Цөмийн технологи аюултай юу? Монголчууд нийтээрээ энэ асуултад санал нэгтэйгээр тийм гэж хариулсан хэвээр л байна.
Олон нийтийн санаа бодолд хамгийн амархан нөлөөлөх зам нь цуу яриа гэж хэн нэгэн хэлжээ. Цуу яриа гэдэг бол баримтгүй, бодит гэрчгүй, болсон үйл явдлын сураг чимээг уран сэтгэмжээр хачирласан тийм л үгсийн цогцолбор юм. Цөмийн технологид бид ийм байдлаар хандсаар ирэв. Гэтэл учрыг мэдэж, аргыг сурсан мэргэжилтнүүд тэс өмнөө байр суурьтай байх аж. “Өглөө бүр иддэг талх шиг л өдөр бүр хүн төрөлхтөн цөмийн технологи ашиглаж байна” гэж Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр хэллээ. Тодруулбал, хүн төрөлхтний хөгжлийн чиглэл нь цөмийн технологиор тодорхойлогдох бөгөөд одоо ч өргөн хэрэглээнд цөмийн аргачлал элбэгшсээр буй юм. Түүнчлэн шинжлэх ухааны хөгжлийн хурд цөмийн түвшинд саарахыг ч үгүйсгэхгүй. Энэ мэт олон энгийн зүйлийг нийгэмд гамшгийн хэмжээнд ойлгож хүлээж авч байдгийг ойлгуулахаар ЦЭГ-аас “Цөмийн технологи ба дэлхий ертөнц” нэртэй уулзалтад сэтгүүлчдийг урив. Мэргэжлийн байгууллага, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарынхан хийгээд уул уурхайн компанийн төлөөлөл оролцлоо.
Цөмийн цацраг гэж юу вэ
Юун түрүүнд цөмийн технологийг товч тодорхойлохын тулд дунд сургуулийн физикийн хичээлээс эш татъя. Биет бүхэн эд эсээс бүрдэж байхад тэдгээр нь молекулаас тогтоно. Молекул нь атомуудын нэгдэл бөгөөд ширхэг атом бүр дотроо цөмтэй. Цөм нь нейтрон, протон, электроны нийлэмж. Эцсийн дүндээ протон, нейтрон, электроны харилцан үйлчлэлээр хорвоо, дэлхий оршин байгаа. Хүн төрөлхтөн өнөөг хүртэл 118 төрлийн атом нээсэн нь орчлонгийн олон өнгө, хэлбэрийг бүрдүүлж буй. Ураны олборлолтыг эрс эсэргүүцсэн олон нийтийн хөдөлгөөн нь цөмийн түвшний асуудлыг нийгэмд идэвхжүүлсэн гэхэд болно. Гэвч уран нь дээрх 118 атомаасаа хамгийн хүнд жинтэйгээс гадна цацраг идэвхтэй атомын сонгодог жишээ. Дашрамд, зарим атом цацраг идэвхгүй байдгийг сануулах нь зүйтэй.
Цацраг идэвх гэдэг нь аяндаа явагддаг атомын задрал бөгөөд зарим бөөм нь салж одохыг хэлдэг аж. Гэвч энэ нь бүгд аюултай гэсэн үг биш. Шинжлэх ухааны ойлголт болохоор хүмүүст ойлгоход бэрх санагддаг учраас аюултай гэдэг үгэнд амархан автдаг бололтой. Цацраг идэвхийг Бк/Беккерель/ нэгжээр хэмждэг бөгөөд хүний биеийн нэг кг тутмаас 130 Бк цацраг ялгардаг. Өөрөөр хэлбэл, 130 атомын задрал явагддаг нь 70 кг жинтэй хүний биеэс секунд тутамд 9000 орчим бөөм ялгардаг гэсэн үг. Энэ зарчмаар борооны ус, уудаг сүү, эрдэсжүүлсэн уснаас ч цацраг идэвх ялгардаг. Мэдээж эдгээр нь аюулгүй. Ямар учраас цацраг идэвх аюултай гээд байдаг шалтгааныг эрдэмтэд дараах байдлаар тайлбарлажээ. Цацраг идэвхт задралаас альфа, бетта, гамма болон Х цацраг ялгарч, хүний биед нөлөөлдөг. Цацрагт өртсөн хүний биеийн атомууд электроноо алдаж ион шинжид хувирч, хүний биеийн эд эсийн зохион байгуулалтыг өөрчилдөг аж. Мэдээж өөр хоорондоо ялгаатай. Жишээ нь, нэвтрэх чадварын хувьд альфа цацраг хамгийн муу буюу том ширхэгтэй учраас хүний биеийн арьс нэвтэлж чаддаггүй, 8.5 см хүртэлх зайд цацардаг. Тэр бүү хэл хуудас цаасыг ч альфа цацраг нэвтэлж дөнгөдөггүй тул нөлөө бага. Харин бетта цацраг хүний арьсны өнгөн хэсгийг нэвтэлдэг боловч тугалган цаас, шил эсвэл хувцасны гаднаас нэвтэрч чаддаггүй. Нэвтрэх чадвар хамгийн сайн цацраг нь гамма юм. Соронзон долгион буюу нэмэлт энерги ялгаруулж байдаг тул гамма цацрагаас маш зузаан бетон ханаар эсвэл хар тугалган хавтангаар хамгаалалт хийж болдог аж. Энэ нь гэрлийн хурдаар тархдаг бөгөөд эмчилгээний рентген туяанаас ч их энерги агуулдаг гэнэ. Цацраг идэвхийн нөлөөнд хэр автахаас хамаарч аюултай эсэх нь тодорхойлогддог учраас цацраг идэвхийг аюултай, аюулгүй гэж тодорхойлох нь өрөөсгөл ойлголт. Хэрэв цөөнгүй хүний андуу сэтгэдэг шиг цөмийн технологи бүхэлдээ хор хөнөөлтэй, аюултай байсан сан бол 21 дүгээр зуунд хүн төрөлхтөн орших нь бүү хэл дэлхий ертөнцийн өнгө төрх өнөөгийнх шиг байхааргүй аж.
Цөмийн цацраг гэх технологи бидний амьдралд
Цөмийн технологи дотроо янз бүр байдгаас хамаарч амьдралд ашиглах хэлбэр нь ч олон төрөл. Дээр өгүүлсэнчлэн өдөр бүр цөмийн технологийн үр шимийг хүртэж байгаагаа иргэд мэддэггүй юм байна. Хүүхдийн живхний шингээгч эдийг цөмийн технологиор хийдэг. Гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлагыг илүү боловсронгуй болгоход цөмийн технологи ашигладаг. Автомашины дугуй бат бэх байх тусам цөмийн технологи түлхүү орсон гэсэн үг. Цаг, луужин, нүдний хиймэл болор, зургийн аппаратны линз, гэрлийн бүрхүүл зэргийг мөн л цөмийн технологийн үр дүнд бүтээдэг. Түүнээс гадна цагдаа нар гэмт хэргийн шинжилгээнд, археологичид олдворын насыг тогтооход, ашигт малтмалынхан хайгуул судалгааны ажилд, олборлолт, боловсруулалтын явцад цөмийн технологи ашиглаж байна. Бидний аюултай гэж “бат итгэдэг” цөмийн задрал, цацраг идэвхийг олон сайхан зүйлд ашигладаг бөгөөд цаашид ч улам дэлгэрэх хандлагатай байгаа юм. Дэлхий дахинд үнэт эрдэнийн чулууны бизнес хэзээнээс эрэлттэй байсан. Тэгвэл чулууны өнгийг цөмийн технологиор өөрчилж, шинэ, өвөрмөц болгодог аж.
Эмнэлгийн оношилгоо, шинжилгээ, эмчилгээнд түгээмэл болоод буй рентген зураг, эхо аппарат, шарлага эмчилгээ хүртэл цөмийн технологийн хэлбэр гэдгийг өвчтөнүүд тэр бүр мэддэггүй. Арга ч үгүй биз. Эмч, эмнэлэгийнхэн нь хэлдэггүй болохоор иргэд мэдэх бололцоогүй. Рентген туяа, эхо аппаратад олон удаа орох нь эрүүл мэндэд хортой гэж ярьдаг ч хэн ч нотлоогүй. Гэтэл цөмийн эмчилгээгээр эрүүлжиж, олон жил энх тунх амьдарсан монгол хүн ч байдаг аж. 1975 онд цөмийн эмчилгээ, оношилгоогоор өвчнөө илааршуулсан эмэгтэй өдгөө нас дээр гарсан ч амар мэнд сууна. Орчин үед манай улсын эрүүл мэндийн салбар дотроо Хавдар судлалын үндэсний төв цөмийн технологи бүхий оношилгоо, эмчилгээг түгээмэл ашиглаж байгаа. Гэхдээ тусгай аппараттай харьцах ажиллагааг цөмийн физикийн мэргэжил эзэмшсэн хүмүүс гүйцэтгэдэг тул аюулгүй, зөв хэмээн ХСҮТ-ийн тасгийн эрхлэгч Г.Одонтуяа хэлэв. Тэд хорт хавдрын эсрэг тусгай аппарат ашигладаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанаас үзвэл хорт хавдраар өвчлөгсдийн 60 гаруй хувь нь туяа эмчилгээ хийлгэх шаардлагатай. Монголд жилдээ 4000 хорт хавдрын тохиолдол бүртгэгддэг гэвэл 2500-3000 хүн тусгай аппаратны эмчилгээнд орно. Гэвч 2013 оны дүнгээр ердөө 487 хүн туяа эмчилгээ хийлгэжээ. Учир нь, эмнэлгийн аппарат нь эвдэрч, засч сэлбэхэд төсвийн бололцоо байхгүй. Нөгөөтэйгүүр цөмийн технологийн импортын асуудалд эрх зүйн зохицуулалт тодорхой болоогүй тул импортлоход төвөгтэй байдаг аж. Улсын нэгдүгээр клиникийн захирал Б.Бямбадоржийн хэлснээр “PET-CT” хэмээх аппарат оруулж ирвэл хавдрын иж бүрэн оношилгоог молекулын түвшинд харж, нарийн тодорхойлох хамгийн дэвшилтэт технологитой болно. Тиймээс ашгийн зориулалтаар ашиглахгүй ийм төхөөрөмжид төрөөс татвараар чөлөөлж дэмжих хэрэгтэй гэлээ.
Эрүүл мэндийн салбарт цөмийн технологийг цацраг туяа хэлбэрээр ашигладаг бол агаарын тээвэрт ч адилхан төрлөөр ашигладаг. Онгоцны эд ангийн эвдрэл гэмтлийг байнга оношлох ёстой. Гэвч энэ нь 3-5 давхаргаас бүтдэг бөгөөд нислэг болгоны өмнө задлаад үзэх бололцоогүй. Тиймээс “үл эвдэх сорил” буюу туяаны зарчмаар оношилгоо хийж, аюулгүй байдлыг хангадаг аж. Ийм аргачлалыг шуудан илгээмжид ч ашиглаж байна. 2001 онд АНУ-д шуудан илгээмжид терроризмын халдлага үйлдлэх хэрэгсэл хийж, улмаар таван хүн амь насаа алдсан түүхтэй. Түүнээс хойш бүх илгээмжийг рентген туяагаар танадаж, аюултай эсэхийг шалгадаг болжээ.
Дээрхээс дүгнэж үзвэл цөмийн технологийн үрээр хүн хордож, байгаль орчин сүйрсэн тохиолдол алга. Хэрэв зээ, цөмийн технологийн цацрагаас үүдэлтэй залруулж болшгүй ганцхан дутагдал байсан бол өнөөдөр живх хэрэглэдэг багачууд, үнэт чулуу зүүдэг бүсгүйчүүд, автомашин унадаг эрчүүд, нүдний болороо солиулсан ахмад настан бүгд орших уу, эс орших уу гэх асуултын өмнө ирэх байж. Аз болоход атомын задрал, цөмийн технологид байж болох гажуудлыг шинжлэх ухаанаар шийджээ. Түүний ачаар бөмбөрцөг дэлхийн эргэн тойронд олон сая хүн хорт хавдраас ангижирч, түүнээс ч олон хүн элдэв өвчнөөс урьдчилан сэргийлж, сая сая үхлийг зогсоож байна.
“Арева Монгол” Монголд 30 жил ажиллана
Дэлхийд ураны зах зээлд бидний ойрын хөрш Казахстан улс тэргүүлдэг бол аман хүзүүнд Канад, Австрали зэрэг том тоглогчид жагсчээ. “КазАтомПром” хэмээх казахстан компани олборлолтоор толгой цохидог бөгөөд жилд 8.8 мянган тонн уранаар дэлхийн хэрэгцээний 15 хувийг хангаж байна. Харин манай улс ураны олборлолт хараахан эхлүүлээгүй бөгөөд шар нунтгийн хэмжээнд экспортлох бодлого баримталдаг. Гурван жилийн өмнөх судалгаагаар бид ураны нөөцөөрөө дэлхий дахинд 13 дугаар байрт жагсч байсан юм. Сүүлийн дөрвөн жилийн дотор ураны зургаан орд шинээр нээсэн бөгөөд үүнээс 90 гаруй мянган тонн геологийн нөөц эдийн засгийн үр ашигтай гэх дүгнэлт гарчээ. Ингэснээр улсын хэмжээнд 12 ордын эдийн засгийн үр ашигтай, 140 гаруй мянган тонн геологийн нөөцтэй болоод буй юм. Харин таамаглалт нөөцийн хэмжээ 1.4 сая тонн хүрчээ. Эдгээр ордоос хамгийн том нь Зөөвч овоо орд бөгөөд 54 мянган тонн нөөц батлагджээ. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт байгаа тус ордод “Арева Монгол” компани хайгуул хийж илрүүлсэн байна. Тус компани 2003 онд Дорноговь аймгийн Сайншандад Дулаан уулын ордыг ч илрүүлсэн юм. Дэлхийд тэргүүлэгч “Арева”-гийн охин компани өнгөрсөн 17 жилийн хугацаанд манай улсад хайгуулын үйл ажиллагаа эрхлэхдээ 160 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийснээ дуулгалаа. Энэ их хөрөнгөө газрын гүний өрөмдлөг, хайгуул, шинжилгээнд зориулсан гэж тайлагнасан юм. Цаашид олборлолт хийх сонирхолтой байгаа бөгөөд Монгол Улсад ойрын 30 жил үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөгөө ч “Арева Монгол” компанийн захирал Тьери Плайзен хэлсэн юм. Тэдний хувьд олборлолт эхэлбэл Казахстаны урд ч гишгэх боломжтой гэж үздэг аж.
Цөмийн энергийн газрын мэргэжилтнүүд уран олборлох гурван аргачлал байдгийг танилцуулсан. Ил, далд болон газрын гүнд уусгаж олборлодог. Манай орны говийн бүсэд уусгаж олборлох арга нь илүү тохиромжтой бөгөөд цацраг идэвх орчинд нь дэгдээж, алддаггүй тул хамгийн аюулгүй аргачлал гэнэ.
Ураны хайгуулын ажил ердөө таван жилийн өмнө эхлээгүй, Шинэчлэлийн Засгийн газрын үед бий болоогүйг ЦЭГ-ын дарга онцолсон. Тэртээ 50 гаруй жилийн өмнө, социалист системийн 12 оронтой хамтарч Цөмийн шинжилгээний институт байгуулж, анхаарлаа хандуулж байсан түүхтэй. Зардал ихтэй хайгуул, судалгааг эрдэм шинжилгээ төдийхнөөр ашиглахын тулд эхлүүлээгүй нь мэдээж. Гагцхүү уран олборлох бололцоо бүрдэхгүй явсаар ардчилалтай золгосон биз ээ. Эрт орой хэзээ нэгэн цагт уран олборлох нь тодорхой байж. Тэртэй тэргүй уран гэдэг нь байгаль дээрх хэлбэрээрээ хэнд ч хор хөнөөлгүй, эгэл ашигт малтмал гэж салбарынхан нотолдог. Гагцхүү үйлдвэрлэлийн шатанд оруулж, боловсруулаад “Уран-235” гэдэг дан бодис болохоороо л цацраг идэвх нь хөдөлгөөнд ордог аж. Монголчуудын баримталж буй зарчим нь үйлдвэрлэлээс өмнө, “Уран-235” гэдэг бодисын үе шатаас хэд дахин наана буюу дөнгөж шар нунтаг болгож, баяжуулж экспортлох явдал. Тийм болохоор л уран аюулгүй гэдэгт мэргэжилтнүүд итгэлтэй байдаг. Нөгөөтэйгүүр, ураны үнэ цэн нүүрснээс л гэхэд хэдэн мянга дахин илүү хэрнээ олборлох ажиллагаанаас үүсэх экологи дахь нөлөө нь алт, зэс, нүүрс боловсруулахаас хэд дахин эрүүл аж.
Дэлхийн эрчим хүчний чиг хандлага цөмийн цахилгаан станц руу чиглэж байгаа. Одоогоор 31 оронд 350 шахам станц ажилладаг. 2010 оны байдлаар зүүн Азид цөмийн эрчим хүчний чадал 81ГВт байсан бол 2030 онд хамгийн багадаа 255 ГВт болох аж. Өөрөөр хэлбэл, хамгийн багадаа 90 цөмийн реактор, ихдээ 350 реактор шинээр байгуулагдах юм. Энэ их эрэлтийг нөхөхийн тулд ураны хэрэгцээ зайлшгүй шаардагдах бөгөөд олборлосон ураны нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэхгүй гэх таамаглал ч гарчээ. Тийм учраас шар нунтаг экспортлох чиглэл улам л анхаарал татаж, улам л үнэ цэнтэй болж байна.
Дашрамд, манай улсад цөмийн технологи ашигладаг 300 гаруй байгууллага байдаг аж. Хамгийн том “Оюу толгой” компанид 58, “Эрдэнэт” үйлдвэрт 165 цөмийн үүсгүүр ашигладаг. Түүний араас 160 гаруй эмнэлэг, 22 судалгааны лаборатор, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд ордог байна. 2003 оноос хойш манай улсад цөмийн цацрагтай ажиллагсдын тоо дөрөв дахин өсчээ.