Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийг хүн төрөлхтөн 20 жилийн дотор “идэж” дуусах нь

Дэлхийн байгаль хамгаалах сангаас хийсэн судалгаанд үндэслэн тус төвийн эрдэмтэд “Хүмүүст 2030 он гэхэд  дэлхийгээс гадна өөр шинэ эх гариг хэрэгтэй болно. Хүн төрөлхтөн жил бүр байгалийн баялгийн 30 болон түүнээс дээш хувийг ашиглаж байна. Зөвхөн мөнгөн дүнгээр тооцож үзвэл энэ нь 4-4.5 их наяд ам.доллар. Энэ бол дэлхий нийтээрээ санхүүгийн хямралаас гарахад шаардлагатай хөрөнгөнөөс дүнгээс хоёр дахин их мөнгө. Жил ирэх тусам л асуудал улам хүндэрсээр байна. Ер нь эх дэлхийн эко системийг эргүүлэн сэргээх боломжгүй болж байна гэсэн үг. Хоёрхон жилийн өмнө 2050 он гэхэд ахиад нэг цэнхэр гариг олох хэрэгтэй гэсэн судалгаа гарч байсан ч өнөөдөр 20 жилээр урагшлалаа” гэжээ.
Харин Английн эрдэмтдийн хийсэн судалгаагаар 2060 он гэхэд дэлхийн температур дунджаар дөрвөн хэмээр хална. Энэхүү дулаарал нь амьд бие организмд хамгийн ихээр мэдрэгдэнэ. Хамгийн харамсалтай нь, Африк, Антриктид зэрэг дэлхийн дулааралд хамгийн их өртөж байгаа тивүүдийн хувьд 10 градусаар өөрчлөгдөх төлөвтэй байгаа аж. Ингэснээр дэлхийн хүн амын тал хувийг усны гачаалд оруулах гэнэ. Түүнээс гадна ургамал болоод амьтны тал хувь нь мөн устаж алга болох аюулд тун ойрхон буйг илтгэж буй юм гэсэн байна.Эрдэмтэд хэрвээ дэлхийн гуравдугаар дайн дэгдвэл энэ удаа газар нутгийн төлөө биш нефть, ус, өнгөт металл, улаан буудайн төлөө л байх болно хэмээн анхааруулсаар байна. Чухам яагаад ийм тоог уншигч танд зориулаад байна вэ гэхээр бид эх дэлхийгээ “идэж” дуусах нь. Сүүлийн жилүүдэд эрчимжсэн уул уурхайн салбарын үйлдвэрлэл байгаль эхийн нулимсыг хамгийн ихээр барж байгаа нь тодорхой.
Америкийн үндэсний аюулгүйн зөвлөлөөс гаргадаг “ирээдүйд юу болох гээд байна вэ” гэсэн төсөөлөл саяхан Барак Обамагийн ширээн дээр очжээ. Ирэх хоёр арван жилд ашигт малтмалын төлөөх тэмцэл геополитикийн хамгийн их асуудалд дагуулсан нөхцөл болох нь. Мэдээж эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгохын тулд тэрбум тэрбумаар ам.доллар, еврог  зарцуулж эхлэх ч хэрвээ олж чадахгүй нөхцөлд дэлхий нефть, байгалийн хийн хомсдолд орж, энд тэндгүй мөргөлдөөн үүсэх нь. Ашигт малтмалын олборлолтын хувьд дэлхий аль эрт дээд цэгтээ хүрээд байна гэж бичсэн байжээ.
Тэгвэл бид хэдэн жилийн дараа энэ их асуудал дагуулаад байгаа ашигт малтмал гэх зүйлгүй болох бол… Түүний дараа биднийг юу хүлээж байгаа вэ…

Нефть ба хар алт




Өнгөрсөн жил АНУ-ын Пенсильвани мужид дэлхий дээр нефть олборлож эхэлсний 150 жилийн ойг тэмдэглэсэн. Тэнд л анх хар алтыг олборлож, хуучин модон торхонд хийж, хүн төрөлхтөн ашиглаж эхэлсэн гэдэг. Гэвч энэ бол тийм оновчтой цаг хугацаа биш гэж үзэх нэгэн ч бий. Эртний грек, персийн үеэс энэхүү тослог хар шингэний ид шидийн талаар ярилцаж, ашиглаж эхэлсэн гэдэг баримт ч байдаг гэнэ. Ямартаа ч өнөөдөр дэлхий нийтийг соронзон мэт татаж байгаа нефть хэмээх бүтээгдэхүүн ирэх 40 жилд сураггүй болох талаар судалгаа гарах боллоо. Хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл нэг их наяд баррель нефть ашиглажээ. Харин нөөц болон үлдээд байгаа дараагийн их наяд баррелийг ирэх 30 жилийн дотор л ховх сорох нь. Дэлхийн хамгийн том газар нутагтай, тэр хэрээрээ байгалийн баялаг ихтэйд тооцогддог Оросын байгалийн баялгийн яамны мэдээллээс үзвэл  тус улсын ураны нөөц 2017 он хүртэл л ашиглах хэмжээнд байгаа бол нефть 11 жил, байгалийн хий болоод нүүрснийх 14 жилийн нөөцтэй байна. Америкийн эрдэмтэн Колин Кемпбэлл, Жин Лахаррере нар бичихдээ “Одоохондоо дэлхий дээрх нефть дуусах болоогүй байна. Гэвч улс орны хөгжлийн гол тулгуур болдог хамгийн хямдхан эрдэс баялгууд чинь л дуусах гэж байна” гэжээ. Тэд уул уурхайн томоохон ордууд нээгдэж, олборлолт эхлэх тусам байгаль дэлхийг дэндүү бохирдуулж бас сүйтгэж байна гэдгийг л анхааруулахыг хүсч.
Оросын шинжлэх ухааны эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал асан Александр Хуршудов “ Дэлхий 20 жилийн өмнөөс л эрдэс баялгаа хэмнэх, ашигт малтмалын олборлолтыг багасгах талаар хүмүүст сануулж эхэлсэн. Гэтэл тэр цагаас хойш далай тэнгис, эх газарт олон тооны нефть хийн ордууд илэрч олборлолт улам эрчимжсээр байна.  Хэдийгээр одоогоор нефтийн үнэ өсөх тусам нөөц мөн адил өсч байхад юу яриад байна гэх хүн олон. Хамгийн гол нь бид байгалийн баялгийн хомсдолд аль хэдийнэ орчихоод байна гэдгээ л ухаарах хэрэгтэй. Нефть өнгөт металл гэхээс илүүтэй цэвэр ус, ой мод нүдний минь өмнө устаж үгүй боллоо. Тэгэхээр байгалиас юу ч үзээгүй мэт бүх зүйлийг нь авахаа зогсоох . Шуналаа дарж, баялгаа хэмнэх ухаантай байх хэрэгтэй болж” хэмээн бичжээ. Үнэхээр бидний нүдэн дээр олборлоод байгаа нефть, зэс, алт зэргээс гадна бусад ховор малтмалын хувь заяа аль хэдийнэ мөхлийн ирмэгт хүрчихээд байгаа аж.

Хүмүүс металл л байвал ашиглаж байна

2000 оноос эхэлсэн гар утасны зогсолтгүй хэрэглээ байгалийн ховор элемент болох танталыг устгаад байна гэдгийг та мэдэх үү. Гэтэл Европын холбооны хийсэн тооцоогоор энэ салбарт ойролцоогоор 30 орчим сая хүн ажилладаг. Германы аж үйлдвэрийн салбарын тэргүүн Карстен Ролле “ Германы эдийн засагт эрчим хүчний гэхээс илүүтэйгээр бусад түүхий эд ямар их орон зайг эзэлнэ бэ гээд “ Германы  хувьд шаардлагатай эрдэс баялгийг ихэвчлэн импортоор л авдаг. Хэрвээ дэлхийн зах зээл дээр өнгөт металл байгаа тохиолдолд тийм ч санаа зовоод байх зүйл биш л дээ. Гэвч эхнээсээ хомсдож байгаа учраас олон мянган хүний ажлын байрыг хадгалах эсэх эргэлзээтэй боллоо” гэжээ.
Европын холбоо болоод АНУ-ын зүгээс саяхан Хятадад шахалт үзүүлэхийг хичээсэн гэнэ. Учир нь, тус улс химийн зарим ховор элементийн экспортоо хэтэрхий өсгөж байгаа аж. Сүүлийн хоёр жил  цайр, цагаан тугалга зэрэг бүтээгдэхүүний экспортын үнэ зөвхөн Хятадаас шалтгаалах болж. Бээжин эдгээр ховор элементүүдийг  Африк болон бусад орноос маш ихээр  худалдаж авч байгаа юм.Тэгэхээр Германы эдийн засгийн суурь болсон аж үйлдвэрийн салбарууд өнөөдөр өндөр технологийн эрэлд гарчихаад байна. Менделеевийн үелэх системийн ховор элемэнтүүдийг орлуулах боломжтой гэж үү. Өнөөдрийн хувьд зурагт, гар утасны үйлдвэрлэлд  кобальт, литий, тантал, автомашины үйлдвэрлэлд цагаан алт буюу платин, нарны зай үйлдвэрлэхэд индий, галлий зэрэг ховор элемент зайлшгүй хэрэглэсээр байна. Жишээ нь,  автомашины цэнэглэгч үйлдвэрлэхэд шаардлагатай болдог литий хэмээх элемент Хятад, АНУ, Боливи, Ботсвана зэрэг улсад л байдаг.  Европын холбооны төлөөлөгч Матта Пеллегрини “Энэ элементийг авч болох  хоёр улс нь улс төрийн болоод бусад бүхий л салбар нь тогтвортой биш байхад АНУ, Хятад бидний хол өрсөлдөгч байдаг. Тэгэхээр асуудал үнэхээр хүндхэн байна шүү” гэсэн байна.

Ус бол жинхэнэ баялаг




Гэвч энэ бүхнээс хамгийн том анхаарлын тэмдэгтэй байгаа баялаг бол ус.  Ирэх 10-15 жил Ойрхи Дорнодод  шашин улс төрийн шалтгаан гэхээс илүүтэйгээр ус болоод ашигт малтмалын төлөөх тэмцэл өрнөх байх.  Цэвэр ус  бол олон оронд өнөөдөр хамгийн үнэт зүйл болчихоод байна.  Саудын Арави болоод Калифорни мужийн хувьд цэвэр ус ойрын хэдхэн жилийн дотор алга болох нь.  Хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэх боломж нь цэвэр уснаас үүдэн үгүй болчихоод байгаа улс орон нэг биш байна. Учир нь нэг кг усан үзэм тарихын тулд 1000 литр ус, нэг кг буудайд 2000, нэг кг нанжин чавга тарихад 2.5 мянган литр ус ордог гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй биз.”Цэвэр ус, эрчим хүчний болоод хүнсний баялаг цаашид дэлхийн улс төрийн байдлыг өөрчлөх гол хүчин зүйл болох нь “хэмээн АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс үзсэн байна. 2025 он гэхэд дэлхийн хүн ам 1.2 тэрбумаар өсч найман тэрбумд хүрэх нь. Энэ хэрээр хүний хязгааргүй хэрэгцээ, шунал өснө. Гэвч юуны өмнө хүмүүс өөрсдийгөө хооллож, ундлах хэрэгтэй. Дараа нь нефть, платиний тухай бодох л хэрэгтэй гэдгээ л мэдрэхсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан