Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын улс төрд праймериз үгүйлэгдэж байна

Б.БАДРАЛ

Праймериз буюу сонгууль эхлэхийн өмнө намын дотоодод явагддаг урьдчилсан сонгууль Монголын улс төрд яагаад үгүйлэгдэж байгаа нь олон зүйлээс харагдаж байна.

Сонгуулийн үеэр намууд улс орон, хот суурин, сум багийн тухайн үеийн нөхцөл байдлыг хэрхэн өөр өөрийн үзэл баримтлалын үүднээс харж байгаагаа иргэдэд таниулдаг. Улмаар энэхүү байр суурины үүднээс тулгарсан, ирээдүйд тулгарах магадлал өндөр асуудал зэргийн шийдэл, цаашид нөхцөл байдлыг улам сайжруулахын тулд авах ёстой арга хэмжээ зэргийн үндсэн бодлогоо тайлбарладаг, давуу гэдгийг нь иргэдэд ухуулдаг, энэ бүхнийг хэрэгжүүлэх хүн нь гээд нэг хүнийг заадаг тогтолцоонд шилжээд 26 жилийн нүүр үзэж байна.
Энэ тогтолцоог цэвэр “формалдсан”, намын гишүүдээ болон сонгогчдыг үл тоосон хандлага гэж болно. Яагаад “формалдсан хандлага”, амьтай голтой, амьсгалж амьдардаг, сэтгэж боддог бүхэл бүтэн хүнийг яаж үгүйсгэдэг юм бэ гэсэн асуулт ч гарч ирэх нь зүйн хэрэг.

Тэр намын үзэл бодлыг хэн боловсруулсан, гарч ирж байгаа хүнийг хэдэн гишүүн дэмжсэн гэдэг нь ойлгомжгүй тул формалдсан гэж хэлж буй. “Нам” гэдэг амьгүй нэрийн цаана “гишүүд” гэж нэрлэгддэг олон мянган хүн байдгийг үл тоосон. Гишүүн бүр хувь хүн, өөрийн үзэл бодолтой, ухамсартай гэдгийг үл тоон, баллаж “амьгүй албат”  болгож байгаа хэрэг. Амьгүй албатаас бүрдсэн нам гэхээр шууд л ямар ч амьдралгүй, амьсгалгүй аварга том машин, автомат төхөөрөмж төсөөлөгдөнө.

Ардчилсан хувьсгалаас өмнөх 70 жил яг л ийм байдал ноёлж байсан гэдгийг монголчууд сайн мэднэ. “Намын шийдвэрээр”, “намын төв хорооны саналыг намын гишүүд 100 дэмжсэнээр” гэсэн улиг болсон үгээр бүгдийг шийддэг байсан цаг. Ийм “формалдсан” хандлагатай үед намын гишүүд нь юу хийгээд, хэний боловсруулсан ямар бодлогын төлөө саналаа өгөөд, хэн гээчийг дэмжээд байгаагаа ухамсарлаж ойлгодоггүй, зүгээр дэмжих үүргээс цаашгүй, жинхэнэ утгаараа “намын гишүүн” гэх нэрнээс цаашгүй амьгүй албат байлаа.
Формалдаж, хүнийг үл тоож байгаагийн дараагийн нэг илрэл нь сонгуулийн өмнөх кампанит ажилтай шууд холбоотой. Тодруулбал, сонгуулийн кампанит ажлын үеэр намууд байр сууриа сурталчилж, нэр дэвшигчдээ тодруулахдаа бусад үед сонгогчдын хараанаас далд байдаг намын дотоод амьдралтай холбоотой нууцаа хүссэн хүсээгүй олон түмэнд дэлгэн харуулдаг гэдгээ тэр бүр ухамсарладаггүй.
Гэтэл сонгогч гэх ерөнхий нэрний цаана байгаа хувь хүн тэнэг биш. Тухайн намын дотоод амьдрал ямар байдгийг хараад өөрийн гэсэн дүгнэлт хийж л байгаа.

Тэгээд мэдээж намын бодлого, байр суурь, хөтөлбөр хамгийн гол нь хийж бүтээсэн зүйл зэрэгтэй харьцуулан үзэх нь гарцаагүй. Энэ бүхнийг л зарим нам тооцож үзэхгүй байна. Жишээлбэл, ардчиллыг чухамхүү хөгжүүлэх нь бид, биднийг сонговол цэнгэлийн манлайд хүрнэ гээд байгаа нэг нам байна гэж бодъё. Сонгуулийн хөтөлбөр, эрх баригчдаа шүүмжилж байгаа нь лут. “Амьгүй албат” унших юм бол “пээ, энэ хүнийг чинь л сонгоё” гэмээр мундаг юм амлана.
Манай намын тогтолцоо жинхэнэ ардчилсан гэж ухуулна. Өнгөц харахаар тийм ч юм шиг. Тэгээд сонгуулиар нэр дэвшигчдээ тодруулаад олон түмэнд танилцуулаад эхлэхээр нэр дэвшигчид нь намын даргаас гадна  ээж, эхнэр нь, хүүхэд нь, эхнэрийнх нь дүү нь гэх мэтээр бүгд нэг гэр бүлийн хүмүүс. Хөндлөнгийн хүн нэг ч байхгүй нь ил болно.

Ухаант хүн, жинхэнэ сонгогч бол энэ байдлыг хараад намын дотооддоо ардчилал байхгүй нам яаж улсын дотоодод ардчиллыг хөгжүүлэх юм бол гэх эргэлзээ хамгийн наад зах нь төрнө. Дараа нь, энэ намынхан намайг юу ч ойлгож чаддаггүй, хэлсэн болгоныг үг дуугүй дагадаг “амьгүй албат”, “нэр төдий сонгогч” гэж үл тоож байгаа юм байна гэсэн бодол урган гарч ирнэ.

Ийм байдал ардчилсан тогтолцоо гэдэгтэй яагаад ч нийцэхгүй нь ойлгомжтой. Тийм ч учраас ардчилал бэхжсэн, сонгогчдоо хүндэлдэг улс орнуудад сонгууль албан ёсоор эхлэхээс өмнө праймериз гэж нэрлэгддэг намын дотоод дахь урьдчилсан сонгуулийг ил тодоор явуулдаг тогтолцоо бий. Намаас аливаа нэг албан тушаал, орон нутгийн болон бусад сонгуульд дэвшигч тодруулахдаа эхлээд дотооддоо сонгууль явуулна гэсэн үг. Ингэснээр тухайн албан тушаалд өрсөлдүүлэхээр тодруулах хүн нь эхлээд намын дотоодын шударга сонгууль, өрсөлдөөнөөр гарч ирж байгаа гэдгээ харуулна. Өөрөөр хэлбэл, эхлээд намын гишүүдийнхээ санал бодол, байр суурийг хүндэлж байгаагаа харуулна. Намын дотоодод нь ардчилал байгаа гэдгийг харуулна. Праймериз ил тод явагдан олон нийтэд дэвшигчийг танилцуулснаар сонгогчдыг хүндэлж байгаагаа давхар харуулна. Сонгуульд ялбал ямар хүн тухайн албан тушаалд тохогдон томилогдох гээд байгааг харснаар сонгогч “амьгүй автомат машин”-ы тодруулсан хүнийг бус амьд хүний тодруулан гаргаж ирсэн хийсэн юмтай, хэлэх үгтэй хүнийг сонгох боломж байгаа юм байна гэдгийг харж байгаа хэрэг.

Праймериз явуулах тог­тол­цоо нь сонгуульд нэр дэвшигчийг хавьгүй илүү нэр хүндтэй бөгөөд сонгогчдод илүү хүлээн зөвшөөрөгдсөн байдлаар оролцох эрх олгож байдгаараа маш том давуу талтай гэдгийг судлаачид онцолдог. Намын дотор, намын нэр дэвшигчдийн дунд хамгийн нэр хүндтэй хүнийг сонгож байгаа болохоор арга ч үгүй биз.
Праймеризийн тогтолцоо хамгийн их хөгжсөн улс нь АНУ. Америкийн Ардчилсан ба Бүгд найрамдах намууд тус бүртээ  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хамгийн шилдэг хүнээ тодруулахаар улсаа бүхэлд нь хамарсан праймериз явуулж байгааг дэлхий даяар ажиглаж сууна. АНУ төдийгүй Канадад голлох бүх нам, бүх шатны сонгуульд оролцохдоо праймеризийн заавал ашигладаг. Америкт гэхдээ ардчилсан тогтолцоот улс гэдгээ онцлон муж болгон өөрийн онцлог, өөрийн сонгуулийн хуульдаа тохирсон праймериз заавал явуулдаг дүрэм журамтай. Нэг муж улсад намуудын праймеризт тусгайлан заагдсан сонголт хийгчид оролцдог байхад өөр мужид нь мужийн бүх иргэд оролцдог байх жишээтэй. Америкт зөвхөн Ерөнхийлөгчийн гэлтгүй бүх шатны сонгуульд хэрхэн ашиглагддагийн жишээ нь 2014 онд болсон парламентын доод танхим буюу конгрессын сонгуульд оролцогчдыг тодруулах Ардчилсан нам ба Бүгд найрамдах намуудын праймериз. Энэ праймериз 714 тойрогт болсон. Ингээд зогсохгүй тойрогт ганцхан нэр дэвшигчтэй, өөр сонголт хийх боломж илэрхий үгүй байсан ч праймериз явуулах ёстой байсан.

Праймеризийг ардчилсан тогтолцоог бэхжүүлэх, хөгжүүлэх гол зарчмын нэг гэдгийг улс орны улс төрийн тогтолцоонд хуульчлан заасан орнууд ч байна. Жишээлбэл, Латин Америкийн Аргентин, Уругвай гэсэн хоёр улсад бүх л намууд сонгуулийн өмнө заавал праймериз явуулж байх ёстой. Өөрөөр хэлбэл, бүх шатны сонгуульд оролцох гэж байгаа намууд эхлээд заавал нам дотроо урьдчилсан сонгууль явуулж шилдгээ тодруулж байх үүрэгтэй. Ингээд зогсохгүй Аргентины сонгуулийн хуулиар намуудын праймеризт сонгогч болгон заавал оролцох ёстой. Энэ хуулийг анх удаа зөрчсөн сонгогчийг 3,5 ам.доллараар, давтан зөрчвөл 7 ам.доллараар торгодог.

Их Британийн Лейборист намынхан рейтингийн санал хураалтын систем хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, праймеризт оролцож байгаа сонгогчид нь нэр дэвшигчдийг өөрийн саналыг өгөх жагсаалтын дарааллаар буюу рейтинг өгч жагсаадаг. Лондон хотын мэрийн сонгуулийн праймеризт Лейборист намын гишүүд, намыг дэмждэг үйлдвэрчний эвлэлийн гишүүд оролцож байснаас гадна гишүүн бус дэмжигчид нь саналаа өгөхийн тулд 3 фунтын хандив өргөж байсан.
Харин Их Британийн Консерватив нам арай өөр загвар ашигласан. Праймериз намын сонгогчдын жагсаалтад бүртгэлтэй Лондон хотноо байсан бүх сонгогч оролцохыг зөвшөөрсөн. Гэхдээ 1 фунт төлөөд праймеризт оролцох нөхцөлтэй.
Францад анхны нээлттэй праймеризийг 2011 онд болсон Ерөнхийлөгчийг сон­­­гуульд нэр дэвшигчийг тодруу­лах зорилгоор Социа­лист намынхан явуулсан. Нээлттэй праймериз гэдэг нь зөвхөн намын гишүүд гэлтгүй нам бус иргэд ч санал өгдгөөрөө ялгаатай. Хаалттай праймеризт зөвхөн намын гишүүд оролцдог. Ингэхэд Социалист намын явуулсан нээлттэй праймеризт 3 сая хүн буюу нийт сонгогчдын 6,5 хувь нь оролцсон байна. Праймеризт оролцсон сонгогч болгон 1 еврогийн хандивыг намд өгсөн, өөрөөр хэлбэл 1 евро төлсөн. Праймеризээр сонгогчдын 50 хувиас илүү санал авсан нэр дэвшигч ялах болзолтой тул шаардлагатай тохиолдолд хоёр дахь шатны праймериз явуулах боломжтой байсан. Эхний шатанд ялагч тодроогүй бөгөөд хоёр дахь шатны праймеризээр 54,8 хувийн санал авсан Франсуа Олланд Социалист намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр тодорсон. Улмаар Ерөнхийлөгчийн сонгуулиар ч Олланд ялсан. Праймериз явуулалгүйгээр шууд нэр дэвшигчээр намаасаа гарч ирсэн түүний өрсөлдөгч “Ард түмний хөдөлгөөний төлөөх холбоо” намын тэргүүн байсан Николя Саркози Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан.

Ийнхүү нээлттэй праймериз явуулах нь намыг, намаас шилэгдэх нэр дэвшигчийг сурталчлах, олонд таниулах тун сайн хэрэгсэл гэдэг нь харагдсан. Иймд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор зэхэж байгаа “Ард түмний хөдөлгөөний төлөөх холбоо” буюу шинэ нэрээр Бүгд найрамдахчуудын нам өрсөлдөгчтэйгээ адил нээлттэй праймериз явуулахаар болсон байна. Францын Бүгд найрамдахчуудын на­мын праймеризт оролцох сонгогч болгон 2 евро төлөх бөгөөд “Би  барууны ба төвийн үзэлтнүүдийн бүгд найрамдахчуудын үнэт зүйлсийг зөвшөөрдөг” гэсэн өгүүлбэр дор гарын үсэг зурах ёстой болох аж.
Франц, Их Британид болсон намуудын праймеризт оролцохын төлөө сонгогчид мөнгө төлсөн явдал ихээхэн анхаарал татаж байгаа нь ойлгомжтой. Яагаад намын дотоод сонгуульд оролцохын төлөө намын гишүүн бус хүн мөнгө төлөх ёстойг Монголд тогтсон байр сууринаас харвал огт ойлгомжгүй. Гэвч улс төрийн өндөр соёлтой улсад буюу иргэд нь хэний төлөө, юуны төлөө, яагаад саналаа өгч байгаагаа сайтар ухамсарладаг тул үүнийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Энэхүү төлбөр гээд байгаа нь үнэн хэрэг дээрээ намд өгч байгаа хандив. Энэхүү хандиваар хуримтлагдсан мөнгийг цаашид шилэгдсэн нэр дэвшигчийн кампанит ажилд гэх мэт ашиглаж болно. Учир нь, энэхүү хандивыг хожим ирэх ашиг хонжоо харалгүй, ил тод байдлаар, сайн дурын үндсэн дээр өгч байгаа юм.
Энэ бүхнээс үзэхэд праймериз нь наандаж л Монголд хурцаар тавигдаж байгаа намын санхүүжилтийг тунгалаг болгоход хувь нэмэр оруулна. Цаашилбал, дотооддоо ардчиллыг хөгжүүлж байна гэдгээрээ жирийн гишүүд буюу ард түмний оролцоо нам дотор нэмэгдэнэ. Дотооддоо сонгуулийн өмнө нам дотроо праймериз явуулснаар жинхэнэ гарч ирэх ёстой хүн сонгуульд нэр дэвшиж байна гэдгийг ард түмэнд харуулна. Улмаар намын удирдлагын итгэл төрүүлсэн, хүлээн зөвшөөрөгдсөн байдал нэмэгдэнэ. Амьгүй автомат биш амьд хүн сонгож байгааг ил тодоор харуулаад ирэхээр буюу праймеризийг явуулснаар сонгуульд хандаах сонгогчдын сөрөг хандлага өөрчлөгдөнө гэдэг нь хамгийн чухал. Сонгууль гэхээр “ чанга яригчаар орилж, хаалга тогшин амраадаггүй ядаргаа эхэллээ” гэсэн хандлага өөрчлөгдөөд ирэхээр сонгогчдын зүгээс сонгуульд оролцох хариуцлага нэмэгдэнэ. Сонгогдсон улстөрчдийн ч хариуцлага гарцаагүй нэмэгдэнэ. Тэгэхээр улс төрийн намууд эхний ээлжинд ядаж л намын дүрмэндээ өөрчлөлт оруулж праймериз явуулах боломжийг гаргаж ирэх ёстой. Ийм алхам хийхгүй өөрийн гишүүд ба сонгогчдыг үл тоосон “формалдсан” өмнөх хувилбараар яваад байвал нэг өдөр сонгогчид “сонгууль хэрэггүй” гэж хэлэхийг үгүйсгэх аргагүй. Монголын улс төрд праймериз үгүйлэгдэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан