Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

​А.ЭРДЭНЭПҮРЭВ: Монгол Улс 3-4 жилийн дараа нүүрснээс бензин гаргадаг үйлдвэртэй болно

ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын газрын дарга А.ЭРДЭНЭПҮРЭВТЭЙ ярилцлаа.

-Нэг баррель нефть 100 ам.доллараас дээш үнэтэй байх үед нүүрсийг шингэр үүлж бензин нэрвэл ашигтай гэсэн тооцоо байдаг билүү?
-Долоо, найман жилийн өмнө нэг баррель нефтийн үнэ 30 ам.доллараас дээш гарсан үед нүүрсийг шингэрүүлж  эцсийн бүтээгдэхүүн гаргавал эдийн засгийн хувьд үр ашигтай гэсэн тооцоо гаргасан байдаг юм. Одоо бол  иймэрхүү тооцоог илүү нарийвчлалтайгаар дахин хийх цаг нь болсон.

-Одоогийн нөхцөл байдлаас харвал манай улсад нүүрс шингэрүүлж шатахуун гаргах нь хэрэглэгч болон үйлдвэрлэгчдийн аль алинд ашигтай гэсэн дүр зураг харагдаад байна л даа. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Манай орны нэг жилийн шатахууны хэрэгцээ нэг сая тонныг давчихлаа. Энэ тоо 2015 он гэхэд 1.5 сая тонн хүрэх  төлөвтэй байна. Өдөр бүр өсч байгаа энэ хэрэглээг бид импортоор л хангаж байгаа. Бүр 98 хувь ОХУ-ын  “Роснефть” компаниас хараат байна. Мэдээж энэ хамаарлыг багасгах, дотооддоо үйлдвэрлэсэн хямд үнэтэй бензин хэрэглэх сонирхол бүгдэд маань бий. Нүүрс хийжүүлж буюу шингэрүүлж бензин, түлш гаргахын хувьд Монголд маш их нөөц бололцоо, ирээдүй байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улс геологийн таамаг нөөцөөрөө  167 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэдэг. Энэ асар их нөөц, гарын дор байгаа ашигт малтмалаа баялаг болгох л хэрэгтэй.

-167 тэрбумаас батлагдсан нөөц нь хэд билээ?
-Одоогоор батлагдсан нөөц нь 20-иод тэрбум тонн байна. Үүнээс Тавантолгойд 6.5 тэрбум тонн бий. Мөн Чойр,  Нялгын, Цайдам, Төгрөг нуурын гэх зэргээр дурдаад байвал маш олон хүрэн нүүрсний орд газар байгаа.  Эдгээрийг ашиглаж нүүрс шингэрүүлэх үйлдвэр барих нь ЭБЭХЯ-ны ойрын зорилго.

-Түүхий эд нь бэлэн. Зах зээл нь шаардаж, хэрэглэгчид хүсч байна. Хувийн хэвшлийнхэн үйлдвэр барья гэж байна. Одоо юу дутагдаж байна вэ?
-Өнөөдрийг хүртэл бидэнд технологи л үгүйлэгдэж байлаа. Дэлхий нийтээрээ нүүрс шингэрүүлж түлш гаргах  талаар ярьж байна. Гэвч хэд нь үйлдвэрлэж чадаж байгаа билээ. Яахав лабораторийн болон туршилтын төвшинд хөгжингүй улсууд бүгд л гаргаж авч чадаж байна. Манай МУИС-ийн эрдэмтэн багш нар лабориторийн төвшинд нүүрснээс шингэн болон хийн түлш амжилттай гаргаж авч чадаж байгаа. Гэтэл үйлдвэрлэлийн төвшинд  хэрэгжүүлж байгаа нь хуруу дарам цөөхөн байна. Жишээ нь, хэдэн жилийн өмнө БНХАУ-ын Засгийн газар Өвөрмонголын Ордост нүүрс шингэрүүлэх үйлдвэр барьсан. Туршилт амжилттай болсон, бүтээгдэхүүн  үйлдвэрлэсэн. Гэвч өнөөдрийг хүртэл хятадууд “Бид нүүрс шингэрүүлэх технологийг үйлдвэрлэлийн төвшинд  эзэмшлээ. Жилд төдөн тонн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлийнхээ төдөн хувийг найдвартай хангаж байна” гэж ерөөсөө хэлэхгүй байгаа. Хятадуудад юу л байна мөнгө л байгаа. Гол нь технологидоо асуудал байгаа учраас тэр шүү дээ.

-Ерөнхийлөгчийг ХБНГУ-д айлчлах үеэр нүүрс шингэрүүлэх технологийг Монголд нутагшуулах талаархи санамж бичигт гарын үсэг зурсан гэсэн. Энэ талаараа сонирхуулахгүй юу?
-Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд Герман Монголын уул уурхай, аж үйлдвэр, байгаль орчныг хамгаалах  чиглэлээр хамтран ажиллах ажлын хэсгийн хурал ХБНГУ-д болсон. Энэ үеэр Германы “Тьюссон групп”-тэй хамтран ажиллах ерөнхий санамж бичигт гарын үсэг зурсан. Мөн түүний охин компани болох “Тьюссон групп Үдэ”  компанитай Германы нүүрс шингэрүүлэх технологийг Монголд нутагшуулах талаар хамтран ажиллах санамж  бичигт гарын үсэг зурлаа.

-Тэгэхээр германуудтай нүүрс шингэрүүлэх үйлдвэр хамтран барина гэсэн үг үү?
-Тийм. Германуудаас гадна Солонгосын эрчим хүчний хүрээлэнгийнхэн Монголын Засгийн газартай хамтраад “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ордод түшиглэж нүүрс шингэрүүлэх туршилтын үйлдвэр барих гэсэн санал  тавьдаг. Японы эрдэм шинжилгээний байгууллагууд ч бидэнд хандаж байгаа л даа. Энэ бүхнийг бид нааштайгаар  хүлээн авч, судалж үзэж байгаа.

-Нүүрс шингэрүүлэх үйлдвэр барих тал дээр хувийн хэвшлийнхний оролцоо, идэвх ямар төвшинд байна вэ?
-Эхний ээлжид хүнд үзүүлэх юмтай, хийсэн ажилтай дөрвөн компанийг нэрлэж болно л доо. “Цэцэнс майнинг энд энержи”, “Энержи ресурс”, “МАК”, “Монголын аж үйлдвэрийн корпорац” гэсэн дөрвөн компани байна. Энэ  компаниуд нүүрс шингэрүүлэх үйлдвэрийг эх орондоо оруулж ирье. Германы технологийг нутагшуулъя гэсэн  сонирхолтой байгаа юм.

-Яагаад заавал Германы технологи гэж?
-Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Байгаль орчинд ээлтэй, үйлдвэрлэлийн төвшинд бодитойгоор нэвтрүүлсэн  гэдэг утгаар нь Германы технологийг онцолж байгаа юм. Жишээлбэл, “Тьюссон групп Үдэ” л гэхэд нүүрсийг  хийжүүлэх тал дээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өөрийн гэсэн патенттай. Технологи нь эдийн засгийн үр  ашгийн хувьд ч илүү.

-Төр хувийн хэвшлийнхэнтэй хамтарсан үйлдвэр барих уу?
-Тийм. Төр хувийн хэвшилтэйгээ хамтарна. Хувийн хэвшлийнхэн маань өнөөдрийг хүртэл зүгээр суусангүй. ТЭЗҮ зэрэг шаардлагатай баримт бичиг, тооцооллоо хийсэн байна. Одоо энэ бүхнээ хэрэгжүүлэх тал дээр нь төр  дэмжлэг үзүүлнэ. Гаднаас импортлох техник, тоног төхөөрөмжийг нь татвараас хөнгөлөх, чөлөөлөх, эцсийн  бүтээгдэхүүнийг нь худалдаж авах баталгаа гаргах, санхүүгийн тодорхой дэмжлэг үзүүлнэ.

-Үйлдвэр хэзээ ашиглалтад орох боломжтой вэ?
-3-4 жилийн дараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд эхлэх төсөөлөл байна. Үүнээс зөвхөн нэг жил нь л гэхэд ТЭЗҮ  боловсруулахад орох хугацаа. Зарим компани ТЭЗҮ-ээ хийчихсэн байна лээ. “Монголын аж үйлдвэрийн корпорац”, “Энержи ресурс” буюу “MCS”, “Петровис”-ын хамтарсан үйлдвэрийн ТЭЗҮ бараг бэлэн болж байгаа гэсэн. “МАК”, “Цэцэнс майнинг энд энержи”-гийн ТЭЗҮ ч гэсэн дуусах шатандаа явж байгаа юм билээ.

-Мэдээж ийм өндөр технологи шаардсан үйлдвэр барихад хөрөнгө мөнгө их шаардагдана. Үүнийг хэрхэн шийдэх бол?
-Үйлдвэр барих нэг төсөлд л гэхэд 1-2 тэрбум ам.доллар шаардагдана. Гэхдээ үйлдвэрүүд хүчин чадлаасаа  хамаараад өөр өөр өртөгтэй байгаа. Жишээлбэл, “Энержи ресурс”, “МАК”, “Цэцэнс майнинг энд энержи”  компанийнхан жилд ойролцоогоор 400-500 мянган тонн, “Монголын аж үйлдвэрийн корпорац” жилд нэг сая тонн  эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барина гэж байгаа. Манай улсын ДНБ найман тэрбум  ам.доллар гэдэг. Энэ төслүүд үүний дөрөвний нэгийн хэмжээнд яригдах том төсөл учраас ҮАБЗ үүнд маш  анхааралтай хандаж байгаа.

-Энэ дөрвөн компаниас өөр компани байхгүй юм уу?
-Ийм өндөр өртөгтэй том төслийг өдий дайны аваад явах компани цөөхөн байна. Германууд ч гэсэн бидэнд  технологио зүгээр өгөхгүй. Тодорхой хэмжээний төлбөртэй, өөрсдийн гэсэн шалгууртай байгаа шүү дээ. Сая л  гэхэд “Монголын аж үйлдвэрийн корпораци” “Тьюссон групп”-тэй лицензийн гэрээ байгууллаа шүү дээ. Өөрөөр  хэлбэл, лиценз, технологийг нь ашигласны төлбөрт жил болгон тодорхой хэмжээний мөнгө төлнө гэсэн үг.

-Өөр ямар компаниуд гэрээ байгуулсан бэ?
- “MCS”, “Петровис”-ынхон “Сименс”-тэй нүүрсийг хийжүүлэх, мөн “Лурги” компаниас нүүрс шингэрүүлэх  технологийг нь авах санамж бичигт гарын үсэг зурсан. “Цэцэнс майнинг энд энержи” компани “Лурги” компаниас мөн нүүрс шингэрүүлэх технологийг нь авах гэрээ хийсэн.

-Лиценз ашигласны төлбөр нь ойролцоогоор хэд байх бол?
-Энэ компаниудын бизнесийн нууц учраас олон нийтэд мэдээлэх нь зохимжгүй байх. Засгийн газар болон ҮАБЗ  бол бүх нарийн ширийнийг нь мэдэж байгаа.

-Сая нэр дурдсан дөрвөн компанид түүхий эдийн нөөц нь хангалттай бий юү. Төрөөс нүүрсний орд газар эзэмш үүлэх тал дээр туслалцаа үзүүлэх үү?
-За “Монголын аж үйлдвэрийн корпорац”-аас эхэлье л дээ. Тус компани Төв аймгийн төгрөг нуурын нүүрсний  ордыг эзэмшдэг. 93 сая тонн нүүрсний нөөцтэй орд л доо. “МАК” бол Дорнод аймгийн Адуунчулууны ордод  түшиглэнэ гэж байгаа. Нөөц нь 285 сая тонн. “Энержи ресурс” Ухаахудаг, Чойр, Нялгын ордуудыг нийлүүлээд 400  гаруй сая тонн нүүрс ашиглах боломжтой гэж үзэж байгаа юм билээ. “Цэцэнс майнинг энд энержи” бол Төв аймаг Цайдамнуур, Бөөрөлжүүтийн талын нүүрсний ордыг эзэмшдэг. 479 сая тонн нүүрсний нөөц нь батлагдсан, таамаг нөөц нь 6.5 тэрбум тонн гэж байгаа. Эдгээр компаниудын барих үйлдвэрүүдийн хүчин чадал нь ажилд 2-3  сая тонн нүүрс шингэрүүлэх хүчин чадалтай гэж бодохоор нөөц хангалттай гэж үзэж байгаа.

-Үйлдвэрийнх нь хүчин чадлын талаар сонирхуулахгүй юу. Жилд хэчнээн тонн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх  бол?
-Компаниудын боловсруулсан ТЭЗҮ-г үндэслэж зарим мэдээллийг өгье. Тэдний гаргасан тооцоогоор бол жилд 2-6 сая тонн нүүрс боловсруулж, 400-800 мянган тонн бензин, түлш, 50-100 мянган тонн “LPG”, мөн 20-50 мянган тонн диметилын эфир, хүхэр зэрэг дагалдах бүтээгдэхүүн. Түүнчлэн 200-300 мВт цахилгаан үйлдвэрлэх бололцоотой юм билээ.

-Компани тус бүрээр үү?
-Тийм ээ. Компани тус бүрээр иймэрхүү тооцоо гаргасан байна дээ. Мэдээж хүчин чадлаасаа хамаараад өөр өөр байгаа л даа.

-Бүтээгдэхүүний үнэ, өртөг ямар байх бол?
-Ойролцоогоор бүх зардлаа тооцоод бензин нэг тонн нь 600-670 ам.доллар, шингэн түлш нэг тонн нь 700 орчим ам.долларын өртөгтэй гарна гэсэн тооцоо байна лээ.

-Тэгэхээр 4-5 жилийн дараа монголчууд одоо байгаагаас 50 хувь хямд үнэтэй шатахуун хэрэглэх нь ээ?
-Яг тийм гэж хэлж болохгүй л дээ. Яахав одоо манайд импортоор орж ирж байгаа бензин, түлшний үнэ нэг тонн нь дунджаар 1100 ам.доллар байгаа. Үүнтэй харьцуулаад үзэхэд хамаагүй бага үнээр гарна л даа.

-Нэгэнт төр энэ ажилд хамтарч оролцож байгаа юм чинь нэг тонн бензинээс төдөн хувийн ашиг харна шүү гээд  тогтоочихож болдоггүй юм уу?
-Ашгийн хязгаарлалт тогтоох асуудал бол байхгүй байгаа. Гэхдээ төр хувийн хэвшлийнхнийгээ маш олон талаар дэмжиж, хөнгөлөлт үзүүлж байгаа. Жишээ нь, Германы Засгийн газартай лицензийнх нь төлбөрийг багасгах  талаас нь ярьж өгдөг ч юм уу, гааль, татварын хөнгөлөлт гээд олон зүйлийг дурдаж болно л доо. Нийгмийн  хариуцлагаа бодоод компаниуд маань бид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ “Роснефть”-ээс авч байгаа үнээр зарна гэхгүй байлгүй дээ.

Эх сурвалж: bayalag.mn

0 Сэтгэгдэл
Yag hiine shuu . Amiaraa haaj bgaad ch hamaagui. Suns chini amarna OK
иймэрхүү үйлдвэр барих зураг төсөл хаанахын хэнээр хаанахын техник технологи хэрэглэхээ ч бэлдээгүй байж 4 жил энэ тэр гэж бүү үлгэр яриад байгаач ээ үүлэн дээрээс буу хө бас нэг бат үүл гарч ирэх нь 5-р цахилгаан станц гэж яаж мунгинаж байна даа
Хамгийн их уншсан