Дэлхийн нүүрсний хэрэлээ жил бүр өссөөр буйг судлаачид хэлдэг. Гэвч нийлүүлэлт нь эрэлтээ давж байгаа тул үнэ ханш доогуур байна. Судлаачдын үзэж буйгаар ирэх гурван жилд дэлхийн нүүрсний хэрэглээ 700 сая тонноор нэмэгдэх тооцоо бий. Хэрэглээ ингэж нэмэгдэх шалтгаан нь Хятад, Энэтхэгт эрчим хүч, гангийн үйлдвэрлэл, эрэлт өсч буйтай холбоотой. Тухайлбал, нүүрсний хэрэглээний нийт өсөлтийн 80 хувь нь дээрх хоёр улсад ногдож буй билээ. Товчхондоо хамгийн их хүн амтай эдгээр улсад үйлдвэрлэл, орон сууц барилга барих нь жилээс жилд нэмэгдэж байгаа учир ган, эрчим хүчний хэрэгцээ өсөв. Энэ нь нүүрсний эрэлт нэмэгдэх гол хүчин зүйл болж байна. Жишээлбэл урд хөршийн Шенжен хотыг нэрлэж болно. Тус хот 1980-аад оны сүүлчээр загасчдын жижиг тосгон байж. Гэтэл одоо өндөр өндөр барилга сүндэрлэсэн орчин үеийн том хот болон өргөжин тэлж буй гэдэг. Дэлхийн гангийн нийгэмлэгийн мэдээлснээр өнгөрсөн онд Хятадын ган үйлдвэрлэл өмнөх жилийнхээсээ есөн хувиар нэмэгджээ.
Ингээд тус улс өнгөрсөн онд 779 сая тонн ган үйлдвэрлэсэн байна. Үүний тулд өнгөрсөн онд Хятад 320, Энэтхэг 170 сая тонн нүүрс импортолжээ. Энэ нь хоёр жилийн дараа гэхэд 100 гаруй сая тонноор нэмэгдэх тооцоо бий.
Дэлхийн хамгийн том нүүрс олборлогч “Пийбоди энержи” компанийн судлаачдын хийсэн дүгнэлтэд “Энэ онд нүүрс олборлох шинэ төслүүд удаашрах, олборлолтын өртөг өндөртэй уурхайнууд хаагдсанаар эрэлт нь нийлүүлэлтээ давна. Хятад нүүрсний хамгийн том импортлогч болж байна. Учир нь дотоодын уурхайнуудын олборлолтын зардал өссөн, бүтээгдэхүүний чанар муудсан нь импортоо нэмэгдүүлэхэд хүргэлээ. Энэ нь Монгол Улсад нүүрсний экспортоо нэмэгдүүлэх боломж олгоно. Мөн Хятад улсыг зорьсон нүүрсний далайн тээвэр 2016 он гэхэд 10-15 хувиар нэмэгдэх төлөв бий” гэжээ. Тэгэхээр нүүрсэнд ширүүн өрсөлдөөн нүүрлэж байна. Үүнийг сөрөн зогсохын тулд нэн тэргүүнд манай улсын нүүрс экспортлогч компаниуд бүтээгдэхүүнийхээ чанараа сайжруулах буюу угааж баяжуулах, үйлдвэрлэлийн өртөг зардлаа бууруулах шаардлага тулгарч байгаа юм.
Хэдийгээр эрэлт, хэрэгцээ өсч байгаа ч үнэ ханш нь унаж манай улсын нүүрсний экспорт хүнд байдалд орсон. Үнэ унахад нүүрсний нийлүүлэлт нэмэгдэж өрсөлдөөн ширүүссэн, тээврийн зардал хэт өндөр гардаг, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал муу, удаан байдаг тул өрсөлдөх чадвараа алдаж байна гэж мэргэжилтнүүд хэлдэг. Жишээлбэл, Таван толгойн уурхайгаас ачсан нүүрсээ 220 км газар авто машинаар тээвэрлэж Цагаан хадны шилжүүлэн ачих баазад буулгадаг. Иймд нэг тонн нүүрсэнд 15 ам.долларын зардал гардаг тооцоо бий. Уг баазад буулгаад эргүүлж ачихад хоёр ам.долларын өртөг гарна. Тэгээд Хятадын Ганц модны боомтод 20 км газар тээвэрлэж хүргэхэд 10 ам.доллар зарцуулдаг аж. Эндээс үзэхэд уурхайгаас урд хөршийн хил давж буй нэг тонн нүүрс гурав хоногт 27 ам.долларын зардал гаргаж буй юм. Өнгөрсөн оны наймдугаар сард Засгийн газар Таван толгой уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт хүртэл нүүрсээ шууд тээвэрлэх шийдвэр гаргасан. Үүний үр дүнд 237 км газарт нэг тонн нүүрс тээвэрлэх зардал 16 ам.доллар, хилийн боомтод шилжүүлэн ачихад хоёр ам.долларын зардал гаргаж байна. Өөрөөр хэлбэл нэг тонн нүүрс экспортлох тээврийн зардал урд өмнөхөөсөө есөн ам.доллараар буурчээ.
Манай улсаас нүүрс экспортолж буй Гашуун сухайт, Шивээхүрэн боомтууд өдөрт 8-19 цагийн хооронд ажиллах цагийн хуваарьтай. Гэтэл нүүрс ачсан нэг машин хилээр нэвтрэн гарахад ойролцоогоор дөрвөн цаг болдог гэдэг.
Нүүрс экспортлох нэгдсэн бодлого алга. Компаниуд тус тусдаа ёстой л “Хувиа борлуулж, Довоо шарлуулна” гэдэг шиг л явж буй нь үнэ бага тогтоход нөлөөлдөг. Үүнээс гадна урт хугацаанд тогтвортой, ашиг гарах нөхцөлтэй гэрээ хэлцэл хийж чадахгүй байгаа билээ.
Эдгээр хүчин зүйлээс болоод энэ онд 30 сая тонн нүүрс экспортолж чадахгүйд хүрнэ гэж салбарын зарим мэргэжилтнүүд хэлдэг. Төрийн зүгээс энэ онд Таван толгойн бүлэг ордоос нүүрс экспортолж буй компаниудын экспортын худалдааг зохицуулах төр, хувийн хэвшлийн хамтарсан компани байгуулах төлөвлөгөө бий. Цаашид үйл ажиллагаа нь өргөжиж экспортод гарч буй бүх нүүрсний борлуулалтыг зохицуулах ажээ. Сүүлийн хоёр жилд коксжих нүүрсний үнэ эрс буурч, далайн тээврийн зардал ч 2004 оноос хойш хамгийн доод хэмжээндээ хүрсэн байна. Иймд урд хөршийн ган үйлдвэрлэгчид далайгаар тээвэрлэсэн, хямд өртөгтэй нүүрс худалдан авах болов. Тэгэхээр манайхаас газраар зөөж буй нүүрсний үнэ далайгаар тээвэрлэсэн нүүрсний үнэтэй өрсөлдөхүйц байх шаардлагатай тулгарч байгаа билээ. Хэрэв өрсөлдөж чадахгүй бол зах зээлээс шахагдах нь тодорхой. Урд хөршийн зах зээлээс манай нүүрс шахагдаж эхэлсэн хандлага сүүлийн хоёр жилд ажиглагдаж буй. Тухайлбал ОХУ, Индонез, Мозамбек зэрэг улс Хятадад нүүрс нийлүүлдэг болсон. Өнгөрсөн жилийн байдлаар Австрали, ОХУ, Хойд америкийн нүүрсний нийлүүлэлт огцом нэмэгдсэн байна. Гэтэл манай улсын нүүрсний экспорт зогсонги байдалд орсон билээ. Нүүрс 2011 онд манай улсын нийт экспортын 47 хувийг эзэлж байв. Харин өнгөрсөн онд 26 хувь болж буурлаа. Улсын төсөвт өнгөрсөн онд 31 сая тонн нүүрс нийлүүлэх төлөвлөгөө хийсэн ч дөнгөж 20 сая тоннд хүрэхтэй үгүйтэй л байлаа. Энэ онд ч төлөвлөсөндөө хүрч чадах эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Учир нь дээр дурьдсан бэрхшээлтэй асуудлаа бас л шийдэж чадаагүй билээ. Уг нь хамгийн том ипортлогч манай хаяанд байгаа тул нүүрсний өрсөлдөөнд шахагдахгүй байх боломж бий.