Хот суурин газарт нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж, явган хүний замын зориулалт өөрчлөгдөж хувийн хэрэгцээ болж байна. Уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй нутагт нөхөн сэргээлт хийхгүй орхисноос байгаль орчин эрс доройтож, ундны усны бохирдол, хомсдол үүсч, малын бэлчээр хумигдах зэргээр малчдын эрх ноцтой зөрчигдөж эхэллээ. Хотын захын гэр хорооллын оршин суугчдын цэвэр усны хангамж хүрэлцээ муу, өндөр үнэтэй. Бохир ус зайлуулах үйлчилгээ огт байхгүй. Хог хаягдал зайлуулах үйлчилгээ тогтмол биш. Ингэж хотын хүн амын хамгийн орлого багатай хэсэг болох гэр хорооллын иргэд хөрсний болон агаарын ихээхэн бохирдолтой орчинд амьдарч буй. Хөдөөнөөс шилжин суурьшигчид нийгмийн үйлчилгээ авахад ихээхэн бэрхшээл, хүндрэлтэй тулгардаг. Иргэдийн эрхийг хамгийн ихээр зөрчигчид нь төр засаг, төрийн албан хаагчид. Төр засаг иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хуулиа хэрэгжүүлэхгүй, улмаар нийтийн нөөц баялгийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн албан хаагч нар хувийн эрх ашигтаа нийцүүлэн зарцуулах явдал үргэлжилсээр. Энэ нөхцөлд нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах, үр нөлөөтэй арга механизм манай оронд үгүйлэгдэж байна. Иймээс нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах асуудлыг хөгжүүлэх нь нийгмийн эмзэг хэсгийн эрх ашгийг хамгаалах, агаар ус байгаль орчин зэрэг нийтийн эрх ашгийн барьц муутай асуудлыг авч үзэх боломж бүрдүүлэх, төр засгийг хариуцлагатай болгох, эрх зүйн хэм хэмжээг сахих, мөрдөх үүргээ гүйцэтгэдэг болгох хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байх, хариуцлага хүлээх зарчмыг хэрэгжүүлэх, нийгэмд шударга ёсыг хэвшүүлэх, улмаар ардчилсан засаглалыг бэхжүүлэхэд чухал нөлөөтэй гэж үзэж байна. Хэдийгээр ТББ-уудад нийтийн эрх ашгийг шүүхээр шууд нэхэмжлэх эрх хуулиар олдоогүй ч тэд 2000 оноос хойш нийтийн эрх ашгийг шүүхээр нэхэмжлэн хамгаалах олон оролдлого хийж, туршлага хуримтлуулж, зарим нь амжилт гаргажээ.
Тиймээс Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Нээлттэй нийгэм форум”-тай хамтран “Нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах нь” онол практикын хурлыг энэ сарын 26-27-нд “Их тэнгэр цогцолбор”-т зохион байгуулж байна.
Уг хурлаар нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалахад тулгарч буй хүндрэл, бэрхшээл, шийдвэрлэх арга зам болон эрх зүйн орчныг сайжруулах талаар шүүх, төрийн байгууллага, ТББ-ууд, өмгөөлөгчид, хуулийн сургуулийн төлөөлөл оролцож, санал бодлоо солилцож байгаа юм. Хурлын үр дүнд цаашид нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах үйл ажиллагааг Монгол Улсад түгээн дэлгэрүүлэх зорилгоор нийтийн эрх ашгийг хамгаалах таатай эрх зүйн орчинг бүрдүүлэхэд шаардлагатай холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийн талаар тодорхой шийдэл гаргах гэнэ. Олон улсын туршлага, чиг хандлагыг хамрах үүднээс Харвардын Хуулийн сургуулийн Хүний эрхийн хөтөлбөрийн захирал Минди Жейн Роүзмен оролцож, нийтийн эрх ашгийг хамгаалах олон улсын туршлагаас хуваалцсан юм.
Б.БАЯРМАА: Нийтийн эрх ашгийг хамгаалах жишиг тогтоож өглөө
“Монголын байгаль хамгаалах” ТББ-уудын эвслийн тэргүүн Б.Баярмаагаас дараахь зүйлийг тодрууллаа.
-Нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалахад ТББ-уудад ямар бэрхшээлтэй асуудал тулгарч байна вэ?
-Нэхэмжлэл гаргахаас эхлээд л асуудал тулгардаг. Байгаль орчны хохирлын нөхөн төлбөрийг нэхэмжилсэн тохиолдолд тэмдэгтийн хураамж төлөх асуудал гарч ирдэг. Ялангуяа, байгаль орчны хохирол маш өндөр үнэлгээтэй тогтоогддог. Тэр хэмжээгээр тэмдэгтийн хураамж төлөх нь ТББ-ын хувьд хүндрэлтэй байдаг. Тиймээс тэр болгон нэхэмжлэл гаргаж чадахгүй л яваад байна. Хоёрдугаарт, өмгөөлөгчийн хөлсний асуудал. Ажил ихтэй, хугацаа их шаардсан, төвөгтэй, маргаантай асуудалд үнэхээр сэтгэл зүрх, цаг заваа гаргаад ажилладаг өмгөөлөгч олон байдаггүй. Үнэхээр бид байгаль орчны асуудлыг шүүхээр нэхэмжлэхээс өөр гарц байхгүй.
-Таны хувьд нийтийн эрх ашгийг хөндсөн ямар хэрэгт өмгөөлөл хийж байгаа вэ?
-Миний хувьд 2007 оноос хойш өөрөө нэхэмжлэл гаргаж гурван хэрэг дээр ажилласан. 2007 онд Хөвсгөл далайд усан онгоц живж шатахуун асгарсан үеэс эхлээд л стратегийн өмгөөлөл хийж эхэлсэн юм. 2010 оноос Бүрэнхааны стратегийн орд газруудад хууль бусаар олгосон лицензүүдийг цуцлуулах стратегийн өмгөөлөл хийсэн. Саяхан шүүх хуралд ялсан өмгөөллийн ажил маань “Петро Чайна Дачин тамсаг” компанитай холбоотой. Матад сумын иргэдийн эрх ашгийг хохироосон, байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргаж, хоёр жил шүүхээр явсны эцэст шийдвэрлүүлж чадлаа. Хэрэв хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаль орчинд хохирол учруулсан тохиолдолд хариуцлага тооцуулж нөхөн төлбөр авч болдог юм байна гэсэн жишгийг тогтоож өгснөөр ач холбогдолтой.
-Нийтийн эрх ашгийг хөндсөн энэ мэт асуудлуудыг шийдвэрлүүлэхийн тулд цаашид яах ёстой вэ?
- Хүнд суртал, жирийн иргэдийн эрх ашгаас илүүтэй эрх мэдэлтэй төрийн албан тушаалтны буруу үйлдлийг хаацайлах, хөрөнгө мөнгөтэй компанийн нөлөөлөлд автах, тэдний талд шийдвэр гаргадаг шударга бус байдлыг шинэчлэхгүй бол болохгүй нь. Тиймээс шүүхийн шинэчлэлийг яаралтай хийж, шүүгчийн хараат бус байдал, ёс зүйтэй байлгах, шударга байдлыг хангах тал дээр анхаарах хэрэгтэй гэж бодож байна.
О.ЗАНДРАА: Нийтийн эрх ашиг зөрчигдсөн олон асуудал байна
-Эрх зүйн орчны хувьд яаж зохицуулбал зүгээр вэ?
-Монголд мөрдөгдөж байгаа хууль тогтоомжинд өөрчлөлт оруулах журмаар эрх зүйн орчныг бүрдүүлэх байх гэж ойлгож байгаа. Хамгийн гол нь, үүнийг бүтээлчээр хэрэгжүүлэх, нарийвчлах асуудал яригдаж байна.
-Улсын Дээд шүүхийн шатанд хүртэл ирсэн нийтийн эрх ашгийг хөндсөн хэргийн жишээ гэвэл…?
-Тухайлбал, “Туул ридер саунд” компани Туул голын эрэг орчим, цэвэр усны нөөц байрладаг хэсэгт гольфийн талбай барихаар газар хагалсан. Ингэснээр Туул голын эрэг орчмоор амьдардаг малчин иргэдийн эрх ашиг, малаа бэлчээх бэлчээрийн асуудал хөндөгдсөн. Цаашилбал, Улаанбаатар хотын цэвэр усны эх үүсвэр газарт барилга барьж болохгүй шүү дээ. Энэ асуудлыг хэлэлцээд нийтийн эрх ашгийг хамгаалж шийдвэрлэсэн.
Шийдвэр гаргахад иргэд оролцдог болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй “Байгаль орчны асуудлаар мэдээлэл авах, шийдвэр гаргахад оролцох тухай” зөвлөлдөх уулзалт эхэллээ. “Аархусын конвенцийн үзэл баримтлал, үндсэн зарчмууд, түүнчлэн конвенцийг хэрэгжүүлэх үед тулгардаг эерэг бөгөөд сөрөг талуудыг ойлгож мэдэх, та бүхний хуримтлуулсан туршлагаас суралцах нь бидний хувьд асар чухал, цаг үеэ олсон ажил болж байна. Энэ зөвлөлдөх уулзалтын явцад бидний зүгээс тулгамдаад буй бодит байдлаа та бүхэнд нээлттэй танилцуулах болно. Ардчилсан Монгол Улсын өнөөгийн нэн тэргүүний зорилт бол байгаль орчин, хүний амьдрах орчинд ээлтэй тогтвортой хөгжлийн бодлогыг хангах, иргэдээ ажлын байраар хангаж, орлогыг нь нэмэгдүүлэн, чинээлэг амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд оршиж байгаа юм” гэв.
Энэ үеэр уулзалтад оролцогчид “Иргэдийн оролцоонд суурилсан шийдвэр гаргана гэдэг бол эдийн засаг, нийгэм тогтвортой байх, ард иргэд, төр засгийн хамтын ажиллагаа сайжрах, гадаадын хөрөнгө оруулагчид ч сайн засаглалыг мөрдөж ажиллах ач холбогдолтой” гэж байлаа.