Ж.ГЭРЭЛЧУЛУУН
Монголд дэлхийн стандартад нийцсэн эмнэлгийн тоног төхөөрөмж бүхий хувийн хөрөнгө оруулалттай цөөн хэдэн эмнэлэг байдгийн нэг нь Интермед юм. Тус эмнэлэг нь монголчуудын гадаадыг зорих мөнгөн урсгалыг ч тодорхой хэмжээгээр хязгаарлаж чадсан. Ингээд эмнэлгийн гүйцэтгэх захирал Рамсэй Хасантай ярилцлаа.
-Юуны өмнө та өөрийгөө танилцуулахгүй юу?
-Юуны түрүүнд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Рамсэй Хасан гэдэг, эмч мэргэжилтэй. АНУ-ын Чикаго хотын уугуул иргэн. Одоо “Интермед” эмнэлгийн ерөнхийлөгч/ гүйцэтгэх захирлын алба хашиж байна. Колорадогийн их сургуульд анагаах ухааны дээд боловсрол эзэмшиж, Лос Анжелес, Калифорнийн их сургуульд бизнесийн удирдлагын мастерын зэрэг хамгаалсан. Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж байсан ч Төв Азийн оронд ажиллаж амьдарч буй анхны тохиолдол нь Монгол болж байна. 2015 буюу өнгөрсөн оны зургадугаар сард Монголд ирсэн.
-“Интермед” эмнэлгийн үйл ажиллагааны онцлог, цар хүрээ, давуу талыг сонирхвол?
-“Интермед” эмнэлэг маань энэ тавдугаар сард 2 жилийнхээ ойг тэмдэглэх гэж буй шинэ залуу хамт олон юм. Монголын үндэсний томоохон групп компаниудын 100 хувийн хөрөнгө оруулалтаар боссон эмнэлэг. Эмнэлгийн маань барилга ч, тоног төхөөрөмж нь ч өндөр хөгжилтэй орнуудын томоохон эмнэлгүүдтэй эн зэрэгцэхүйц хүчин чадалтай. Манай эмч нарын ихэнх нь Европ, Ази, Хойд Америкт мэргэшил дээшлүүлсэн туршлагатай мэргэжилтнүүд байдаг.
Интермед эмнэлэг нь олон улсад магадлан итгэмжлэгдсэн Юнайтэд Фамили эмнэлгийн (United Family Hospital) сүлжээнд багтдаг. Юнайтэд Фамили эмнэлгийн сүлжээ нь Америк менежменттэй, Зүүн Азид илүүтэй танигдсан, 16 жилийн туршлага хуртлуулсан эмнэлгийн нэгдсэн сүлжээ юм. Бид энэхүү байгууллагын нэг хэсэг байснаар үйлчлүүлэгчдэд маань ач тусаа өгөөд зогсохгүй эрүүл мэндийн салбарын хэмжээнд чанар, аюулгүй байдлын стандартыг шинэчлэн сайжруулж, шинэ төрлийн эмчилгээ үйлчилгээ нэвтрүүлэхэд дөхөмтэй болох юм.
АНУ-ын Чикаго хотод төвтэй Олон улсын магадлан итгэмжлэлийн комисст хандаж, магадлан итгэмжлэл хүссэн Монголын анхны эмнэлэг болж байна. Эмнэлгийн салбарын алтан стандартын илэрхийлэл болсон энэ итгэмжлэлийг хүртэхийн тулд олон улсын эмнэлгүүдэд тавигддаг бүхий л шаардлагыг хангах ёстой болно.
-Манай эрүүл мэндийн салбар урьдчилан сэргийлэх оношилгооны нэгдсэн системгүй, энэ чиглэлийн технолгийн хувьд хоцрогдмол, дутмаг байгаа нь үнэн. Тиймдээ ч өвчтөнүүд зөвхөн мэс засал төдийгүй оношилгоо, шинжилгээнд хамрагдахаар гадаадын улс орныг зорих нь их байна. Танай эмнэлгийн хувьд гадагш чиглэсэн энэ урсгалыг сааруулах тал дээр хэр үр нөлөө үзүүлсэн гэж харж байна?
-“Интермед” эмнэлэг анх байгуулагдахдаа л Монголд байхгүй оношилгоо эмчилгээний үйлчилгээ, тоног төхөөрөмж нэвтрүүлэх зорилго тавьж байсан. Зорилгоо биелүүлэхийн тулд өндөр түвшинд бэлтгэгдсэн эмч мэргэжилтнүүдээ зах зээлд байгаа хамгийн шилдэг гэсэн тоног төхөөрөмжөөр хангах ёстой. Харин бид одоо тэр өндөр технологи болоод чадвар туршлагыг хослуулж, Азийн бусад хотоос хавьгүй хямд өртгөөр үйлчилгээ үзүүлж байна. Тиймдээ ч хилийн чанадыг зорьж эмчилгээ хийлгэхээс илүүтэй манайхыг сонгодог болоод байна. Гадаадад мэс засал хийлгэхээр шийдсэн өвчтөнүүдэд ч бид бүрэн оношилгоо хийж, шинжилгээний дүн, оношийг нь англи хэлээр, дижитал хэлбэрээр бэлтгэн, дэлхийн аль ч эмнэлэг рүү илгээж өгч байна.
-Сүүлийн үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэлтэй ажиллах мэргэшсэн боловсон хүчний хүрэлцээ хэр байгаа вэ. Танай эмнэлэг мэргэжилтэн, боловсон хүчнээ хэрхэн бэлдэж байна. Ер нь монгол эмч нарын ур чадварын тухайд таны бодол?
-Анагаах ухаан, сувилахуйн боловсролын систем барууны чиглэлээр хөгжихийн хэрээр Монголын эрүүл мэндийн салбарт үр дүнгээ өгч хурдацтай хувьсан өөрчлөгдөж байна. Маш олон эмч мэргэжилтнүүд гадаадад мэргэжлээ дээшлүүлэн суралцаж байна. Мэдээж дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг ашиглаж сурах нь чухал. Гэхдээ түүнээс дутахгүй чухал зүйл бол өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт үед оношлоход суралцах нь эн тэргүүний зорилт байх ёстой. Зүрхний шигдээс боллоо гэхэд түүнийг эмчлэх ур чадвар, шаардлагатай тоног төхөөрөмжтэй байна гэдэг маш чухал. Манай эмнэлэг өвдсөн хойно нь эмчилнэ гэдгээс нэг алхам урагшилж, эрт үед илрүүлэн оношилсноор өвчнөөс сэргийлэх эрүүл мэндийн орчныг бий болгохыг зорьж байна. Үүнд хүн амын эрүүл мэндийн боловсрол амин чухал.
Өвчнөөс урьдчилан сэргийлдэг, эрт үед нь эмнэлэгт хандаж үзүүлдэг энэ боловсролыг өндөр чанартай оношилгоо шинжилгээний тоног төхөөрөмжтэй хослуулвал аливаа өвчнийг бага дээр нь илрүүлж, эмчилж чадна. Тийм ч учраас манай эмнэлэг өвчнийг зөвхөн анагаах биш, үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, эрт оношилж илрүүлэхэд илүү анхаарч, эмч мэргэжилтнүүдээ энэ тал дээр сургаж дадлагажуулж байгаа юм. Манай урьдчилан сэргийлэх багц шинжилгээг хийлгэсэн олон үйлчлүүлэгч эрүүл мэндэд нь үүсэх томоохон эрсдэлүүдийг илрүүлж чадаж байна.
-Таны харж буйгаар манай эрүүл мэндийн салбарт нэн тэргүүнд нутагшуулах шаардлагатай технологи юу вэ. Мөн энэ салбарын хөрөнгө оруулалтын тухайд ямар бодолтой явдаг вэ?
-Дэлхийн бусад хөгжиж буй орон халдвар хамгаалал, яаралтай тусламжийн үйлчилгээ болон зүрх судасны чиглэлийн өвчний технологийг сайжруулах талаар цогц хөтөлбөр хэрэгжүүлдэг. Бидэнд Сингапур, Тайвань, Тайландынх шиг түргэн тусламжийн машин, нисдэг тэрэг бүх яаралтай тусламжийн цогц систем хэрэгтэй байна. Үүний тулд орон нутгийн засаг захиргаа хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллаж, Монгол даяар түргэн тусламжийн үйлчилгээг саадгүй хүргэх дэд бүтцээр хангаж, шаардлагатай хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Эдийн засгийн хямралын улмаас эрүүл мэндийн салбар дах хөрөнгө оруулалт нэлээн саараад байгаа.
- Хүнд, ховор төрлийн мэс ажилбар хийлгэх шаардлагатай өвчтөнүүд гадагш явж хийлгэвэл илүү найдвартай, эрсдэл багатай гэх ойлголт төлөвшөөд удаж байна. Угтаа манайд бөөр, элэг шилжүүлэн суулгахаас аваад хүнд төрлийн хагалгаанууд хийдэг болсон. Танай эмнэлэг гадагш явалгүй, эндээ хийлгэх боломжтой ямар ямар хагалгаа, үйлчилгээ санал болгодог вэ?
- Манайх хагалгааны гурван өрөөгөө дэвшилтэт технологийн тоног төхөөрөмжөөр тоноглож, мэс заслаа ч амжилттай гүйцэтгэж байна. Манай эмнэлгийн хийж буй нийт мэс ажилбаруудын 80-аас илүү хувь нь хөнөөл багатай буюу дурангийн хагалгаа бөгөөд мэс заслын дараа гарах эрсдэл багатайгаас гадна эдгэж тэнхрэх хугацаа богино байдгаараа давуу талтай.
Мөн CT, MRI шинжилгээгээр эмчилгээ, мэс заслын төлөвлөгөөг нарийвчлан гаргаж байна. Одоогоор Монголд зөвхөн манай эмнэлэгт зүрхний CT, MRI шинжилгээ оношилгоо хийж байна. Зүрх судасны өвчнийг хүндрэхээс нь урьтаж оношлох ийм боломж өмнө нь Монголд байсангүй.
-Сүүлийн үед нярайн өвчлөл, тэр дундаа вирусийн гаралтай халдварт өвчний тохилдол ихэсч байна. Тэр хэрээр хүүхдийн эмнэлэг, эмч, боловсон хүчний хүрэлцээ дутмаг байгаа нь анзаарагдлаа. “Интермед” эмнэлгийн хүүхэд, эх барих тасаг ямар хүчин чадлаар ажиллаж байна?
-Манайх хүүхдийн эрчимт эмчилгээний тусгайлсан тасаггүй ч хүүхэд, эх барих эмэгтэйчүүдийн тасгаар дамжуулан вирусийн гаралтай халдварт өвчнийг эмчилдэг. Бид 24/7 буюу ажлын бус цагаар ч хүүхдүүдийг яаралтай тусламжийн тасагтаа хүлээн авч, хүүхдийн өвчлөлийг эмчилж байна.
-“Интермед” эмнэлгийн нэвтрүүлсэн хувь хүний нас, биеийн онцлогт тохирсон оношилгоо гэдэг ойлголтыг товч тайлбарлавал?
-Хувь хүний нас, биеийн онцлогт тохирсон оношилгоо, эмчилгээ гэдгийг бүгдэд тохирох цогц шийдэл гэж ойлгож болохгүй. Зөв онош тавьж, эмчилгээний төлөвлөгөө гаргахын тулд нотолгоонд суурилсан баримтад тулгуурлаж, эрсдлийг үнэлэх шаардлагатай. Манай бүх эмч сүүлийн үеийн оношилгоо эмчилгээний цахим мэдээллийн санд холбогдсон. Энэ мэдээллийн санд нэвтрэх нь өртөг зардал өндөртэй хэдий ч өвчтөний оношийг зөв тогтоож, цаг алдалгүй тохирсон эмчилгээ хийх тухай хамгийн сүүлийн үеийн гарын авлага, заавар зөвлөмжийг нэн даруй авах боломжтой.
-Манай эрүүл мэндийн салбар одоо ч хөлөө олоогүй, нэгдсэн бодлого төлөвлөлтгүй байгаа санагддаг. Тиймдээ ч эрүүл мэндийн үйлчилгээ төрөлжөөгүй байх шиг. Танай эмнэлэг “VIP” үйлчилгээ нэвтрүүлсэн цөөн эмнэлгийн нэг. Энэ төрлийн үйлчилгээ хэр эрэлттэй байдаг вэ?
-Манай “VIP” үйлчилгээий эрэлт харьцангуй өндөр байна. Ер нь, хэрэглэгчийн хүсэлд нийцсэн үйлчилгээ, багц шинжилгээний эрэлт цаашид ч өсөх хандлагатай. Юун түрүүнд бид үйлчлүүлэгчээ үнэ цэнэтэй хэрэглэгч гэж харилцах хэрэгтэй. Энэ харилцаа нь үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжид ч нөлөөлнө. Азийн бусад эмнэлэгт амжилт авчирсан багц шинжилгээг эмнэлэг дээрээ амжилттай хэрэгжүүлж байгаадаа бид баяртай байдаг.
-Эмч, боловсон хүчнийхээ тухай товч танилцуулбал. Нийт ажилтан, боловсон хүчний хэдэн хувь нь нарийн мэргэшсэн эмч байдаг тухайд?
-Бид одоо 60 эмчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Эмч нарын маань дийлэнх нь БНСУ, БНХАУ, Европ болон Хойд Америкт сурч боловсорч, мэргэжил дээшлүүлсэн.
-Урьдчилан сэргийлэх үзлэгийн 13 багц санал болгож байгаа юм билээ. Энэ нь хүмүүст харьцангуй шинэ ойлголт мэт санагдаж байгаа нь лавтай?
-Дээр дурдсанчлан Интермед эмнэлэг өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эрт үеийн оношилгоо эмчилгээнд түлхүү анхаардгаараа онцлогтой. Бид өвчтөнийхөө хүсэлт хэрэгцээнд тохируулсан төрөл бүрийн багц шинжилгээг санал болгодог. Тухайлбал, ажил олгогчийн зүгээс шаарддаг энгийн шинжилгээнээс эхлээд зүрх судас болон хоол боловсруулах замыг хамруулсан оношилгоо шинжилгээг ч хийж байна. Шинжилгээний хариуг эмч нар маань үзээд хэрэв эрсдэл байвал өвчтөнөө мэргэшсэн эмчид нь үзүүлэхийг санал болгодог. Чимээгүй үхэлд хүргэдэг олон өвчнийг эрт үед нь илрүүлэх боломж олгодгоороо ийм шинжилгээ оношилгоо маш үр дүнтэй мөн үнэ цэнэтэй.
-Улсын хэмжээнд эмнэлгийн нийт орны 2.6 хувийг эрчимт эмчилгээний ор эзэлж байна. Энэ хангалттай тоо мөн үү, нэгдүгээрт. Хоёрдугаарт, манай эрчимт эмчилгээний тусламжийн өнөөгийн байдал дэлхий нийттэй харьцуулахад ямар төвшинд яваа вэ?
-Хүүхэд, насанд хүрэгчдийн аль алинд нь эрчимт эмчилгээний орны хүрэлцээ, хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Манай эмнэлэг насанд хүрэгсэдийн эрчимт эмчилгээний маш сайн тоноглогдсон таван ортой. Зарим үед орнууд мань бүрэн хүчин чадлаараа ажиллаж хүлээлгэ үүсэх тохиолдлууд ч олон байдаг. Бусад улс дүүргийн эмнэлгүүдээс манай эрчимт эмчилгээний тасаг руу маань өвчтөн шилжүүлэх нь бий.
Ер нь, аливаа өвчний өндөр тархалтын үед, мөн зүрх судасны өвчин, харвалтын тохиолдол нэмэгдэж буй үед хот, хөдөө гэлтгүй эрчимт эмчилгээний орны хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хотын эмнэлгүүдэд эрчимт эмчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлж байгаа ч улсын хэмжээнд сургалт дадлага, тоног төхөөрөмжийг сайжруулахад илүү их хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж бодож байна. Ялангуяа Улаанбаатараас алслагдсан хөдөөгийн эмнэлгүүдэд эрчимт эмчилгээний чанарыг сайжруулахын тулд дэд бүтцээ хөгжүүлж, сургалт сайн явуулах хэрэгтэй байхаа! Дашрамд дурдахад манай Интермед эмнэлэг алслагдмал бүс нутгийн эмнэлгүүдэд туслах цахим эрчимт эмчилгээний төсөл хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж байна. Хэрэв бид эрчимт эмчилгээний үйлчилгээгээ орон даяар орших бусад эмнэлэгтэй, туршлага мэдлэгтэй эмч нартай холбож чадвал улсын эрчимт эмчилгээний чанарыг сайжруулахад том хувь нэмэр болно. “Интермед” эмнэлэг олон улсын стандартын эмчилгээ үйлчилгээг Монголд нутагшуулж, сайжруулах тал дээр хувийн хэвшлийн салбартаа манлайлагч нь байж, бусадтайгаа хамтран ажиллахыг эрмэлзэж байна.