Хайгуулын компаниуд жилээс жилд цөөрч байгаа. Учир нь хайгуулын лицензийн хугацаа дуусч буй юм. УИХ энэ хаврын чуулганаар хайгуулын лиценз дахин олгох эсэх талаар шийд гаргах ажээ. Хэрэв хайгуулын лиценз олгохгүй бол гурван жилийн дараа Монгол Улс хайгуулын лицензгүй болно. Өчигдөр “Монголын геологи, хайгуул-2014” чуулга уулзалт Оросын шинжлэх ухаан мэдээллийн төвд эхэллээ. Энэ чуулганд оролцогчид “Геологи хайгуулын судалгааг тасралтгүй хийж байх ёстой. Уул уурхайн салбараас геологи, хайгуулын ажил ямагт түрүүлж явдаг.
Гэтэл манай улсад геологи хайгуулын ажил тасалдах хэмжээнд хүрч байна” гэсэн геологич цөөнгүй байлаа. Энэ чуулга уулзалтад Уул уурхайн яамны Стратегийн, бодлого төлөвлөлтиийн газрын Геологийн бодлогын хэлтсийн дарга Б.Баатарцогт “Монгол Улсын геологийн судалгааны бодлого, эрх зүй, цаашдын зорилт”, Цөмийн энергийн газрын Цацраг идэвхт ашигт малтмалын хэлтсийн дарга Ү.Ганбаатар “Цацраг идэвхт ашигт малтмалын салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” зэрэг сонирхолтой илтгэл тавив. Үүнээс гадна геологийн ажлын үр дүн, тайлангийн чанар, тулгамдаж буй асуудлын талаар илтгэлүүд хэлэлцүүллээ. Өнөөдөр Монгол орны волфьрам, газрын ховор элементийн ордуудын судлагдсан байдал цаашид хэрхэн ашиглах талаар судлаачид илтгэл тавих юм. Мөн “Алтан нар” төслийн өнгөрсөн онд хийсэн геологи хайгуулын ажлын үр дүнгийн талаар “Эрдэнэ Монгол” компанийн геологич Г.Бат-Эрдэнэ илтгэл тавих ажээ. Бас Шинжлэх ухааны академийн Геологи, эрдэс баялгийн хүрээлэнгийн судлаач Н.Тунгалаг “Олон овоот алтны ордын эрдсийн судалгааны” тухай илтгэл тавих нь.
Хэдийгээр хайгуулын лиценз олгохгүй байгаа ч жилд улсын төсвөөр хайгуул хийх хөрөнгө оруулалт нэмэгдэж буй юм. Тухайлбал, Засгийн газрын үйл ажиллагааны 2012-2016 оны хөтөлбөрт геологи хайгуулын ажилд зарцуулах улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэж тусгасан. Ингээд 2016 онд Монгол Улсын нутаг дэвсгэрийн 40 хувийг 1: 50.000 геологийн зураглалаар бүрхэх төлөвлөгөө бий. Уг ажилд өнгөрсөн онд 7.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт улсын төсвөөс хийсэн. Энэ онд улсын төсвөөс 10 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөөд байна.
Харин хувийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа хайгуулын ажил буурч буй юм. Үүнээс нэлээд орд нээгдэж Монгол орны эрдэс баялгийн санг арвижуулж байна. Тухайлбал, өнгөрсөн оны эхний улиралд есөн тонн нөөцтэй алтны үндсэн таван ордын нөөцийг батлуулжээ. Мөн 1.2 тонн нөөцтэй алтны шороон орд илрүүлсэн аж. Бас 166 мянган тонн цэвэр зэсийн нөөцтэй орд ч байгаа юм.
Энэ онд ашигт малтмалын ордын нөөц, баялгийг тайлагнах систем, ангиллыг боловсронгуй болгоно. Ингэснээр олон улсын “CRIRSCO” байгууллагын гишүүнээр албан ёсоор элсэх бэлтгэл ажил бүрэн хангагдсан хэмээн Уул уурхайн яамнаас мэдээлсэн билээ. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Уул уурхайн яамнаас боловсруулсан. Эл хуулийн төслийг Засгийн газраас удахгүй хэлэлцүүлнэ. Төрөөс эрдэс баялгийн салбарт 2025 он хүртэл баримтлах бодлогод Монголын Геологийн алба байгуулах тухай тусгасан. Монголын геологийн албаны бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох талаар бодлогын баримт бичигт тусгасны дагуу УИХ-д өргөн барих Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд дээрх асуудлыг оруулаад байна.