Нүүрсээ жинхэнэ хар алт болгох хувиргах уу
Оросын MetalTorg.Ru сайтад “ хятадууд Монголын коксжих нүүрсийг инээд хүрэм үнээр авч байна гэсэн мэдээлэл өнгөрсөн оны сүүлээр гарч байсан юм. Тэд бичихдээ “Хятадын экспортын нүүрсний үнийн тухайд өнгөрсөн оны есдүгээр сарын байдлаар тонн нүүрсийг Канадаас 227, Австралиас 204, АНУ-аас 191, Оросоос 163 ам.доллараар худалдан авчээ. Хятадын төмөрлөгийн үйлдвэрлэлийн салбарынхан Монголын коксжих нүү тонныг нь ердөө л 67 ам.доллараар худалдан авсан нь хамгийн хямд үнэ байсан юм” хэмээн онцлон бичсэн байсан.
Тэгвэл бид үнэд хүрэхгүй байгаа нүүрсээ жинхэнэ утгаар нь хар алт болгон хувиргах боломж хэр байдаг юм бол оо. Өнөөдөр дэлхий дээрх нефтийн нөөц тун удахгүй шавхагдах нь гэдгийг олон эрдэмтэн бичиж анхааруулж байгаагаас тэртээ 100 жилийн өмнө ашиглаж байсан нүүрснээс шингэн нефть гаргах технологийг АНУ, Хятад зэрэг энэ цагийн түүхийг тодорхойлогч улс орнууд ахин судалж, ашиглах боломжийг эрэлхийлж байгаа билээ. Монголчууд шатахууны хэрэгцээгээ хэрхэн хангах талаар олон жилийн өмнөөс янз бүрийн арга сүвэгчилж иржээ. Тухайлбал 1970-1980 оны үед нүүрснээс шатахуун гаргаж авах судалгаа эрчимтэй хийсэн байдаг. Үүний үр дүнд Багануур, Шивээ-Овоо зэрэг хүрэн нүүрсний томоохон ордууд хамгийн тохиромжтой болох нь тогтоогдсон байна. Мөн Дорноговь аймгийн Зүүнбаян сумын Цагаан элсний нефтийн ордыг түшиглэж бага оврын үйлдвэр ажиллаж байсан удаатай. Энэ үйлдвэр А-80 бензин үйлдвэрлэж, орон нутгийн хэрэгцээгээ хангаж байж. Гэвч энэ бүхний эцэст хуучнаар ЗХУ-аас шатахуунаа авах нь хамгийн тохиромжтой шийдэл хэмээн үзжээ. Тухайн үед манай хэрэглээ маш бага байж. Харин өнөөдөр хэдэн арав дахин нэмэгдэж жилд 100-200 орчим мянган тонноор эрс өсөх боллоо. Ингээд нефть боловсруулах болон нүүрснээс шатахуун гаргах үйлдвэрийн төсөл хөтөлбөр ар араасаа цувран гарч ирсэн. Манайд хамгийн их байгаа баялаг бол нүүрс. Түүнээс шатахуун гаргаж авах боломж бололцоо хэр байгаа талаар мэргэжлийн зарим хүнээс тодрууллаа.
Монгол нүүрс ассоциацын гүйцэтгэх захирал Т.Наран:
Нүүрснээс шатахуун гаргаж авах бүрэн боломжтой. Судалгаагаар нэг баррель нефтийн үнэ 60 ам.доллараас дээш үнэтэй байвал нүүрсээ шатахуун болгоход ашигтай. Одоогийн байдлаар Герман, Япон, Солонгос, АНУ-ын хөрөнгө оруулагчид хүрэн нүүрснээс шатахуун гаргаж авах төсөл боловсруулж, техник технологи оруулж ирэх сонирхолтой байгаа. Энэ тухай санал ч гаргасан. Нэг тонн нүүрс ямар зардлаар боловсруулж хэдий хэмжээний шатахуун гаргаж авах нь тухайн ашиглаж байгаа технологиос л шалтгаална. Мөн үйлдвэрээ хаана барих вэ гэдгээ ч сайтар тооцох ёстой. Тухайлбал, Багануур, Шивээ-Овоо, Хөөтийн уурхайг түшиглэж барина гэдгээ сайн судалж байж шийдэх ёстой.
Ашигт малтмалын газрын Нүүрс, судалгааны хэлтсийн дарга С.Алтанхуяг:
Нүүрснээс шатахуун гаргаж авах талаар хэд хэдэн аж ахуйн нэгж төсөл боловсруулсан байдаг. Хамгийн гол нь ямар технологи ашиглаж, аль уурхайн нүүрс хэрэглэх, үйлдвэрээ хаана байгуулах вэ гэдгээс их зүйл шалтгаална. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр нүүрснээс шатахуун гаргаж авах үйлдвэрийн талаар хэлэлцэж байгаа. Тэгээд ийм үйлдвэрийн тендер удахгүй зарлах байх.
Шинжлэх ухааны доктор, нүүрс судлаач Д.Бат-Эрдэнэ:
Манайд нүүрс шингэрүүлэх судалгаа шинжилгээ хийсэн олон ажил бий. Үр дүн нь ч боломжийн байдаг. Манайд одоо нээгдээд буй хүрэн нүүрсний томоохон уурхай, ордын нүүрсийг шингэрүүлэхэд тохиромжтой. Гэхдээ нүүрснээс шатахуун гаргаж авна гэдэг бол маш үнэтэй, асар их зардал гардаг технологи юм. Химийн маш нарийн технологи шаарддаг хүнд үйлдвэр. Өнөөдөр Хятад, ӨАБНУ л дэлхий дээр нүүрс шингэрүүлэн ашиглаж байна. Ийм үйлдвэр байгууллаа гэхэд манайд мэргэжилтэн алга. Зүгээр л нүүрсээ шатахуун болгоё л гэж яриад байгаа юм. Түүнээс биш яг нарийн тооцож судалж байж боловсруулсан доривтой төсөл ч үнэндээ байхгүй. Ерөнхийдөө Германы технологийг л ашиглана гэсэн үзэл бодолтой хүн олон байх шиг байна.
Монгол Улсын шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээ, мониторингийн хэлтсийн дарга Б.Авид:
2004 оноос нефтийн үнэ өсч эхэлсэн. Тэгэхэд манайхан нүүрснээсээ бензин гаргая гээд нэлээд эрчтэй яриад төсөл энэ тэр гэж байсан ч хоёр жилийн өмнө эдийн засгийн хямрал гээд зогсчихлоо.Одоо энэ байдал буцаад сэргэх хандлагатай. Манайд нүүрсний нөөц их, шингэн түлшний технологи хэдийнэ гарчихсан юм чиньүүнийг хэрэгжүүлье гээд зүтгэх хэрэгтэй гэж би хувьдаа боддог. Гэхдээ маш их хөрөнгө хаяж ийм төслийн ард гарах байх. Энэ чинь асар их хөрөнгө оруулалт шаардахаас гадна маш том бүтээн байгуулалт болно. Тэгэхээр ядахнаа гадаадаас үйлдвэрийн төхөөрөмж мэтийг оруулж ирэхэд манай дэд бүтэц дийлэх үү гээд асуудал бий. Уг нь бид хийж чадвал Орост бензиний үнэ нэмэхэд манайд гурил, будааны үнэ өсдөг асуудалгүй л болох байх. Өнөөдөр баррель нефть 100 гаруй ам.доллар байна. Тэгэхээр нүүрснээс бензин гаргаж авбал үүнээс нэг их үнэтэй тусахгүй байх. Гэхдээ, үнэтэй, хямд гээд амаар хэлчих юм бол биш. Эдийн засгийн тооцоо судалгаа л сайн хийх хэрэгтэй.