Хятадын төв банкны хүүгийн түвшин буурсантай холбоотойгоор алт, зэсийн үнэ сүүлийн хагас жилийн турш тогтмол өсөж байсан ч энэ сарын эхнээс унаж эхэлсэн. Зарим эдийн засагчид “АНУ-ын төв банкны зүгээс эдийн засгийн өсөлтийг түргэсгэхэд шаардлагатай зүйлсээ үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй болсон нь эргээд зэсийн үнэ унахад хүргэсэн” гэж үзэж байна. Долоо хоногийн өмнө Лондонгийн металлын зах зээл дээр гурван сарын гэрээний үнэ 7.585 ам.долларт хүрч өссөн ч эргээд 7.495 болж хаагдсан. Уналтын гол шалтгааныг эдийн засагчид үзэхдээ дэлхийн эдийн засгийн талаар таагүй мэдээлэл, тэр дундаа АНУ-ын ажилгүйдлийн даатгалд хамрагдаж буй иргэдийн тоо 1000-аар буурсантай холбон тайлбарлаж байна. Нийт хэрэглээний 40 хувийг эзэлдэг зэсийн хамгийн том хэрэглэгч болох Хятадын агуулах дахь зэсийн нөөц буурч байгаа учир энэ оны хоёрдугаар хагасаас тус улсын зэсийн эрэлт нэмэгдэж, үнэ өсөх хандлагатай байгаа ч, муу мэдээ бас байна.