Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эдийн засгийн түүчээ “Эрдэнэт” үйлдвэрийн нэг жил...

Манай улсын аж үйлдвэрийн салбарын 30, нийт экспортын 20 гаруй хувь нь “Эрдэнэт” үйлдвэрт ногддог.  Ийм ч учраас  дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ, тус үйлдвэрийн ажил ямар байхаас манай улсын орлого, эдийн засгийн байдал ихээхэн шалтгаалдаг билээ. Сүүлийн жилүүдэд газрын тос, төмрийн хүдэр гээд ашигт малтмалын экспорт нэмэгдэж байгаа ч зэс, нүүрс эдийн засгийн гол тулгуур хэвээр байгаа юм. Өнөөдөр нүүрсний үнэ унасан тул гадаад валют оруулж ирэх хүндхэн  ачаа “Эрдэнэт” үйлдвэрийн нуруун дээр буугаад байна.    
“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар  Ц.Даваацэрэн томилогдоод жил гаруй хугацаа өнгөрлөө. Ингээд тус үйлдвэрийн захирлууд энэ хугацаанд хэрхэн ажиллаж, ямар бодлого баримталсан, цаашид яаж ажиллах талаараа олон нийтэд нээлттэй  тайлагнав.

Уг тайлангаас дор сийрүүлье. “Манай үйлдвэр Монгол Улсын уул уурхайн хамгийн том компаниудын нэг. Монголын ард түмний эрх ашгийг хамгаалсан,  ОХУ-тай хамтарсан үйлдвэр. Иймд манай үйлдвэр, үйлдвэрийн ажилчин та бидэнд  төрийн өмнө хүлээсэн алдаж алгуурлах учиргүй чухал үүрэг  хариуцлага бий.   Өөрөөр хэлбэл, улс болон орон нут­гийн төсөвт төлөх татвараа цаг хугацаанд нь бүрдүүлж өгөх учиртай. Мөн үйлдвэрийн цаашдын хэтийн төлөв, найдвартай ажиллагааг хан­гах ёстой. Өнгөрсөн онд биз­нес төлөвлөгөөнийхөө да­гуу амжилттай ажиллаж 124 тэрбум төгрөгийн ашиг­тай гарсан. Бид бүгд нэг санаа зорилготой хө­дөл­мөрлөсний хүчинд төлөв­лөгөө даалгавараа давуулан бие­лүүлсэнд талархал илэр­хийлье.

Хэдийгээр бид ашигтай ажиллаж чадсан ч манай үйлдвэрийн эдийн засгийн байдал маш хүнд байсан. 2012 онд дэлхийн зах зээл дээр нэг тонн цэвэр зэсийн үнэ    8152 ам.доллар байв. Тиймээс өнгөрсөн оны улсын төсөв  батлахдаа нэг тонн зэсийн үнийг 8150 ам.доллараар тусгасан юм. Гэтэл 2013 онд дэлхийн зах зээл дээр нэг  тонн зэсийн дундаж үнэ 6900-7000 ам.доллар боллоо. Тэгэхээр үнэ ханшийн 1000 гаруй ам.долларын энэ зөрүүнээс бидний олох  орлого 100 гаруй сая ам.доллараар буурсан гэсэн үг. Энэ нь бидний төлөвлөсөн ажилд хүндрэл учруулсан.   Гэвч манай үйлдвэрийн хамт олон өөрийн өртөг зардлаа бууруулах, хэмнэх бодлого баримталсны  үр дүнд төлөвлөгөөгөө биелүүлж ашигтай ажиллаж чадсан. Улсын төсөвт өнгөрсөн онд 451.5, орон нутгийн төсөвт 41.3 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Нийгмийн даатгалын санд 27.6 тэрбум төгрөг төллөө. Энэ бол манай үйлдвэрийн хамт олон төр засгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй, амжилттай хэрэгжүүлсэний илэрхийлэл” гэлээ.  

Үйлдвэрлэлийн өртөг буурч эдийн засгийн үр ашиг дээшилжээ

Өнгөрсөн онд манай улсын эдийн засаг хүнд шокийг давж гарсан. Энэ шок “Эрдэнэт”-ийг ч  тойрч гараагүйг тус үйлдвэрийн захирлууд онцолж байв.  “Эрдэнэт” үйлдвэрийн эдийн засаг, үйлдвэрлэлийн зардал өсөхөд  эрчим хүчний үнэ 30, төмөр замын тээврийн хөлс 10 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ. Гэвч  хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж үйлдвэрлэлийн өртөгөө бууруулж чадсан байна. Тухайлбал  өнгөрсөн оны  Бизнес төлөвлөгөөнд  нь нэг тонн зэсийн баяжмалын үйлдвэрлэлийн өртөг  6625 төгрөг гэж тооцсон аж. Хэмнэлтийн бодлогын  үр дүнд нэг тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх өртгөө 5800  болгож бууруулжээ. Дээрх  бодлогын үр дүнд нийт зардлаас  38 тэрбум төгрөг хэмнэсэн тооцоо бий. Тухайлбал  “Белаз”-ын нэг ширхэг дугуйг 50 мянган ам.доллараар авдаг байсныг 28 мянган ам.доллар болгосон байна. Мөн ган бөмбөлөг 1200 ам.доллараар авдаг  байсан бол 950 ам.долларын үнэтэй болжээ. Өөрөөр хэлбэл импорт орлох бүтээгдэхүүн өөрсдөө үйлдвэрлэхэд амжилт олж буй гэсэн үг юм. Тус үйлдвэр жилд зөвхөн 80 мм диаметртэй 10 орчим тонн ган бөмбөлөг импортоор авдаг байж. Үүнийг өнгөрсөн оноос өөрсдөө үйлдвэрлэж буй тул  зардал хэмнэж эхэлжээ.  “Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн онд 160 гаруй сая ам.долларын худалдан авалт хийхээр төлөвлөсөн байдаг.

Хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэхдээ хэд хэдэн зорилого тавьжээ. Жишээ нь, цомхотгол хийгээгүй юм. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа болон материал сэлбэгийн зардал бууруулаагүй байна. Хамгийн гол нь, худалдан авах бараа материалын үнийг  бууруулах арга хэмжээ авсан аж. Орхон аймгийн удирдлагуудтай урт хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Иймд орон нутагт хийж буй бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлэх юм. Мөн худалдан авч буй хангамж, нийлүүлэлтэд орон нутгийн компанийг түлхүү хамруулах бодлого баримталсан байна. Орон нутгийн аж ахуйн нэгжүүдийн дунд тендер зарлаж ханган нийлүүлэлт авдаг болжээ. Ингэснээр Орхон аймгийн төсөвт орох татвар нэмэгдэх, компаниуд нь эдийн засгийн чадавхитай болж буй юм. Өнгөрсөн онд 158 багц сэлбэг, хэрэгсэл материалыг 107 аж ахуйн нэгжээс авсан байна.  Иймд орон нутгийн компаниудаас  3.4 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн авчээ.   

Дотоодын үйлдвэрлэгчдээ 40.3 тэрбум төгрөгөөр дэмжинэ

“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваа­сүрэн цааш нь  “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих,  им­порт орлох талаар то­дор­хой бодлого гаргаж ажилласан. Дотоодын үйлдвэрлэгчдээс 2012 онд 8.3 тэрбум төгрөгийн бараа материал авч байлаа. Энэ нь нийт худалдан авалтын гурван хувь юм.  Тэгвэл өнгөрсөн онд нийт худалдан авалтын 15 хувь буюу 27.6 тэрбум төгрөгт хүрч ахиц гарав. Энэ онд үндэсний үйлдвэрлэгчдээс импортыг орлох  бараа бүтээгдэхүүн худалдан авах  үнийн дүнг 40.3 тэрбум төгрөгт хүргэхээр Бизнес төлөвлөгөөндөө тусгалаа. Үүнээс гадна үйлдвэрийнхээ Засвар механикийн заводод хийж  болох бүхий л зүйлийг импортоор авахгүй байхаар төлөвлөж байна. Энэ заводын хүчин чадлыг нэмэгдүүлэх тэнд үйлдвэрлэж буй сэлбэг материал, бүтээгдэхүүний тоо хэмжээг өсгөх бодит ажил хийж байгаа. Судалгаагаар уг заводод 80 гаруй төрлийн бүтээгдэхүүн хийж болох жагсаалт гарсан. 

Үйлдвэрийн санхүү эдийн засгийн бодлогыг ил болгоно. Төрөөс баримталж буй шилэн дансны бодлогыг хэрэгжүүлэх зорилготой ажиллаж байна. Өр авлага бууруулах  талаар дорвитой ажил хийсэн. Тухайлбал манай үйлдвэр банкны үүрэг гүйцэтгэж байсан гэж хэлж болно. Үүнийг болиуллаа. Зарим аж ахуйн нэгжүүд өндөр үнийн дүнтэй гэрээ байгуулчихаад их хэмжээний урьдчилгаа аваад алга болсон явдал олон гардаг байжээ. Ийм учраас манай үйлдвэрийн авлага 240 тэрбум төгрөгт хүрсэн байсан. Одоо үйлдвэрт бараа материал нийлүүлдэг компаниудад урьдчилгаа өгөхгүй. Урьдчилгаа авах бол тухайн компани банкуудаас зээлэх систем бүрдүүллээ. Төрийн банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж манай үйлдвэртэй гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдэд зээл олгох боломж олгож өгсөн юм. Иймээс үйлдвэрийн авлага шинээр нэмэгдээгүй. 

Хангамж нийлүүлэлтээ ил тод болгоно. Тухайлбал 50 хүртэлх сая төгрөгийн багцтай бараа материал, сэлбэгийн нийлүүлэлтийн сонгон шалгаруулалтад  орон нутгийн компаниудыг оролцуулж байна. Нөгөө талаар манай үйлдвэртэй ямар компани гэрээ байгуулж байгааг ил тод болгосон. Найдваргүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 105  компанийн жагсаалт гаргаад олон нийтэд зарлалаа. Өөрөөр хэлбэл манай үйлдвэрийг хохироосон компаниудтай дахин хамтарч ажиллахгүй хар данс гаргасан юм. Иймд далд бизнес, шахаа гэдэг зүйл алга болж байна.

Маркетингийн албыг Эдийн засгийн хэлтсийн бүрэлдэхүүнд  орууллаа. Тэгэхээр өнөөдөр бараа бүтээгдэхүүний үнийн судалгаа хийж байж зах зээлийн бодит үнээр нийлүүлэгдэж байгаа эсэхийг тодруулж байж худалдан авах гэрээ хийж байгаа. Бас нэг том зорилт бол Хүний нөөцийн бодлогыг ил тод болгох явдал юм. Үйлдвэрийн ажилчдынхаа мэргэжил боловсролыг дээшлүүлэх талаар  бодит алхам хийнэ. Хамгийн их хардлага дагуулсан асуудал нь дарга нарын хамаатан садан хүүхдүүд нь гадаад өндөр үнэтэй сургуульд явдаг. Ажилчдынхаа хүүхдийг явуулдаггүй гэсэн гомдол их ирж байна. Өмнө нь, нэг улсад яг адил мэргэжлийн сургуульд даргын хүүхэд өндөр үнэтэйд, ажилчдын хүүхэд  хямдад нь явдаг хандлага байсан. Одоо бол үгүй. АНУ, Солонгос гээд улсуудын сургуульд сурах зардлыг нь судалж үзээд үйлдвэрээс олгох дэмжлэгийн хэмжээг тогтоосон. Өөрөөр хэлбэл  улс бүрээр нь тухайн жилд ямар зардлаар сурах байх вэ гэдгийг  судалж гаргана. Цаашид хүнийг нэр нүүрээр нь харж хандах явдал арилж,  боловсон хүчин хүний нөөцийн бодлого ил тод болно. Энэ онд боловсон хүчин, хүний нөөцөд анхаарч ажиллана” гэв.
Эцэст нь хэлэхэд,  саалийн үнээ хэмээн нэрлэгдсэн “Эрдэнэт” хэмээх үндэсний хэмжээний том үйлдвэрт багагүй шинэчлэлт хийгдэж олон нийтэд нээлттэй ил тод болж байна.   Үүнээс гадна нэг олзуурхах зүйл бий.  Уул уурхай эдийн засгийн гол суурь болсон өнөө үед тус салбарт ханган нийлүүлэлт хийх үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого баримтлах болжээ. Өөрөөр хэлбэл, бид эдийн засгаасаа мөнгө гадгашаа гаргах бус өөрсдөө чадах зүйлээ үйлдвэрлэж дотооддоо авч үлдэх нь чухал юм.    


Б.Сэргэлэн: Нэг тонн уулын чулуулагт таван кг зэс бий

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн  Үйлдвэрлэлийн хэлтсийн инженер Б.Сэргэлэнгээс уурхайн байдал, нөөцийн талаар тодрууллаа.

-“Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр ямар хүчин чадалтай ажиллаж байна?
-Өнөөдөр жилдээ 25.6 сая тонн хүдэр боловсруулж байна. Үүнээсээ 535 сая тонн зэсийн 3700 орчим молибдений баяжмал үйлдвэрлэдэг. Цэвэр зэсээр тооцвол жилд 110 гаруй мянган тонн. Энэ нь дэлхийд жилд олборлож буй цэвэр зэсийн 1.1 хувь. Өнөөдөр 0.512 зэс агуулсан хүдэр баяжуулж байна.  Өөрөөр хэлбэл нэг тонн уулын цулд тав орчим кг зэс бий гэсэн үг. Молибденийн агуулга нь 0.015 хувь. Нэг тонн хүдэрт 150 гр молибден байгаа. Манай үйлдвэр 1978 оноос жилд дөрвөн сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай ажиллаж эхэлсэн. 1983 оноос жилд 16 сая тонн хүдэр боловсруулах болсон. Үүнээс гурван жилийн дараа үйлдвэрийн өргөтгөл буюу тавдугаар ээлжийг барьсан юм. Энэ ээлжийг 1989 онд ашиглалтад оруулсан боловч 1994 он хүртэл үр шимийг нь хүртэж чадаагүй. Учир нь 1980-аад оны төгсгөл 1990-ээд оны эхээр нийгэм өөрчлөгдөж Монгол Улс эдийн засгийн хямралд орсон нь нөлөөлсөн. Тавдугаар ээлж ашиглалтад орсноор жилд 20 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалд хүрлээ.

-Эрдэнэтийн овоо ордын гүн хэдэн метрт хүрсэн бэ. Цаашид хэдэн жил ашиглах тооцоо байгаа вэ?
-1976 оны зургадугаар сарын 11-нд анхны тэсэлгээ хийсэн. 1978 оны тавдугаар сард хүдрийн биетдээ хүрсэн. Өөрөөр хэлбэл хоёр жил ухаж байж өнгөн хөрсийг нь хуулсан байдаг. Ил уурхайг нээгээгүй байхад далайн түвшнөөс дээш 1606 метр байсан. Одоо ёроол нь далайн түвшнээс дээш 1265 метрт хүрлээ.  Уурхайн гүн 905 метр хүрэх тооцоо бий. Энэ хэмжээнд хүрэхэд 40 жил ажиллах тооцоо гарсан. Уурхайн ерөнхий урт 2.5, өргөн 1.5 км. Нэг мөргөцгийн өндөр 15 метр. Хоногт дунджаар 100-110 мянган тонн уулын чулуу зөөдөг. Үүний 75-80 мянган тонн хүдэр тул баяжуулах үйлдвэрт очино. Үлдсэн чулуулаг нь гадаад овоолгод буулгадаг. Тэгэхдээ зэс агуулсан исэлдсэн хүдрийг нь тусад нь овоолно. Цаашид өөр технологиор боловсруулах юм.

-Уурхайд одоо ямар техник ашиглаж байна вэ?
-Манай уурхайд ОХУ, Германд үйлдвэрлэсэн есөн эксковатор ажиллаж байна. Шанага нь 10, 15, 18 шоо метр. Технологийн тээвэрт Беларусь улсад үйлдвэрлэсэн 130 тоннын даацтай “Белаз” фермийн 22 ширхэг өөрөө буулгагч авто самосвал ашигладаг. Хоёр, гурван жилийн өмнө төвийн хэсгийн ордынхоо уурхайг нээж ашиглаж эхэлсэн. Яваандаа хоёр уурхай нийлнэ. Жилдээ 32-35 сая тонн хүдэр боловсруулна гэж үзвэл 40 жил ашиглах нөөцтэй. Манай үйлдвэр жилд 31 сая тонн хүдэр боловсруулах зорилттой ажиллаж байна. Үүний тулд тавдугаар ээлждээ тээрэм нэмж хүчин чадлаа өргөтгөх юм. Өргөтгөлийн бэлтгэл хангаж баяжуулах технологио сольж бэлэн болгосон. Сүүлийн хоёр жилд 26 сая тонн хүдэр боловсруулж байгаа. Хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдвэл үйлдвэрийн өргөтгөлөө энэ онд багтааж хийх боломж бий. Цаашид бас ганц хоёр тээрмээ шинэчилбэл жилд 35 сая тонн хүдэр боловсруулах боломжтой.
-Байгаль орчны нөхөн сэргээлтийн талаар ямар ажил хийж байгаа вэ?
-Уурхайн хоосон чулуулгийн нэг овоолго дээр мод тарьж зүлэгжүүлсэн. Хаягдлын овоолго дээр цагаан тоос дарах ажил хийж байна. Манай үйлдвэрт Байгаль орчин хамгаалах хэлтэс гэж бий. Энэ хэлтэс орчин тойрон, ус, агаарын бохирдлын мониторонг байнга хийдэг. Орхон гол хүртэл  тав зургаан цэгээс дээж авч сар бүр хянаж байгаа.  

-Танай үйлдвэрийн дэргэдэх дулааны цахилгаан станц жилд хэдий хэмжээний эрчим хүч үйлдвэрлэдэг вэ?
-Хоёр жилийн өмнө таван мегаватт цагийн хүчин чадалтай турбин генератор суурилуулсан. Өнгөрсөн онд 36 сая киловатт цаг эрчим хүч үйлдвэрлэсэн. Үүнийхээ 90 хувийг дулааны цахилгаан станц дотооддоо хэрэглэсэн.  Өөрөөр хэлбэл төдий хэмжээний эрчим хүч хэмнэж байна гэсэн үг. Бага хэмжээний цахилгаан дотоодын зарим цехдээ нийлүүлсэн. Ойрын хугацаанд энэ цахилгаан станцаа өргөтгөх боломж бий. Энэ талаар манай мэргэжилтнүүд ажиллаж байгаа.
 

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан