Энэ оны эхний улирлын байдлаар “Эрдэнэс Таван толгой” компани 3.1 сая тонн нүүрс экспортолжээ. Үүнээс гадна саяхан “Шинхуа энержи” компанид Баруун Цанхийн уурхайн нүүрсээ борлуулах болсон. Энэ сард 450 мянган тонн нүүрсийг Цагаан хадны нөхцөлөөр нэг тонныг нь 48.5 ам.доллараар тус компанид нийлүүлэх гэрээ хийсэн байна. Уг нүүрсний нийт үнийн дүн 21.8 сая ам.доллар юм. Энэ мөнгөний 17.4 сая ам.долларыг нь авчээ. “Эрдэнэс Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь өчигдөр Уул уурхайн яамны “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэе.
-Нүүрсний үнэ хямдарч, экспорт зогсонги байдалд орсон. “Эрдэнэс Таван толгой” компанийн байдал өнөөдөр ямар байгаа вэ?
-Ерөнхий сайд өнгөрсөн онд Хятадад айлчлахад Таван толгой ордод үйл ажиллагаа явуулж буй үндэсний гурван компани “Шинхуа энержи”-д 20 жилийн хугацаанд нэг тэрбум тонн нүүрс нийлүүлэхээр болсон. Үүнийг энэ жилээс эхлэн нийлүүлж байна. Тус компанитай “Эрдэнэс Таван толгой” компани 450 мянган тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан. Ингээд нүүрсний үнийнхээ 80 хувийг нь аваад байна. Зах зээлийн байдал тогтворгүй байгаа тул сар бүр үнэ тохирч хэдэн тонн нүүрс нийлүүлэхээ тогтоод явах юм. Дээрх нүүрснийг тавдугаар сард багтаан нийлүүлнэ. Манай компани одоохондоо нүүрс угаах үйлдвэр барьж амжаагүй байна. Тиймээс “Энержи ресурс” компанийн баяжуулах үйлдвэрт нүүрсээ угаана. Тэгээд тэр нүүрсээ “Шинхуа энержи” компанийн төмөр замыг ашиглаж Хятадын нутгийн гүнд байдаг гангийн үйлдвэрүүдэд өндөр үнээр борлуулах талаар яриа, хэлцэл хийж байгаа.
-Таван толгойд стратегийн хөрөнгө оруулагч сонгон шалгаруулах хэвээрээ юу?
-Өмнөх Засгийн газрын үед Таван толгойд стратегийн хөрөнгө оруулагч оруулах талаар ярьж байсан. Үүнд олон компани оролцсон. Энэ тендер одоо хүчинтэй байгаа. Уг тендерт оролцсон талуудтай ярилцаж санал бодлыг нь сонсч судалж байна.
-”Чалко”-д төлөх өрөөс хэчнээн ам.доллар үлдэв. Ойрын хугацаанд барагдуулах боломж бий юу?
-Өр төлж барагдуулахаар боломжит бүх хувилбараар ажиллаж байна. Харамсалтай нь, нүүрсний зах зээл муудаж үнэ унаж байгаа тул өр төлөх хугацаа сунжирсан. Одоо 130 орчим сая ам.долларын өр үлдсэн. Энэ өрөө төлж дуусах хэмжээний нүүрс бид олборлосон байгаа. Сүүлийн үед зах зээлийн нөхцөл байдлын улмаас шалтгаалж “Чалко” компанийн агуулах дүүрч манайхаас авсан нүүрсээ борлуулж чадахгүй байгаа явдал бий. Үүнээс шалгаалаад тээвэрлэлт, нийлүүлэлт сунжрах хандлагатай боллоо.
-“Чалко”-гийн гэрээнд ямар өөрчлөлт орсон юм бэ. Гэрээнд өөрчлөлт оруулснаар улам дордсон. Хуучин гэрээ нь сайн байсан гэсэн яриа гарсан. Энэ талаар тодруулж өгөөч?
-Сүүлийн үед зарим улстөрч хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Чалко”-гийн гэрээний талаар буруу ташаа мэдээлэл тарааж буйд харамсч байна. Гэрээний талаар товч тайлбар хэлэхэд, 2011 оны долдугаар сард “Чалко” компаниас 350 сая ам.долларын урьдчилгаа авч, нүүрсээ таван жилийн хугацаатайгаар тус компанид нийлүүлэх гэрээ байгуулсан. Тэгэхдээ нэг тонн нүүрсний үнийг 70 ам.доллараар тохирсон байдаг. Энэ 70 ам.доллар нь хатуу тогтсон үнэ биш. Хятадын зах зээл дэх нүүрсний үнийн дөрвөн индексийн дагуу улирал тутам өгсч, уруудан өөрчлөгдөж байхаар тогтсон байдаг. Харамсалтай нь, гэрээ байгуулснаас хойш нүүрсний зах зээл уналтад орж 70 ам.долларын үнэ үргэлж унасаар ирсэн. Өнгөрсөн оны дунд гэхэд “Чалко” компанид нийлүүлэх нүүрсний тонн тутамд дунджаар 10 ам.долларын алдагдал хүлээх эрсдэл учирсан юм. Тиймээс бид Төлөөлөн удирдах зөвлөлтэйгөө ярилцан шийдвэр гаргуулсны дүнд нүүрсний экспортоо түр зогсоосон. Тэгээд “Чалко” компанитай хүнд нөхцөлд яриа хэлэлцээ хийж, харилцан ойлголцон гэрээний үнэ тогтоох механизмд өөрчлөлт оруулж, 10 ам.долларын зөрүүг арилгаж чадсан. Нэгдүгээрт, бид үйл ажиллагаанаас таван ам.доллар хэмнэсэн, хоёрдугаарт, “ Чалко”-гийн тал хоёр ам.доллараар үнэ нэмсэн, гуравдугаарт, нүүрсээ Цагаан хадны агуулах дээр буулгахаа больж, уурхайн амнаас шууд Хятадын Ганц модны хилийн боомтод буулгадаг болсон. Ингэснээр Цагаан хадан дээр ачиж, буулгадаг гурван ам.долларын зардлыг хэмнээд байна. Бид ингэж хамтын хэлэлцээний дүнд 10 ам.долларын алдагдлаа арилгаж чадсан бөгөөд хоёр талаасаа хатуу нэг үнэ дээр тогтсон. Энэ нь Ганц модны боомт дээр 57 ам.доллараар нийлүүлэхээр тохирсон үнэ юм. Хэрвээ гэрээнд өөрчлөлт оруулалгүй, үнэ тогтоох дээрх механизмыг үргэлжлүүлэн мөрдсөн бол тонн тутмаас 10 ам.доллар алдаж, дор хаяж 17 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх байсан юм. Гэтэл 70 ам.доллараар зарж байсныг 38 ам.доллар болгон дур мэдэн гэрээг өөрчилж, дордууллаа хэмээн үндэслэлгүй мэдээлэл зориудаар тарааж байгаад харамсч байна.