Ардчилсан намаас Баянхонгор аймгийн 9-р тойрогт нэр дэвшигч Х.Баттулга Эрдэнэцогт сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа. Хангайн нурууны салбар уулсын өвөр, өндөр уулсын бүсэд орших энэ сумын иргэд 2004 оноос хойш өөрсдийг нь төлөөлж УИХ-д сонгогдсон төрийн түшээдээ хадаг мөнгөн аягатай сүүгээр угтан авсан юм. Сонгогдсон цагаасаа хонгорчуудын нүүрийг улайлгаагүй итгэлийг нь дааж ирсэн гишүүнээ дахин энэ тойрогт өрсөлдөх болсонд иргэд баяртай байна. Тэрээр сумын төвийн иргэд болон Ямаат, Өвөржаргалант багийн иргэдтэй уулзлаа. Х.Баттулга ”Бизнесээс улс төрийн салбарт орсон он жилүүд 2004 он байлаа. 2004-2008 оны хооронд төрийн ажлыг хийх туршлага хуримтлуулсан. Харин 2008 оноос хойш УИХ-д суухдаа хоёр ч удаа төрийн сайдын албыг хашсан” хэмээн уулзалтын эхэнд онцолж энэ удаагийн сонгууль түүхэн сонголт гэдгийг хэллээ.
Тэрээр Монгол улсад төрөөс баримтлах авто зам болон төмөр зам, хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлогыг УИХ-аар батлуулсан гавъяатай нэгэн. Улсын хэмжээнд хэрэгжсэн ажлууд нь мэдээж дэд бүтэц. Харин хөдөөг чиглэсэн, малчдыг дэмжсэн томоохон хөтөлбөр бол 2012 онд УИХ-аар батлуулсан ХАА-г хөгжүүлэх төрийн бодлого. Энэ бодлогын хүрээнд малчдад ноос ноолуурын урамшуулал олгох болсноос гадна түүхий эдийн үнийг тогтвортой барих хөдөө аж ахуйн бирж гэх том ажлыг эхлүүлсэн юм. Х.Баттулга гишүүн үндсэндээ улс төрд ажиллах 12 жилийн хугацаанд 6 том төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байна.
Ирэх дөрвөн жилд хөрөнгө оруулалтыг хөдөөд чиглүүлнэ
Баянхонгор аймагт өнгөрсөн 4 жилд нийт 7,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Энэ хөрөнгөөр аймгийн дэд бүтэц, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө оруулсан. Харин ирэх дөрвөн жилд хөдөөг чиглэсэн бодлогыг аймгийн Ардчилсан нам боловсруулсан байна. Тухайлбал малчдын бэлтгэсэн түүхий эдийг боловсруулах үйлдвэрт ашиглах, шинэ сум төслийг сумдад хэрэгжүүлэх зэрэг ажлууд багтжээ.
Хонгор нутгийн иргэд анх Х.Баттулга гишүүнийг 2004 онд нэр дэвшиж байх үеэр гурил будаа элсэн чихрийн үнийг буулгаж өгөх, малчдыг малжуулж өгөхийг л хүсдэг байж. Харин тэдний итгэл хүлээлгэсэн гишүүн нь энэ асуудлыг бүрэн шийдэж өгсөнийг нутгийн иргэд ам бардам хэлж сууна. Мөн аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбож өгөх, гэрэл цахилгаантай болох хүсэлтийг Баянхонгорчууд эндээс сонгогдсон гишүүд болох Х.Баттулга, Д.Ганбат нараас хүсдэг байсан. Харин өнөөдөр энэ асуудал мөн л бүрэн шийдэгджээ.
Байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой
Баянхонгор аймаг урд хэсгээрээ БНХАУ- тай хил залгаа оршдог. Тиймдээ ч энэ аймагт газар нутгийн аюулгүй байдал хурцаар тавигдах ёстой. Гэвч хил залгаа орших Өмнөговь аймагт стратегийн ач холбогдол бүхий орд газрууд илэрч түүнийг хэн хэзээ ухах вэ гэдэг асуудал яригдаж байна. Энэ цаг мөчид Хонгорчууд энэ асуудалд анхаарлаа хандуулж түүхэн сонголт хийх цаг мөч тулжээ. 3 сая хүний өмч байх ёстой Тавантолгой орд газар Хятадад худалдагдах гэж байсан ноцтой гэрээг тэрээр эсэргүүцэж улмаар зогсоож чадсан. 60 жил ашиглах тухай тусгасан байсан гэрээг зогсоосон нь давхар Баянхонгорчуудад хамаатай асуудал. Энэ нь “Танай малын бэлчээрийг 60 жил ашиглачихаад буцаагаад өгье” гэхтэй агаар нэгэн адил сонсогдож байгаад иргэд эгдүүцэж байгаагаа уулзалтын үеэр хэллээ.
Эрдэнэцогт суманд малчны үнээний зэлэн дээр нь газар ухах тухай асуудал ч сөхөгдөж байсан. Хоёр жилийн өмнө нэгэн уул уурхайн компани алтны олборлолт хийхээр техник тоног төхөөрөмжөө авчирчээ. Гэвч энэ сумын иргэд, аймгийн засаг, эндээс сонгогдсон УИХ-ын гишүүд тууштай тэмцсэний үр дүнд газраа ухуулахгүй аварч үлдэж чаджээ. Эрдэнэцогт сумын Хүйсийн даваанаас Шар хөтлийн ам хүртэл ухахаар төлөвлөгдсөн байсан ашиглалтын А лиценз ийнхүү ашиглагдахгүй болсонд иргэд талархаж байлаа.
Малчдын нийгмийн асуудлыг шийдэж иржээ
Сумын иргэд малчид руу чигэлсэн ажлыг төрийн түшээдээс тодруулж байлаа. УИХ-ын гишүүн Х.Баттулга энэ салбарт чамгүй олон ажил амжуулсан. Тодруулбал Малчдын Нийгмийн даатгалын шимтгэлийг нэг жилээр тооцож төлдөг байсныг 1,2 жилээр тооцох болсон. УИХ-ын гишүүний малчид руу чиглэсэн өөр нэг ажил бол 2001 оноос 2015 оны хооронд нийгмийн даатгалаа төлж амжаагүй малчдыг даатгалд хамруулах тухай юм. Ингэхдээ малчдын ноосны урамшууллаас 50 хувийг нь, засгийн газар 50 хувийг нь даахаар хуулийн төсөл өргөн барьсан юм.