Монгол улс атомын цахилгаан станцтай болох боломжтой гэж үү. Ураны нөөцөө бодвол ийм боломжтой гэж мэргэжилтнүүд үздэг ч боловсон хүчин, аюулгүй байдал, хууль эрхзүй, хөрөнгө мөнгө гээд бусад зүйлээрээ бол манайд өчүүхэн төдий ч гэрэл харагдахгүй байгааг тэд нуудаггүй.
Хэдийгээр монголд цөмийн энергийн хууль өнгөрсөн жил батлагдсан ч ураныг эдийн засаг, нийгмийн салбарт ашиглах, хүний эрүүл мэндэд аюулгүй технологиор цөмийн эрчим хүч үйлдвэрлэж чадна гэдэг нь бас л эргэлзээтэй. Өнгөрсөн жил Цөмийн салбарт төрөөс баримтлах бодлогыг тодорхойлохдоо цөмийн эрчим хүчийг манай улс нэвтрүүлнэ гэдгээ албан ёсоор зарласан. Цөмийн энергийн газар гэсэн Засгийн газрын агентлаг хоёр жилийн өмнө байгуулж, Олон улсын атомын энергийн газрын даргыг урьж авчирч, Франц, ОХУ, Япон, Энэтхэг гээд атомын эрчим хүчийг ашигладаг улс оронтой зарим нэг талаар хамтран ажиллах ч гэрээ байгуулаад амжсан.
Гэхдээ ингэснээр бид уранаа ашиглаад цөмийн эрчим хүч үйлдвэрлэх хэмжээнд хүрчихлээ гэвэл эндүүрэл. Бид бол энэ салбар руу толгойгоо шургуулсан ч “ногооноороо” байгаа улс. Олон улсын атомын энергийн агентлагаас тавьдаг 10-аад шаардлагаас хоёрыг нь л Монгол хагас дутуу хангана. Гол шаардлага болсон хүний нөөц, санхүүжилтийн эх үүсвэр хангалттай байх, аюулгүй ажиллагаа зэрэг нь манай улсын хувьд тэг байгаа гэдгийг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрсөөр байна.
С.Энхбат: Мэргэжилтэн, хөрөнгө мөнгө алга
Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат энэ талаар ярихдаа, Монгол улс жил бүр баруун аймгийн эрчим хүчинд 70 тэрбум төгрөгийн тотаци өгдөг. Сангийн яамнаас үнэндээ та нар юм хий л дээ. Тэгвэл тэр 70 тэрбум төгрөгөө ав гээд байдаг. Тиймээс бид энэ жил хамгийн гол суурь судалгааны ажлаа эхлүүлье гэж бодож байгаа юм. Гэхдээ энэ бол мэдээж тандалтын судалгаа байна. Ирэх жил суурь судалгааны ажлаа бүрэн дуусна. Үүний тулд мэргэжлийн хэд хэдэн байгууллагыг оролцуулсан комисс байгуулан ажиллах шаардлагатай байгаа юм. Одоо бол цөмийн эрчим хүчний станц байгуулаад илүү гарсан эрчим хүчээ зарах мэтээр яриад байдаг. Тэгвэл үндсэн суурь судалгаагаа хийгээд хүнд энэ гээд үзүүлэх юмтай болж, хий мөрөөдлөөсөө салья л даа. Бид өөрсдөө цөмийн эрчим хүчний станц барина гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Мэргэжилтэн хөрөнгө мөнгө алга. Япон,Франц зэрэг зарим орны яриад байгаа 40-60 мвт-ын станцыг ч барих чадал бидэнд байхгүй. Тиймээс гадаадын хөрөнгө оруулагчдын татаж, ийм ийм боломж байна аа гээд үзүүлэх зүйлээ л бэлэн болгоё гээд байгаа юм шүү дээ гэв.
Монголд хамгийн бага зардлаар босдог дулааны станц барих ч чадал байхгүй байхад юун атомын станц гэх хүн олон. Гэхдээ цөмийн эрчим хүчний станц гэхээр юун түрүүнд Чернобыль гэж л хүний толгойд бууж ирээд байгаа юм. Тэгэхээр аюулгүй ажиллагааг хангалттай хангаж, бас цөмийн хаягдлаа хааш нь хаях вэ гээд тодорхойгүй олон асуудал байна шүү дээ гэдэг Цөмийн энергийн хэлтсийн дарга Б.Эрдэв, “ Өнөөдөр аюулгүй ажиллагааг маш өндөр төвшинд хангасан өндөр технологи нэвтэрсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Тиймээ,монголчуудын хувьд Чернобылийн станц л санаанд орж ирээд байдаг. Гэтэл Япон улс газар хөдлөлийн хамгийн идэвхтэй бүсэд байгаа ч атомын цахилгаан станцыг хамгийн өндөр технологиор барьж буй болгоод байгаа юм” гэлээ.
Заавал атомын цахилгаан станц барих шаардлагатай юу?
Цөмийн эрчим хүчний газрын тооцоолсноор 2021 оноос Цөмийн эрчим хүчний станцыг ашиглаж эхлэх нь. 2020 он гэхэд Монгол Улсын зөвхөн төвийн эрчим хүчний хэрэглээ өнөөгийн 850 орчим МВ-аас 1400 МВ орчим болж нэмэгдэх нь. Харин эрчим хүчний боломжит нөөц нь 850 МВ-аасаа буурч 600 МВ орчим болох нь. Тэгэхээр эрчим хүчний шинэ эх үүсвэр зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Ашгаа бодвол цөмийн эрчим хүчний станц сонгох нь тодорхой. Учир нь 8000 кВт цахилгаан үйлдвэрлэхэд 50 кг ураныг баяжуулаад 30 гр баяжуулсан, 200 гр ядуурсан уран гаргаж цөмийн реакторт оруулах аж. Үүнээс 20 кг л нүүрсхүчлийн оксид гардаг байна. Тэгвэл ийм хэмжээний эрчим хүч үйлдвэрлэхийн тулд 3000 кг нүүрсээ түлээд 7000 кг нүүрсхүчлийн оксид агаарт цацах юм байна. Гэвч бид энэ бүхэнд бэлэн үү. Одоог хүртэл цөмийн эрчим хүчний газар гэж байгууллагын талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа учраас 10 жилийн дараа бид атомын эрчим хүчнийн станцтай болно гэдэг тийм ч үнэмшилтэй сонсогдохгүй л байгаа юм. Ямар ч байсан тус газрын мэргэжилтнүүдийн ярьснаар ураны хайгуулын лицензийн асуудлыг нэлээн цэгцэлсэн гэнэ. Одоо хаана ураны ямар хэмжээтэй орд газар байна хэн хайгуулын зөвшөөрөлтэйгээр ашиглаж байгаа вэ гэдэг мэдээлэл бол тодорхой болоод байгаа аж. Гэвч лицензийн асуудлаа цэгцлэх гэсээр байгад судалгааны ажил нэлээн хоцорсон гэдгийг хүлээн зөвшөөрч байлаа. Уг нь судалгааны ажилд зарцуулаар 500-гаад сай төгрөгийг төсөвт суулгаад буй сурагтай. Гэвч одоогоор ёстой л С.Энхбат даргын хэлснээр дэмий яриа мөрөөдлөөс хэтрэхгүй байгаа юм.