УИХ намрын чуулганаараа 2025 он хүртэл “Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлого” баталсан. Энэ бодлогод тусгасан зорилтод хүрэхийн тулд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага гарч буй юм. Манай улсын одоо мөрдөж буй Ашигт малтмалын тухай хуулийг 2006 онд шинэчлэн найруулсан билээ.
Уул уурхайн яамнаас мэдээлж буйгаар өөрчлөлт оруулахдаа дээрх хуулийн үндсэн зарчмыг хөндөхгүй, хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаа явуулах эрхэнд халдахгүй байхыг мөрдлөг болгожээ. Энэ хууль батлагдсанаар геологи уул уурхайн салбарын зорилт хэрэгжих эрх зүйн үндэс бүрдэнэ, улс орны нийгэм эдийн засагт эерэг үр дүн гарна хэмээж буй билээ.
Тухайлбал, ашигт малтмалын хайгуулын лицензийг төрөөс зөвшөөрсөн газарт олгож эхэлснээр хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн нөөц нэмэгдэх аж. Мөн геологийн судалгаа, шинжилгээний нэгдсэн сантай болно. Бас байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээх, уурхайн хаалт хариуцлагатай уул уурхайн зарчимд нийцэх юм. Нөгөө талаар ашигт малтмалын лиценз эзэмшигч бараа, ажил үйлчилгээ авах, гүйцэтгэгч шалгаруулахад нэн тэргүүнд Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгжийг сонгодог байх нь.
Иймд монголчууд ашиг орлогоо нэмэгдүүлэх давуу эрх эдэлнэ гэсэн үг юм.
Уул уурхайн дэд сайд О.Эрдэнбулганаас Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлт, эрдэс баялгийн экспортын талаар тодрууллаа.
-Ашигт малтмалын хуульд ямар өөрчлөлт орох бол гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдад байх шиг байна. Хуульд өөрчлөлт оруулах ажил ямар шатандаа явна вэ?
-Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газар хэлэлцээд УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна. Энэ хаврын чуулганаар баталчих байх гэж харж байгаа. Хөрөнгө оруулагчид ялангуяа уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд сүүлийн үед батлагдан гарч буй хууль эрх зүйн баримт бичгүүдийг талархан хүлээн авч байна. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Ашигт малтмалын тухай хуульд оруулсан алтны роялтын тухай хууль байна. Цаашид уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийг дэмжих талаар анхаарна.
-Энэ онд манай уул уурхайн салбарт хэдий хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх боломж байгаа вэ?
-Оны эхний гурван сарын байдлаар 400 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. Үүний 80 хувь нь уул уурхайн салбарт ногдож буй юм.
-Нүүрс, төмрийн хүдрийн экспорт зогсонги байдалд орсон гэсэн. Тэгэхээр экспортын орлого буурсан гэж ойлгож болох уу?
-Энэ оны эхний улиралд экспортын хэмжээ 20 хувиар өссөн. Нийтдээ 980 орчим сая ам.долларын орлого олсон. Хэдийгээр нүүрс, төмрийн хүдрийн экспорт буурсан ч зэсийн баяжмал, газрын тосны экспорт их хэмжээгээр нэмэгдлээ. Энэ нь экспорт эерэг дүнтэй гарахад нөлөөлж байна.
-Урт нэртэй хуулиар цуцлагдсан 106 лицензийг сэргээнэ гэж байгаа. Үүнд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт орж ирээд царцсан байсан юм бол?
-Уул уурхайн яам, Хууль зүйн яамтай хамтарсан ажлын хэсэг 106 лицензийг судалж байна. Ер нь, лиценз аваад үйл ажиллагаа явуулж байсан компаниудад буруу байхгүй. Албан тушаалтны буруугаас болж хэдийнэ ажиллаж байсан компани хохирох ёсгүй. Аль болох эдгээр компанид нааштай шийдэхээр ажиллаж байна. Яг хэдий хэмжээний хөрөнгө оруулсан талаар тодорхой тоо гаргаагүй байгаа. Яагаад гэвэл хайгуулын лицензийг есөн жил хүртэл хугацаатай олгодог. Тэгэхээр эхний хоёр жилд суурь судалгаа хийж байсан тул төдий хэмжээний хөрөнгө оруулалт орж ирсэн гэж хэлэх боломжгүй юм.