Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, тээвэрлэхийг түр хориглох, хүнд даацын автомашины тээвэрлэлтэд тавигдах хяналтыг эрчимжүүлэх тухай” А/293 дугаар захирамж гаргасан. Энэ хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц болох элснээс бусад нөөц ашиглаж буй аж ахуйн нэгжүүд өөрийн хөрөнгөөр технологийн хатуу хучилттай автозам, логистикийн төв байгуулах хүртэл олборлох, нийслэлийн нутаг дэвсгэрээр тээвэрлэлт хийхийг түр хориглоод удаагүй билээ. Тэгвэл Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор олон улсын хамтын ажиллагаааны байгууллага “ЖАЙКА”-гийн шугамаар хэрэгжүүлж буй “Гачуурт”-ын эх үүсвэрийн төслийн барилга угсралт, нийслэлийн ногоон байгууламж болон тохижуулах ажилд зориулж тодорхой хэмжээний элс, хар шороон олборлолт, тээвэрлэлт хийх шаардлагатай болжээ. Тиймээс нийслэлийн Засаг дарга “Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” А/355 дугаар захирамж гаргасан байна. Захирамжаар дээрх төслийн хүрээнд шаардагдах элс, хар шороон олборлолт, тээвэрлэлт хийх зөвшөөрөл олгожээ. Энэ ажлын хүрээнд элс, хар шороо тээвэрлэх замын маршрут болон цагийг нь тогтоон мөрдөж ажиллахыг нийслэлийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болгосон байна.