Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хаягдал төмрийн нөөц дуусч металын үйлдвэрүүд түүхий эдээр цангах нь

Дэлхийн зах зээл дээр гангийн эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байна. Үүний шалтгаан нь Хятад, Энэтхэгт барилга, бүтээн байгуулалтын ажил их өрнөж, эдийн засаг нь тогтвортой өсч байгаад оршино. Мөн манай гангийн хэрэглээ ч уул уурхай, барилга бүтээн байгуулалтын ачаар нэмэгдсээр. Өнгөрсөн онд Монгол Улс жилд 350 мянган тонн ган бүтээгдэхүүн хэрэглэжээ.  Харин ирэх хоёр жилд 500 мянган тонн болох судалгаа бий.

Уг хэрэглээнийхээ 70 орчим хувийг хойд, урд хөршөөсөө хангаж буй. Хэрэглээ нь өсч байгаа ч манайд төмөрлөгийн үйлдвэр төдийлөн хөгжөөгүй гэж болно. Эдүгээ  метал боловсруулах 10 гаруй үйлдвэр бий. Тэдний дийлэнх нь гадаадын зуун хувийн хөрөнгө оруулалттай бөгөөд жилд 200 мянган тонн төмөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Гэвч жилд дээрх хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж бүрэн хүчин чадлаа ашиглаж чадахгүй байна.  Жишээлбэл, манай хамгийн томд тооцогдох Дарханы төмөрлөгийн үйлдвэр нийт хүчин чадлынхаа тавин хувийг л ашигладаг. Ингээд өнгөрсөн оны байдлаар 55.4 мянган тонн ган туйван, арматур  үйлдвэрлэжээ. Бүрэн хүчин чадлаа ашиглаж чадахгүй байгаа шалтгаан нь түүхий эдийн хомсдол.

Одоо ажиллаж буй метал хийцийн үйлдвэрүүдийн гол түүхий эд нь хаягдал төмөр. Гэтэл Монголын хаягдал төмрийн нөөц багасч буй. Хаягдал төмрийн эргэлт ч алга байна. Тэгэхээр төмрийн хүдрээ боловсруулж ашиглахгүй бол метал хийцийн үйлдвэрлэл улам буурч бүр зогсонги байдалд ч орж мэдэх нь. 

Монгол орон төмрийн хүдрээр баялаг.  Одоогоор 33 ордод  660 сая тонн төмрийн хүдрийн нөөц тогтоогдсон. Геологичид нийтдээ нэг тэрбум тонн нөөцтэй хэмээн таамаглаж буй. Томоохон ордыг нэрлэвэл баруун бүс нутагт Таян нуур, Харганат, хангайн бүсэд Худаг байшинт, Тамирын гол, Төвийн бүсэд Төмөртэй, Төмөр толгой, Баянгол, Эрээн, зүүн бүсэд Баргилт,Цахиурт овоо гэсэн орд бий. Хоёр жилийн өмнө гурав орчим сая тонн төмрийн хүдэр олборлож байв. Харин өнгөрсөн жил 5.6 сая тоннд хүрчээ. Үүний дийлэнхийг нь Дархан, Сэлэнгийн бүс нутгаас олборлосон аж.

Хэдийгээр олборлолт, экспорт нэмэгдэж байгаа ч манайхан боловсруулж чадахгүй байна гэж хэлж болно. Өнөөдөр “Хөх ган” компани л хүдэр боловсруулж, шууд ангижруулсан төмөр үйлдвэрлэж буй аж. Сайншанд, Дархан, Сэлэнгийн бүс нутагт зам харилцаа дэд бүтэц сайн хөгжсөн. Үүнээс гадна ус хангамж, нүүрс, шохойн чулуун ордууд ч  ойрхон бий. Иймд энэ газруудад ган хайлах үйлдвэр байгуулах судалгаа хийж ТЭЗҮ-ийг нь гаргаж байна.

Дархан Сэлэнгийн бүс нутаг, төмрийн хүдрийн нөөц ихтэй. Тухайлбал,  Төмөртэйн ордод 229 сая тонн төмрийн хүдрийн нөөц байгаа. Үүний 90 сая тонн нь исэлдсэн буюу бага хүхэртэй үлдсэн нөөц нь хүхрийн агуулга өндөр хэмээн мэргэжилтнүүд тогтоосон байдаг. Харин төмрийн агуулга нь өндөр тул сайн чанартай хэмээжээ. Энэ хүдрийг боловсруулахад шатамхай хий чамгүй ялгарах нь. Иймд тэр хийг нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах бүрэн бололцоотой ажээ.

“Mining Mongolia-90” олон улсын нээлттэй чуулга уулзалт саяхан болсон. Энэ чуулган дээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөх, төмрийн хүдрээ боловсруулж, түүхий эдээр хангах тухай яригдаж байв. Тус үйлдвэр жилд 100 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоо Төмөртолгой, Төмөртэй, Хуст-Уулын төмрийн хүдрийн ордыг эзэмшиж буй.

Хэрэв үйлдвэрт өргөтгөл хийвэл жилд 180 мянган тонн бэлдэц, 160 мянган тонн цувимал бүтээгдэхүүн, төмөр утас, тууз  үйлдвэрлэдэг болно. Дээрх хурал дээр уг үйлдвэрийн мэргэжилтнүүд  Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрт техник технологийн шинэчлэлт хийх,  өргөтгөх, хар төмөрлөгийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлэхэд  төр засгаас дэмжлэг  хэрэгтэй байгааг онцолж байсан.  Ер нь төмөрлөгийн салбарын үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудал олон. Тус салбарынхан “гадаад дотоодын хөрөнгө оруулалт татах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрт хамтран ажиллахад төр засгаас дэмжих, түүнд ажиллах боловсон хүчин бэлтгэхэд туслах, дэд бүтэц, цахилгаан эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх гээд олон зүйл байна” хэмээн онцолсон. Монголчууд төмрийн хүдрээ өөрсдөө боловсруулж ган хайлдаг болчихвол өөрсдийн хэрэгцээгээ хангахаас гадна үнэ хүргэн худалдах юм. Мөн тэр хэмжээгээр гадаад руу урсах валютын хэмжээ багасч улс орон болон өрхийн эдийн засагт орох орлого нэмэгдэнэ.  Тиймээс цаасан дээр байгаа төсөл хөтөлбөрөө даруй хэрэгжүүлж амьдрал дээр босгох цаг хэдийнэ болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан