Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяраас уран олборлох талаар тодрууллаа.
-Уран олборлоно гэж байгаа. Энэ ашигт малтмалаас хэдий хэмжээний орлого олно гэж тооцож байгаа вэ?
-Одоогоор ашиглаж эхэлсэн орд байхгүй. Ашиглаад эхэлвэл тухайн орд бүрээс шалтгаалаад өөр өөр байх болно. 2010 онд 28 аж ахуйн нэгж 140 орчим лиценз эзэмшиж ураны эрэл хайгуул хийж байсан. Тэр үед улсын төсөвт лицензийн төлбөрт жилд гурван тэрбум төгрөг орж ирдэг байсан. Одоо 50 лицензээс жилд нэг тэрбум төгрөгийн төлбөр төвлөрдөг. Өөрөөр хэлбэл улсын төсөвт орох ураны хайгуулын лицензийн төлбөр гурав дахин буурсан. Энэ бол зөвхөн ураны эрэл хайгуулын лицензийн асуудал биш. Зөвхөн эндээс үзэхэд бусад ашигт малтмалын хайгуулын лицензийн төлбөрийн орлого яаж буурсан нь тодорхой. Энэ бол хайгуулын лиценз зогсоосонтой холбоотой. Мөн үүнийг дагаад хөрөнгө оруулалт ч буурсан үзүүлэлт бий. Тэгээд өнөөдөр эдийн засгийн хүндрэл үүсгэх нэг хүчин зүйл боллоо.
-Монгол Улс яг хэдэн оноос уран олборлож эхлэх гэж байна вэ?
-Энэ салбарын ажил урт хугацааны судалгаа, шинжилгээ шаарддаг. Бид одоогоор хууль эрх зүйн орчныг сайжруулах, иргэдэд ойлгуулах ажил хийж байна. Ямартай ч 2016 он хүртэл уран олборлож, экспортлохгүй. Ер нь, уран олборлоод эхэлбэл түүгээр дэлхийд эхний таван орны нэг болох бололцоо бий.
-Цөмийн хог хаягдал Монгол нутагт булшилна гэдэг мэдээлэл гарсан. Японы талтай энэ талаар гэрээ байгуулсан гэж байгаа. Цөмийн асуудал хариуцсан агентлагын даргын хувьд энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Манай улс цөмийн хог хаягдлыг өөрийн нутагтаа булшлахгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч цөмийн хаягдал байхгүй гэдгийг албан ёсоор зарлаж, зарлиг гаргасан. Бид ард түмэнд худал хэлэх гэж энэ албан тушаалыг хашиж байгаа юм биш. Ард иргэд худлаа хийсвэр мэдээлэлд итгэхээс илүү тангараг өргөөд ажиллаж буй төрийн албан хаагчийн үгийг сонсох ёстой.
-Дорноговь аймгийн Улаанбадрах суманд цацрагийн хордлогын улмаас мал амьтад хордож байна, ургийн гажигтай төл гарлаа гэж байгаа. Танай агетнтлагаас газар дээр нь очиж шинжилж үзсэн үү?
-Улаанбадрах суманд цөмийн туршилт, цикл болоогүй. Сүүлийн хорин жилд Монгол Улсад нээгдээгүй ураны нөөц ихтэй том ордыг тус сумын нутгаас илрүүлж Эрдэс баялгийн сандаа бүртгэж авсан. Тэгэхээр энэ салбарт өрсөлддөг улс гүрнүүдийн стратегийн тэмцэлийн талбар болжээ гэж би бодож байна.
-Ураны хайгуулын лицензийн маргаан гарч байсан. Энэ асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?
-Олон улсын арбитрын шүүхэд хэлэлцэж байгаа тул энэ талаар ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй.
ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн мэргэжилтэн Б.Мэндсайханаас уран олборлолт, зах зээлийн чиг хандлагын талаар тодрууллаа.
-Сүүлийн үед уран олборлоно гэж яриад байгаа. Олборлох өртөг зардал нь ямар байх вэ?
-Манай улсад ураны 12 орд одоо илрээд байгаа. Эдгээр ордын дийлэнх нь элсэн чулуун орд юм. Ийм ордыг газар дор хүчлээр уусган баяжуулах технологиор ашигладаг. Энэ технологи нь олборлолтын зардал, байгаль орчины сөрөг нөлөө бага. Энэ аргаар нэг кг ураныг 72.5 ам.доллараар олборлох тооцоо гарсан.
-Дорноговь аймагт таны хэлсэн уусган олборлох аргыг туршиж үзсэн. Гэтэл нутгийн иргэд цацраг идэвхт бодис тархлаа. Хор хөнөөл учруулж байна гэх болсон. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Геологийн нарийн судалгаанд үндэслэж уран олборлодог. Газар доор байгаа ураны хүдрээ олоод түүнийг хүхрийн хүчлээр уусгаж цооногоороо соруулж авна. Энэ соруулсан хүдрээ үйлдвэртээ татаж ялган авдаг юм. Түүнээс биш байгальд уран шууд ил гарч хүн, амьтанд сөргөөр нөлөөлнө гэсэн зүйл байхгүй. Дээр нь уурхайнууд хатуу хяналттай байдаг.
-Манай улс жилд хэдий хэмжээний уран олборлох төсөөлөл байгаа юм бол. Хэзээнээс уран олборлож эхлэх вэ?
-Тухайн компани ордоо ашиглах ТЭЗҮ-ээ яаж гаргахаас хамаарна. Тухайлбал, ямар хүчин чадалтай баяжуулах үйлдвэр барих, хэдэн жил ордоо ашиглах, геологийн тогтоц, ордын нөөц зэргээс шалтгаалж жилд хэдий хэмжээний уран олборлохоо шийднэ шүү дээ. Тэгэхээр жилд хэдий хэмжээний уран олборлох нь тухайн компанийн дотоод асуудал гэж болно. Ойрын хоёр гурван жилээс олборлож эхлэх төлөв бий. Одоогоор ураны хайгуул хийж нөөцийн тооцоо гаргасан, ТЭЗҮ-ээ хийсэн компаниуд байгаа. Тэд ашиглалтын лицензээ аваад баяжуулах үйлдвэр бариад шар нунтаг үйлдвэрлэх боломжтой болсон.
-Та дээр хэллээ нэг кг уран 72.5 ам.долларын өртөгөөр олборлоно гэсэн. Тэгвэл дэлхийн зах зээлд ураны үнэ ханш хэд байна. Цаашид эрэлт хэрэгцээ ямар байх бол?
-Өнөөгийн байдлаар дэлхийн зах зээл дээр нэг кг шар нунтаг 100-140 ам.долларын үнэтэй байна. Цаашид үнэ нэмэгдэх төсөөлөл бий. Сүүлийн 15 жилд шар нунтагын үнэ байнга өсч ирсэн. Дэлхийн хэмжээнд жилд 65 мянган тонн уран хэрэглэдэг тооцоо байдаг. Энэ хэрэглээ 2020 он гэхэд 100 мянган тоннд хүрэх төсөөлөл шинжээчид гаргасан.