Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Бат-Эрдэнэ: Чадвал энэ онд багтааж ашигт малтмалын бирж байгуулна


Уул уурхайн сайдын зөвлөх Д.Бат-Эрдэнэтэй  нүүрсний зах зээлийн талаар ярилцлаа.

-Нүүрсний зах зээл  сэргэх боломж ажиглагдаж байна уу?
-Манай компаниудын хамтын ажиллагаа хангалтай байж чадахгүй байна. Бусад орныг харж байхад компаниуд нь хоорондоо ярилцаад үнэ тогтоодог. Ялангуяа Хятад компаниуд орон нутагтаа зөвлөл байгуулаад ийм үнээр ашигт малтмал авна гээд тогтоодог. Тэд нэгдсэн үнэ баримталж байхад манай компаниуд ганц ганцаараа ёстой бор зүрхээрээ явж байгаа юм. Энэ нь урд хөршийн компаниудад илүү ашигтай нөхцөл үүсгээд байна.

-Тэгвэл манайхан ярилцаж байгаад нэгдсэн нэг үнээр экспортлох боломж байдаггүй юм уу?
-Улсаас жишиг үнэ тогтоож буй. Үүнийг нэгдсэн ханш ойлгож болно. Гэтэл энэ жишиг үнэ нь амьдрал дээр нийцэхгүй байна гэж нүүрс экспортлогч компаниуд эсэргүүцдэг. Энэ жишиг үнээс болж өрөнд орж байна гэж ярьж байгаа. Өөрөөр хэлбэл ажил хийхгүй байх нь дээр болчихоод байна. Нүүрс олборлоод экспортолхоор өрөнд орчихоод, байна гэдэг.  Учир нь, жишиг үнийг нь өндөр тогтоож түүнийгээ баримтлаад татвар авч буй нь компаниудад нэрмээс болж байна.

-Жишиг үнийг цаашид тэгээд яаж тогтоох юм бол. Уул уурхайн сайд компаниудтай яриад шийднэ гэж байсан. Юу болсон бэ?
-Яамнаас баримталж буй бодлого бол бирж байгуулаад түүгээр дамжуулан борлуулах юм. Ингэснээр жишиг үнийн асуудал цэгцэрнэ. Мөн компаниуд татвараас бултах, нуугдах аргагүй болно гэж үзэж байгаа юм.

-Ашигт малтмалын бирж тэгээд хэзээ байгуулагдах вэ?
-Ажлын хэсэг байгуулагдсан. Чадвал энэ онд багтааж биржийн асуудлыг шийднэ. Гэхдээ бирж байгуулахад цаг хугацаа нэлээд шаардана. Тухайлбал орон байр, мэргэжилтнээ сургах гээд асуудал ундарч эхэлнэ. Бирж байгуулчихвал дан гац нүүрс борлуулахгүй. Алт, жонш, зэсийн баяжмал гээд  олон ашигт малтмал  экспортолж байна. Манай улсын эдийн засаг өнөөдөр  уурхай дээр тогтож байгаа. Бид хамгийн эцсийн шат болох мөнгө олох асуудлаа зохицуулж чадахгүй байгаа.  Иймд ашигт малтмалын бирж хэрэгтэй.

-Геологи хайгуулын ажилд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт орж ирж байна вэ?
-Одоохондоо геологийн ажил эхлээгүй тул хөрөнгө оруулалтын хэмжээ мэдэгдэхгүй байна. Ер нь, уул уурхайн салбарт орж ирэх хөрөнгө оруулалт зогсонги байдалтай  болсон. Хууль эрх зүйн орчин сайжирч байна. Гэхдээ бодит нэг томоохон төсөл дэмжих хүсэлт манай компаниуд тавьдаг. Манай улсын нүүрсний геологийн нөөц 174 тэрбум тонн. Үүнээс ашиглалтад бэлдсэн нь 28 тэрбум тонн юм. Монгол орны газар нутгийн геологийн тогтцоос харвал зүүн, төв болон говийн бүс нутаг их баялагтай. Баруун бүс нутагт нүүрс байгаа боловч дэд бүтэц болон бусад асуудлаас болж олборлолт хийхгүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан