Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Содгэрэл: Эрчүүд оюуны ядууралд орчихож


Залуу гэлтгүй олон арван жил ханилсан эхнэр, нөхрүүд “үл ойлголцох болсон” гэсэн шалтгаанаар гэр бүлээ цуцлуулах нь ихэсчээ. Үүний уршгаар ганц бие ээжүүд гэдэг нийгмийн бүлэг үүсч, “хойд аав”, “дагавар хүүхэд”-ийн тоо нэмэгдсээр. Баянзүрх дүүргийн долдугаар хорооны нийгмийн ажилтан Т.Содгэрэлтэй  уулзаж ярилцах үеэр тэрээр ингэж ярьсан юм.

Уг нь бид “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд энэ оны эхний хоёр улирал дамнан хэрэгжсэн “108*152” төслийн үр дүнг ярилцахаар болзсон ч төслийн талаар эхэлсэн бидний яриа эрхгүй гэр бүлийн асуудал руу гулгаад орчихсон нь энэ.

-Хүүхдийн тусламжийн утас 108-ыг хүүхэд гэлтгүй, хүн бүр мэддэг болж. “108*152” төслийн зорилго, үр дүнгийн талаар яриагаа эхэлье?

-Хүүхдийн тусламжийн 108 утсыг  хүүхдийн эрхийн зөрчлийн талаар иргэн, байгууллагаас мэдээлэл хүлээн авч, туслах, шуурхай мэргэшсэн үйлчилгээнд холбох, хяналт тавих зорилгоор ажиллуулж эхэлсэн. Төслийн хүрээнд есөн дүүргийн 152 хорооны нийгмийн ажилтнууд өөр өөрийн хороонд хаягласан шийдвэрлэхэд хүндрэлтэй, төвөгтэй, ээдрээтэй байсан хэргүүд дээр  Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын мэргэжилтнүүдтэй хамтарч  ажилласан. Ингэснээр нийгмийн ажилтнуудын ур чадвар ахьсан. Мөн гэр бүлийн шинжтэй хэрэг дээр хэрхэн ажиллах талаар нэлээд туршлагатай болсон.

-Гэр бүлийн шинжтэй гэхээр гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчил гээд “хаалттай хаалга”-ны цаадах асуудлууд гэж ойлгож байна. Тухайн иргэн, айлын хувийн асуудал гэж үздэг болохоор энэ талаарх бодит жишээ, мэдээлэл хомс байдаг. Иргэн бүртэй тулж ажилладаг хүний хувьд жишээ хэлж болох уу?

-Гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл цуцлах болон хүүхдийн эсрэг гэмт хэрэг гэж ойлгож болно.  Гэр бүлийн асуудал их нарийн төвөгтэй. Энэ дундаас гэр бүл салалтыг онцолж яримаар байна. Нэг жишээ татахад 37 жил ханилсан гэр бүлийн хоёр гэрлэлтээ цуцлуулахаар захиргааны шүүхэд хандсан байгаа юм. Ахимаг насны гэр бүл учраас бага насны хүүхэдгүй, хүүхдүүд нь нас биед хүрчихсэн, гэр бүлийн хүчирхийлэл дарамт шахалт байна уу гэхээр үгүй.

Тэгээд бид энэ хэргийг зориуд  тандаж судалсан юм.  Үүний дүнд хэд хэдэн гаргалгаа гаргаж, шийдвэрлэсэн. Хөгшрөхийн хэрээр хүний ааш зан, бие физиологт өөрчлөлт гарч, үзэл бодол таарч тохирохоо больж, бүхий л асуудал дээр санал зөрөлдөж эхэлснээр эцэстээ үл ойлголцолд хүрдэг юм байна. Ийм шалтгаанаар олон жил ханилсан эхнэр, нөхөр хоёр гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд хандсан байсан. Гэтэл эд хөрөнгийн маргаантай байсан учраас захиргааны журмаар асуудлаа шийдвэрлүүлэх боломжгүй болсон. Уг нь иргэний хэргийн журмаар асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой байсан юм билээ. Салбар дундын мэргэжилтнүүдийн уялдаа холбоогүй, иргэдийн хуулийн мэдлэг дутмагаас тухайн гэр бүл Иргэний шүүхэд хандаагүй байгаа юм. Эндээс өмгөөлөгчид үйлчлүүлэгчдээ буруу чиглүүлж байгаа нь ажиглагдсан.

-Гэр бүл салах нь энгийн үзэгдэл болсны нэг л  жишээг та дурдлаа. Үүний цаана олон жишээ байгаа байх даа?


-Нийгмийн ажилтнаар тав дахь жилдээ ажиллаж байна. Нийгмийн ажилтан тухайн хорооныхоо иргэн бүртэй тулж ажилладаг. Хэний хэн хаашаа явж, хаана суралцаж, хэнийд ямар асуудал тулгараад байгаа талаар нийгмийн ажилтан л мэддэг. Сүүлийн жилүүдэд гэр бүл салах нь энгийн үзэгдэл болж. Үүнээс үүдэн өрх  толгойлсон ээжүүдийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Энэ ээжүүд хамтран амьдрагч л сонгож байна. Гэтэл тухайн хамтран амьдрагч нь хэсэг хугацааны дараа өөрчлөгдөж эхэлдэг. Сэтгэлзүй, эд хөрөнгө, орон байрны хувьд хүүхэдтэй болоход бэлэн бус хүн гэнэт олон хүүхэдтэй болоод ирэхээр уурлана, бухимдана, цаашид хамтран амьдрах итгэлгүй болно. Үүнээс үүдээд гэр бүлийн хүчирхийлэл гарна. Тухайн хэргүүдтэй танилцаад, судлаад үзэхээр ихэвчлэн эрчүүдтэй холбоотой байдаг. Эрчүүд маань эхнэр нөхөр, гэр бүлийн нарийн нандин харилцааг ухаарахгүй, ойлгохгүй байна. Залуу гэлтгүй ахимаг насныхан хүртэл шүү. Эрчүүд оюуны ядууралд орсон байна. Нэгэнт л нэг гэр бүл болж зовлон, жаргалаа хуваалцан хамтран амьдарч байгаа бол дагавар гээд цоллоод байгаа эхнэрийнхээ хүүхдийг өөрийн үр хүүхэд мэт хайрлах л хэрэгтэй. Гэвч үүнийг хөгшин, залуу гэлтгүй эрчүүд маань ойлгохгүй байна. Эрчүүд хүүхэдтэй хүнтэй суухдаа л өөрийгөө “хойд эцэг”, эхнэрийнхээ хүүхдийг “дагавар хүүхэд” гээд харчихдаг юм болов уу. Тэгээд энэ байдлаасаа гарч чадалгүй ямар нэгэн хэлбэрээр хүчирхийлэл үйлддэг. Ээжид нь сэтгэл санаа, биеийн дарамт үзүүлдэг байх жишээтэй. Ихэвчлэн хойд эцэгтэй хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг нь үүнтэй холбоотой.

-Ихэвчлэн нийгмийн аль бүлгийн эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байх юм. Танай хорооны хувьд?


-Манай хороо долоон мянга орчим хүн амтай. Үүний тал хувь нь буюу 3300 орчмыг 0-18 насныхан эзэлдэг. Иргэдийн амьжиргааны түвшин дундаж гэж хэлж болно. Амьжиргааны түвшин доогуур амьдралтай айл ховорхон. Бараг байхгүй. Үүнийгээ дагаад гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг үйлдэгдэх гэмт хэрэг бусад хороодтой харьцуулахад харьцангуй бага. Хорооны үндсэн оршин суугчдаас илүүтэй орцны жижүүр, түрээсийн байранд амьдарч буй иргэд  гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдох нь их.  Эрхэлсэн тодорхой ажилгүй, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэд ихэвчлэн жижүүрээр ажилладаг. Дээрээс нь олон хүүхэдтэй өрх толгойлсон эхчүүд. Мөн гэр хорооллын, хөдөөнөөс шилжилт хөдөлгөөн хийгээд ирчихсэн, хотод байрлах газаргүй иргэд хямд үнэтэйгээр нь подвалийн өрөө түрээслэдэг. Энэ  хүмүүс гэмт хэрэгт холбогдох нь их шүү.

-Хүүхдийн тусламжийн 108 утас ажиллаж эхэлснээр ямар ахиц гарав. Мэдээж хүүхдийн эрх ямар нэгэн байдлаар зөрчигдөхөөс сэргийлж чадаж байгаа байх.

-Хүүхдийн тусламжийн 108 утас ажиллаж эхэлснээр хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, зөрчигдсөн тохиолдолд ахин өртөхөөс хамгаалж, хамгаалалтад авч, нөхөн сэргээх эмчилгээнд хамруулж чадаж байгаа. Эхэн үед 108 утсанд хажуу айлын хүүхэд нь уйлах төдийд ханддаг байсан. Дуудлагын дагуу нөхцөл байдалтай танилцахаар очиход хүүхэд аав ээжийнхээ утсыг авах гэж, тоглоом, чихэр нэхэх зэргээр уйлсан тохиолдлууд байдаг л байсан. Энэ тохиолдолд “өө тийм үү” гээд тоолгүй өнгөрчихдөггүй. Тухайн айлдаа тандалт хийдэг. Хүүхэд хэр давтамжтай уйлж байна, гэр бүлийн орчин нөхцөл хүүхдэд ээлтэй эсэх гээд олон зүйл дээр судалгаа явуулдаг. 108 утсанд нэг л удаа бүртгэгдсэн бол тухайн айлыг хяналтдаа авдаг. Бид өөрсдөө очих юм уу, хөршөөр нь дамжуулан мэдээлэл цуглуулдаг. Манай хороон дээр гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчсөн хэрэгтэй холбоотой дуудлага сард 3-4 ирдэг. Мөн 108 утсыг мэдэхгүй зарим нэг иргэн цагдаагийн 102 утсанд ханддаг. Манай хороо Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст харьяалагддаг. Тус хэлтэст гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тасаг гэж бий. Тус тасгаас манай хороонд гарсан гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэргийн мэдээллийг ирүүлснээр бид хэргийн мөрөөр ажилладаг.

-Ямар төрлийн дуудлага голчлон ирдэг вэ?


-Янз бүр. Ихэвчлэн үл хайхрах, бие махбодийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага ирдэг. Мөн зарим тохиолдолд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн дуудлага, мэдээлэл ирдэг  л юм

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан