Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрээс үнэт чулуу их хэмжээгээр олдож, хятадууд худалдан авч байна гэсэн мэдээлэл гараад буй. Энэ хэр үндэслэлтэй мэдээлэл болохыг сумын Засаг дарга Г.Гангамаагаас тодрууллаа.
-Гурвантэс сумын иргэдээс хятадууд их хэмжээгээр улаан өнгийн чулуу худалдан авч байна гэх юм. Ямар чулуу олдсон юм бэ?
-Улаан өнгийн чулуу олдсон нь үнэн. Гэхдээ би хятадууд ирээд худалдан авч байхыг нь хараагүй. Энэ чулуу олдсон газрыг иргэд өдөр, шөнөгүй ухаж байсан учраас хамгаалалттай болгосон. Гэвч шөнөдөө ирж ухаад байх юм.
-Сумын нутаг дэвсгэрийн аль хэсэгт үнэт чулууны орд илэрсэн юм бэ. Зах зээлд өндөр үнээр үнэлэгдэх хэмжээний чулуу гэнэт л газрын доороос гараад ирсэн гэх үлгэр мэт яриа гараад байна л даа?
-Сумаас хэдхэн км газарт л даа. Нэрийг нь хэлж болох үгүйг мэдэхгүй юм. Хэлчихвэл хот, хөдөөгүй шавж магадгүй. Ямар ч гэсэн энэ чулууны орд илэрсэн нь үнэн. Иргэд их, бага хэмжээгээр зөөж байсныг сумын удирдлага, байгаль орчныг хамгаалах газар цагдаа нар хамтран хууль бус үйл ажиллагааг нь зогсоосон. Хүн бүр хариуцсан ажилтай учраас өдөржин тэр ордыг манаад зогсох боломжгүй. Тэр сиймхийг л далимдуулж иргэд ухчих юм.
-Геологи эрдэс баялгийн хүрээлэнд хандсан уу. Ямар нэртэй, юунд ашиглах зориулалттай чулуу юм бол?
-Хандсан. Хас гэдэг нэртэй. Ээмэг, бөгж гээд гоёл чимэглэлийн зүйлд ашиглах боломжтой чулуу байна гэсэн.
-Ордын нөөцийг тогтоосон уу. Орон нутгаас одоо ямар арга хэмжээ авч байна вэ?
-Нөөцийг нь тогтоогоогүй. Уг нь, сумын зүгээс бичил уурхай байгуулж, иргэддээ ашиглуулъя гэж бодсон юм. Гэвч манайд хууль эрх зүйн орчин нь байхгүй учраас хууль бус үйл ажиллагаа болох юм билээ. Тиймээс ямар ч гэсэн ашиглуулахгүй гэсэн шийдвэр гарган хамгаалж байна.
-Иргэд шөнөдөө ирж ухаад байна гэсэн. Аймаг орон нутгаасаа дэмжлэг хүссэн үү?
-Сүүлд авсан мэдээллээр иргэдийг тараасны дараа шөнө нь ирж хоёр ч нүх ухсан байна гэсэн. Хяналт тавиад хүчрэхгүй л байна. Манай аймаг ашигт малтмалын их баялагтай болохоор байцаагч нь хүрэлцдэггүй.
-Хас гэдэг гоёл чимэглэлийн зориулалттай эл чулууны үнэ сарын дотор кг нь 150 мянган төгрөг хүрсэн гэдэг нь үнэн үү?
-Тэр тухай би сайн мэдэхгүй. Өгч, авч байгааг нь хараагүй болохоор хэлж мэдэхгүй юм.
-Сумын удирдлага, Байгаль орчныг хамгаалах газартай хамтран чулуу олборлуулахгүй, сэндийчүүлэхгүй, ухсан нүхийг нь булах арга хэмжээ аваад нэмэргүй байна гэлээ. Холбогдох газар нь ямар арга хэмжээ авна гэсэн юм. Хэдий болтол өдөр, шөнөгүй манах билээ дээ?
-Харин тийм ээ. Хэрхэн, яаж ашиглахыг Ашигт малтмалын газар л мэднэ дээ. Орон нутгийн ажил их учраас бидний хувьд байнга манаж зогсох боломжгүй. Холбогдох газар нь удахгүй арга хэмжээ авах байх аа.