Б.СОНОР
1894 оны эл өдөр орчин үеийн олимпизмыг үндэслэгчдийн нэг Кубертен Олон улсын тамирчдын конгресс дээр алдарт илтгэлээ тавьж, орчин үеийн олимпын наадмыг зохиох санал гаргасан нь олны дэмжлэгийг хүлээж, 1896 онд Грекийн Афин хотноо зуны олимпын анхдугаар наадам зохиогдсон түүхтэй. Харин 1948 оны нэгдүгээр сард буюу одоогоос 68 жилийн өмнө болсон Олон улсын олимпын хорооны 42 дугаар чуулганаар жил бүрийн зургадугаар сарын 23-ныг Олон улсын олимпын өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргасан билээ. Харин Монголын үндэсний олимпын хороо 1956 онд байгуулагдаж, 1962 онд Олон улсын олимпын хороо (IOC)-нд, 1982 онд Азийн олимпын зөвлөл (ОСА)-д тус тус элсч, зуны 12, өвлийн 13 наадамд оролцоод байна. Манай тамирчид тэртээ 1964 оны олимпод анх оролцсоноос хойш хоёр алт, есөн мөнгө, 13 хүрэл, нийт 24 медаль хүртээд буй. Үүнээс Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Найдангийн Түвшинбаяр 2008, 2012 оны олимпод дараалан финалдаж, хос медальтан болсон билээ. Одоогоор Монголын тамирчид “Рио-2016” олимпын 38 эрх аваад байна.
Өнөө жилийн олимпын өдөр олимпын жил, МҮОХ-ны 60 жилийн ойтой давхцан болж буй. Тиймээс эл баярын үеэр “Бөртэ чоно-Таван цагариг”, хөшөөний нээлтийг хийсэн нь онцлог байлаа. Ёслолд, Монголын үе үеийн тамирчид, спортын зүтгэлтнүүд оролцсон юм. МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн ёслолыг нээж “Өнөөдөр дэлхий даяар Олон улсын олимпын өдрийг тэмдэглэж байна. Уламжлалын дагуу Монгол Улс ч мөн адил баяраа тэмдэглэж байна. ОУОХ жил бүрийн зургадугаар сарын 23-ныг угтаж, олимпизмыг хөгжүүлэх талаар бидэнд зааварчилгаа үргэлж өгдөг. Үүний дагуу үе үеийн олимпод оролцсон тамирчдаа алдаршуулахын тулд МҮОХ-ны өмнөх талбайд “Бөртэ чоно-Таван цагариг” хөшөөг сүндэрлүүлж байна. Цаашид ч хийж бүтээхээр төлөвлөсөн ажил олон бий. МҮОХ-ны ард томоохон спорт цогцолбор барихаар төлөвлөж, зураг төслийг нь боловсруулаад байна” гэсэн юм.
Үйл ажиллагаанд оролцохоор ирсэн тамирчид олимпын бэлгэдэл болох “Таван цагираг”, монгол тамирчдын хурд, хүч, авхаалж самбаагаа сорин уралдаж авдаг “Бөртэ чоно” бүхий хөшөө сүндэрлэсэнд талархаж байгаагаа энэ үеэр илэрхийлж байлаа. Олимпын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар З.Ойдов “Олимпын наадам эхлэхээс 40 гаруйхан хоногийн өмнө ийм сайхан үйл ажиллагаа зохион байгуулж, “Бөртэ чоно-Таван цагариг” хөшөөг сүндэрлүүлсэн нь манай тамирчдад их урам өгч байгаа нь мэдээж. Риогийн олимпод Монгол Улс түүхэнд хамгийн олон тамирчин оролцох гэж буйд их олзуурхаж байна. Энэ нь манай тамирчдын ур чадвар, амжилт жилээс жилд ахиж, аль ч спортын төрлөөр олимп, ДАШТ-ээс медаль авахад гайхах зүйлгүй болсны илрэл. Одоогоор яг тийм амжилт гаргах байх гэсэн таамаг надад алга. Харин олон улсын хэвлэл мэдээллийнхэн найман медаль авна гэж таамагласан байна. Нэг их хол зөрөхгүй байх аа. Риогийн олимпод амжилттай оролцож, төрийн дууллаа эгшиглүүлээрэй гэж нийт тамирчдадаа захья. Мөн өнөөгийн алдарт тамирчдын амжилтын жимийг гаргасан ахмад тамирчдадаа урт насалж, удаан жаргахын ерөөл өргөе” гэв.