Аливаа нэг улстөрчийн рейтинг, имижийг өөрчлөх зорилгоор олон нийттэй тодорхой чиглэл, онцлогтойгоор харилцахыг пиар гэдэг гэвэл төдийлэн хэтрүүлэг болохгүй. Олон нийттэй харилцах гэхээр тэрхүү имиж, рейтингийн өсгөх эсвэл буулгахын тулд хэнд зориулж, ямар арга хэмжээ явуулдаг нь ойлгомжтой. Өнгөц харахад бүх зүйл ил цагаан баймаар. Гэвч бодит амьдрал дээр, ялангуяа Монголын улс төрийн амьдрал өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой.
Санал хураалтын маргаашаас дараагийн сонгуулийн кампанит ажил эхэлдэг
Сонгуульд ялсны эсвэл ялагдсаны маргаашаас дараагийн сонгуульд бэлтгэх их ажил эхэлдэг гэдгийг манайхан тэр бүр мэддэггүй. Улс төр судлаачид, шинжээчид хэлээд байхад тоох хүн ч ховор байдаг. Ялсан нь оргилуун дарс буудуулж, ялагдсан нь “водка” уугаад гомдлоо тайлна. Дараагийн сонгуульд бэлтгэх ажил эхлэх ёстой эхний өдөр хоёр тал хоёул “шарталт”-ын байдалтай л маргааштай золгодог. За яах вэ, нэг өдөр юу л болов гэж бодож болох. Энэ ганц хоногийг хоногт тооцохгүй гэсэн хандлага нь явсаар байтал нэг мэдэхэд жил, тэгээд дөрөв дэх жил болж сонгууль өнөө маргаашгүй хаяанд тулсан байдаг. Энэ хугацаанд би юу хийв гээд бодохоор бэлтгэл ажил юу ч хийгдээгүй. Гэхдээ...
Сонгогчдыг хүндлэгчид
Монголын улстөрчид бүгд ингэж боддог гэвэл алдас болох биз. Ялсан өдрийнхөө маргаашаас сонгогчдодоо анхаарал тавьж эхэлдэг хүн ч байна. Үүнийг юу ч гэж хэлж болох ч хамгийн багаар бодож сонгогчдоо хүндэлж байгаагийн илрэл юм гэвэл маргах хүн гарахгүй байх. “Таныг миний төлөө саналаа өгсөн гэдгийг би санахын цаагуур санаж байна, хэзээ ч мартаагүй” гэсэн “мессэж”-ийг л сонгогчдод өгөөд байгаа хэрэг. Ийм ч байх ёстой. Өгсөн амлалтаа бүрэн биелүүлээгүй байсан ч тэднийгээ цуглуулаад ийм шалтгааны улмаас ингэж чадсангүй, намайг тийм алхам хийх гэтэл тийм шалтгаанаар хориглоод би чадсангүй гээд сонгогчдоосоо уучлал гуйж болно. Харин бусад нь ...
Сонгогчдыг доромжлогчид
Ялчихаад ганц өдрийг өдөрт тооцохгүй, ганц сонгогчийг сонгогчид тооцохгүй гэж, “би би зөвхөн би, миний нэр төр, миний “бизнес”, миний ар гэр, хамаатан садан” гэж байгаад дөрвөн жил болсны дараа сонгууль албан ёсоор эхлэх болохоор гэнэт ухаан орсон мэт “Миний хайртай сонгогч таны төлөө би...” гээд худал инээгээд ирэхээр сонгогч яаж угтах вэ? Ахиад л сонгогчдыг хошгируулах хэрэгтэй болох нь гэж дөрвөн жилийн хугацаанд олсон тав гурван цаасаа харамлангуй байдлаар хандаж байгаа хүнийг сонгогч хэрхэн хүлээж авах вэ? “Төрцөн юм байна ш дээ би. Та нарын хэрэг надад алга” гэсэн далд бодол нь хуйхыг нь нэвтлээд духан дээр нь ил гараад байгааг харахгүй хүмүүсийг сонгогч юу гэж бодох вэ?
Уг нь өөрөө дөрвөн жилийн дараа дахиад сонгууль болно гэдгийг мэдсээр атал тэр хүний хувьд сонгууль гэдэг гэнэтийн зүйл болж хувирдаг гэвэл онц хэтрүүлэг болохгүй. “Та нар минь надад хэрэгтэй юм байна” гээд эгэл биднийгээ тойгдож эхэлнэ. Ингээд гэнэт сонгууль болох гэж байгааг ойлгож, ухамсарлаад элдэв өнгөөр солонгорсон зурагт хуудас, олон долоон уран үгтэй уриа лоозон бүхий сонин гаргана.
Хуучин бол худал инээгээд,сонин бичиг, хорь гучин цаас тараагаад явахаар болдог байлаа. Одоо бол харин ийм ов мэх явуургүй болсон. Яагаад гэвэл сонгогчид хашир суусан. Хашир хүн гэдэг харширсан хүнийг хэлдэг гэдэг.
Ганц хүний санал ганцдахгүй гэж гуйж гувшсаар гарч ирсэн хүн ганц сонгогч гэдгийг үл тоохын цаагуур үл тоогоод дөрвөн жил болсон хүнийг тэр үл тоосон ганц сонгогч юу гэж хүлээж авах вэ? Өмнөх сонгуулийн сурталчилгаагаар улыг нь долоох гээд явсан хүн гудамжинд таарахаараа “ганц сонгогч”-ийг танихгүйн дээдээр танихгүй явахаар яах вэ? Хүн юу бодохыг тааж ядах юмгүй. Сонгогчдод ихэмсэг, доромжлонгуй хандах нь улстөрчийн явуургүй болсныг батлах жишээг уншигч та ч цөөнгүй харж байгаа.
Жишээ
Жишээлбэл, УИХ-ын гишүүн, олны танил болоод удаж байгаа нэгэн эрхэм байж гэнэ. Сонгуульд ялсны маргаашаас тойргийн сонгогч бүү хэл, өөрийг нь УИХ-д оруулсан тойрог гэж юу байдгийг ч мартан “би би зөвхөн би, миний хамаатан садан” гэсэн зарчмаар явж байтал нь гэв гэнэт... Гэв гэнэт шүү. Гэв гэнэт сонгууль эхэлж гэнэ. Тэгээд аргагүйн эрхэнд өөрийг нь УИХ-ын гишүүн гэсэн асар өндөрт хүргэсэн тойрогтоо хүрээд ирж. Өмнөх байдлаараа худал инээж, уран гоё үг хэлэн хошгируулж, олон өнгийн сонин хэвлүүлж. Тэр бүгдэд нь “Би би, миний миний” гэдэг хүн гэнэт “Манай манай, бидний, бидний” гэчихэж. Үүний хариуд сонгогчид нь лонх, сав шидэлж, элдэв таагүй үгээр угтсан гэнэ. Нөгөө эрхэм маань сонгогчдынх нь энэ авирыг хараад асар ихээр бухимдан уурлаж. “Миний эсрэг хар пи-ар явууллаа”, “Намайг гүтгэх кампанит ажил эхэллээ” гэж ирээд л тун их хилэгнэсэн юм байх. Өөрөөр хэлбэл сонгогчдыгоо өөрийн гэсэн ухаангүй, ухамсаргүй, хэн пиар явуулна түүнийх нь талд ордог мулгуу гэж уурлаж. Хэн хэний эсрэг хар пиар явуулсан байх вэ? Бодит байдал дээр тэр эрхэм сонгогчдоо үл тоон доромжилж дөрвөн жил юу ч эс хийсэн, эс үйлдсэн гэдгээрээ өөрөө өөрийнхөө эсрэг бүтэн дөрвөн жилийн турш хар пиар хийсэн. Тэр пи-ар нь тун ч үр дүнтэй байсан гэдэг нь л харагдаж байгаа төдий.
Бие даагчид
Бие даан нэр дэвшиж байгаа хүмүүсийн дунд ямар ч хамаагүй дуулиан дэгдээж олны анхаарлыг татвал ялна гэсэн төөрөгдөл яваад байгаа бололтой. Тэд ганц хоёр сенсаци хийсэн болоод явах нь Монгол улсын хөгжлийн судсыг барьж байдаг гол байгууллага УИХ эсвэл орон нутгийн хууль тогтоох гол байгууллагад гишүүнээр сонгогдоход хангалттай гэж үздэг юм шиг байна. Зарим нь жил тойрон дуулиан, хэрүүл маргааны бай болохыг сонгогдох үндсэн хүчин зүйл гэж үзэх болж. Ийм зүйл үнэхээр болдог байсан. Гэхдээ урьд нь, өмнөх сонгуулиудын үеэр. Одоо дан ганц сенсаци хангалтгүй. Одоо хүн бодит хийсэн зүйлийг тань л харж сонгоно. Халтар хэдэн цаас, худал үнэн нь мэдэгдэхгүй хоосон дуулианаар сонгогчдыг хуурдаг цаг өнгөрсөн. Үүнийг ухамсарлаж ойлгоогүй, сонгогчдоо үл тоодог, тэднийг ухамсаргүй, юу л бол юу хэлэхэд хөөрөөд саналаа өгдөг гэх бодолдоо хөтлөгдөн зарим нь эхнээсээ буруу сувгаар бусармаг бичлэг тараагаад эхэллээ. Зарим нь бүр санаа шулуудаад сонгуулийг хялбар аргаар баяжих тун таатай боломж гэж харах гэж оролдсон бололтой. Хүн болгоны анхаарлын төвд байгаа дуулиан үүний нэг жишээ.
Бие даагчид дөрөв биш юм гэхэд ядаж жилийн өмнө УИХ эсвэл орон нутгийн ИТХ-д нэр дэвшинэ гэж хариуцлагатайгаар мэдээлж, өөрийг нь асар өндөрлөгт гаргах ганц сонгогчийн төлөөх амаргүй өрсөлдөөнд ухамсартайгаар оролцоогүй гэдгийг сонгогчид тун сайн мэдэж, мэдэрч байгаа. Дийлэнх нь л “гэв гэнэт” гараад ирсэн. Гэв гэнэт гарч ирэх болсон шалтгаанаа бүгд “Та нарынхаа төлөө хийж байгаа буянт үйл хэрэг. Та нар намайг мэднэ. Би зөндөө олон удаа сенсацийн эзэн болж зурагтаар гарсан, сошиал ертөнцөөр мэдээ цацсан. Намайг дэмжвэл та нарт буян болно” гэсэн утгатай зүйл ярьж байгаа нь нийтлэг харагдаж байна. Их улс төрд орох гэхээр ийм яриа, хуучин сенсаци энэ тэр хангалтгүй гэдгийг эхний алхмаа хийгээд л бүгд ойлгож эхэлдэг.
Өөрийг нь таньдаг мэддэг хүн олон мэт боловч бодит байдал дээр, яг тухайн тойрогт нь мэддэг хүний тоо хангалтгүй байх гэсэн нэг асуудал гарна. Улсын хэмжээнд нүсэр том сенсаци дэгдээж, олон хүнийг гэрэлд цохиулах нэг өөр. Үүнийх нь тулд олон хүнтэй баг ажилладаг, сенсаци дэгдээхдээ камерын өмнө, ширхэг ч тоосгүй цэвэр студи дотор, тухтай газраа тогдойн суух нэг өөр. Хэлж ярьж байгаа зүйлийг нь хүмүүс хэрхэн хүлээн авч байгааг агшин зуур мэдрэх боломжгүй, шууд хэлвэл ийм агшин зуурын хариу илрэлээс хамгаалагдсан орчинд илчлэгч, тэмцэгч байх нэг өөр. Харин өөрөө нэр дэвшээд тухайн тойргийн хүмүүстэй нүүр тулаад, улсын хэмжээний ерөнхий бус харин яг тухайн тойрог, тэр гудамж, хашаа, орцны хүмүүсийн асуудалтай тулгарна гэдэг “ш-а-а-ал ө-ө-өр”. Тиймээс энэ удаад нэрээ цэвэрхэн авч гараад дараагийн ахламдаа бэлдэх нь хамгийн зөв шийдэл. Тэгвэл яах ёстой вэ? Энэ талаар янз бүрийн л санал гарах нь ойлгомжтой гэхдээ...
Онол
Онолын хувьд бие даагчид наанадаж сонгогчдоо, сонгуулийн тойргоо маш сайн судалсан байх шаардлагатай. Намаас нэр дэвшигчдийн хувьд тэдний цаана “нам” гэсэн олон мянган гишүүдтэй, мэргэжлийн багтай том институц ажилладэг тул тэдэнд заах нь илүүц. Харин бие даагчид өөрт нь ч өрөөлд ч хэрэггүй бохир хар пи-ар явуулахын оронд онолын хувьд сонгуульд бэлдэх ба өрсөлдөхийг судлаачид юу гэж үзсэн байдгийг хүргэх нь зүйтэй байх. Ингэснээр наанадаж сонгуульд нэр дэвших шийдвэрийг гэнэт нэг өглөө орондоо хэвтэж байтал нь эхнэр чимхээд муухай харсны дараа гаргаагүй гэдгээ харуулна. Цаашлаад, ИТХ ба УИХ гишүүний суудлын төлөө өрсөлдөхдөө дэмий хар пи-ар явуулах шаардлагагүй болно. Юуны өмнө хамгийн багадаа 1,5 жилийн өмнө шийдвэрээ зарлах хэрэгтэй. Ингэснээр өөрөө үг, яриа, үйлдлээ хянах сэдэлтэй, болгоомжтой болно. Дараа нь, дэмжигчид, хандивлагчдыг тодруулна. Цаашилбал:
1. Нэр дэвшихээр сонгосон тойргийн оршин суугчдын өмнө тулгарч байгаа асуудлуудыг судална, тодруулна. Тасралтгүй. Цас ороход хэт халтиргаатай болдог шатнаас эхлээд
2. Шийдэх хүч, боломж хүрэхийг нь бага гэлтгүй шийдэхийг хичээнэ.
3. Тухайн тойргийн өмнөх сонгуулийн сонгогчдын статистикийг судална.
4. Тухай тойрогт ямар нэгэн нийтлэг эрх ашигтай гэдгээрээ бусдаас харьцангуй илүү зохион байгуулалттай гэдгээрээ онцлог нийгмийн бүлгүүдийг тодруулна.
5. Болзошгүй өрсөлдөгчдийн талаарх судалгаа явуулна. Сонгуулийн үеэр гэнэт тун ч таагүй бичлэг тараахыг үүнд хамруулахгүй. Харин ч эсрэгээр иймэрхүү бохир зүйлсийг ашиглахаас эрс татгалзах хэрэгтэй. Жудаггүй загнадаг хүмүүст монголчууд хэзээнээсээ дургүй.
6. Болзошгүй өрсөлдөгчдийг дэмжих сонгогчдын давхарга, тэдний ашиг сонирхлыг судална.
7. Сонгуулийн тойрогт бүртгэлтэй хүмүүсийн албан ёсны тоог тодруулж, баталгаажуулна.
8. Нэр дэвшихэд сонгогчдын зүгээс үзүүлэх хариуг тодорхойлохын тулд давхарга бүрийн төлөөлөгч бүхий бүлгийг тодруулан уулзалт явуулна.
9. Ямар төрлийн ухуулга сурталчилгаа явуулбал тухайн тойргийн сонгогчид илүү таатай хүлээн авахыг тодруулна.
10. Сонгуулийн тойрогт өөрөө эсвэл өрсөлдөгчийн дайчилж болох засаг захиргааны нөөц боломжийн талаарх судалгаа явуулна.
Энэ мэтчилэн сонгуулийн кампанит ажил явуулах онолын загварчлал маш олон. Энэ бүхнийг уншихаар таагүй сэтгэгдэл төрж болох ч хулгайд алдсан утаснаас хувийн нууцтай бичлэгийг гэнэт олоод түүнээ илчлэхээр сүрдүүлж, өөрөөр хэлбэл шантааж хийж нэрээ “баастаж” байснаас л дээр.