагаан дээр илүү санаачлагатай, туршлагатай ажиллах боломжтой гэж үзсэн.” хэмээн МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

Ингээд НИТХ-ын төлөөлөгчид 100 хувийн саналаар Су.Батболдын Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгосон юм. Гэхдээ Ерөнхий сайдад өргөн барьж батламжлагдсаны дараа Засаг дарга тамга тэмдгээ гардаж авах ёстой. НИТХ-ын төлөөлөгчдийн итгэлийг хүлээж аваад Су.Батболд “Миний нэрийг дэвшүүлж, Нийслэлийн Засаг даргаар сонгосон та бүхэнд талархал илэрхийлье.  Монгол Улсын маань нүүр царай болсон нийслэл хот амгалан тайван, цэвэр цэмцгэр, хүн амьдрах таатай нөхцөл бүрдсэн Азийн хот байх ёстой. Нийслэл хот маань нэг өдөр, нэг бүрэн эрхийн хугацаанд хөгжөөгүйг та бүхэн мэдэж байгаа. Бидний өвөг дээдэс эцэг эхийн маань олон арван жилийн нөр их хичээл зүтгэлийн хүчинд нийслэл хот маань цэцэглэн хөгжсөн билээ. Нийслэл хотын үе үеийн удирдлагуудын хиж бүтээсэн сайн сайхан зөв бүхнийг үргэлжлүүлж, дутуу дулимаг зүйлийг гүйцээж, чанаржуулан сайжруулж ажиллах болно.

Нийслэл хотод маань шийдлээ хүлээж буй ар араасаа цуварсан олон асуудал бий. Гэхдээ иргэд сонгогчид маань ганцхан зүйлийг хүсч байгаа. Өнгөрсөн 20 хоногийн хугацаанд нийслэлийнхээ иргэдтэй уулзаж байхад ажилтай, орлоготой байхыг л хүсч байлаа. Бид энэ асуудлыг шийдэхийн тулд Засгийн газартайгаа хамтран ажиллаж, МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан эдийн засгийн томоохон асуудлуудыг шийдвэрлэн ажиллах болно. Ингэж гэмээнэ иргэд маань ажил орлоготой болно. Ажлын байрыг зөвхөн төр засаг бий болгодог юм биш. Манай баялаг бүтээгчид бий болгодог. Нийслэл бол Монгол улсын хөдөлмөрийн санхүү эдийн засгийн хамгийн том зах зээл билээ. Тиймээс бид худалдаа үйлчилгээнийхнээ боломжоор хангаж ажиллана. Иргэн бүр хотынхоо хөгжилд хувь нэмэр оруулах тэгш боломжийг хангаж ажиллахыг эрмэлзэнэ. 

Дагуул хотуудыг бий болгох хүн бүр нийтийн аж ахуйн болон дэд бүтцийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлж ажиллана. Дэлхий  нийтийн хөгжлийн чиг хандлага болсон хотын эдийн засгийн буй болгож ажиллана. Хотын хөгжлийг дэмжих үйлдвэрлэл, төслүүдийг зөв оновчтой бий болгож, улмаар хот дүүргүүдийн онцлогт тохирсон эдийн засгийн хөгжлийн загварыг бий болгохыг эрдэмлзэж ажиллана.  Туул,Сэлбэ голын дагуу амралт аялал зугаалгын бүс бий болгож ажиллана. Нийслэл дүүргүүдийн дарга нарыг санхүүгийн хувьд ил тод ажиллахыг шаардаж ажиллана.  Нийслэл хотын хөгжил цэцэглэлтийн төлөө хэт улстөржихөө ардаа орхиж, хамтран ажиллахыг уриалж байна. Нийслэл хотын иргэн бүрийн царайд аз жаргал гэрэлтэж байхын төлөө өөрийн бүх боломжоо дайчилж ажиллана” хэмээн амлав. Түүний нэрийг батламжлуулахын тулд НИТХ-аас Ерөнхий сайдад өргөн барихаар болж, анхдугаар хуралдаан өндөрлөв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан