Энэхүү нийтлэлийн эхлэл болох "Хулхидуулмаар байна уу-1" нийтлэлийг http://www.assa.mn/content/20581.shtml?a=social эндээс уншиж болно.
Оюу толгой. Энэ тухай яригдсаар, бичигдсээр аль хэдийнэ 10 гаруй жил өнгөрч. Өнгөрсөн Засгийн үед бүтээн байгуулалт нь эхэлж, монголчууд одоо л... гэж байтал өнөөдөр байдал ямар байгааг уншигч та мэднэ. Нийтлэлч Ш.Даваадоржийн энэ тухай бичсэн “Хулхидуулмаар байна уу” нийтлэлийн үргэлжлэлийг хүргэж байна.
Монгол Улс уул, уурхайгаа хөгжүүлээд мөнгөтэй , баян орон болж болно. Ингэснээр толгой гашилгаж, сэтгэл шаналгах, түг түмэн бэрхшээлээс салж чадна гэж үү. “Сүүлчийн мод тайрагдаж хөсөр ойчихуйд хүмүүс та нар мөнгийг нь идэж болдоггүй юм гэдгийг мэдэрнэ ээ” гэсэн дууны нэг шад байдаг даа.
Түүн лүгээ сүүлчийн булаг, шанд хатан ширгэж, уул, уурхайд хэт талхилуулсан Монгол улаан шороогоор эргэсэн, элсэн цөл, халуун тамын орон болчихуй гэж ёрлоход харийнхан цөлөмдгөө цөлмөөд эндээс арилж одсон байх вий. Харин бид, бидний хойч үе усны оронд алт, зэс, мөнгийг ууж болдоггүйн гашуун зовлонд гаслан үлдэнэ.
Оюу толгой компани бол Монголын говийг цөл болгож буй аймшгийн нэг мөн. Өмнөговийн хөрсөн доогуур тув тунгалаг усан далай цэлэлзэж байна аа хэмээн байн байн “болжмор нисгэдэг”-ийнх нь учрыг мэдэх үү? Ийм “болжморыг” шат дараалсан аргачлалаар нисгэн жиргүүлэхдээ Оюу толгойнхон гаргууд. Тэдэнд туслан байдаг хоолойгоороо хоршин жиргэх “ухаантай” онолч, улстөрч, энэ салбарыг мэдэхийн нэг мэднэ гэж цээжээ дэлдэгчид Монголоор нэг мундахгүй.
Оюу толгой төсөл эхэлснээс хойш гаднынхнаас хараат болж, үнэндээ Монголд найгүй алдагдалтай гэрээг яаж, ийгээд байгуулж, батлуулахыг улайран хөөцөлдсөн лобби бүлэглэлүүдийн үйл ажиллагаа идэвжсэн билээ. Оюу толгойн гэрээг алдагдалтай, ашиггүй байлаа ч батлуулах нь бидэнд “Авралын гэрээ” байх юм гэсэн үзлээр тархи угаах компанийг тэд тун даацтай өрнүүлсээн. Ялангуяа, Уул, уурхайн ассосаци хэмээх халхавч нэртэй, нэдэр дээрээ Оюу толгой дахь гаднынхны эрх ашгийн төлөө “боргон” угаадас ахиу хүртэж, уяагаа холхон суллуулахыг хүссэн “нохой” санаа бүхий “зүтгэлтнүүд” -ийн жүжиглэл өнөөгийн тайзыг эрхшээн эзэгнэж байна гэж би боддог.
Хамгийн харамсалтай нь, Оюу толгойгоос санхүүжиж байгаагийнхаа төлөө өөрөө өөрөөсөө урван, итгэл, үнэмшил, улс орноо харийнханд найр тавьсандаа шаналж явна гэх нэгэн эрхмийн яриа сэтгэлийн угт хөндүүр үлдээсэн билээ. Түүний өгүүлснээр ямар ч судалгаа, дүн шинжилгээ хийсэн Оюу толгой компанийн талд гаргадаг, гаргахыг хүсдэг Монголын мэргэжилтнүүдийн сайн дурынхны багийн санал багц, багцаараа тэнд хүрдэг юм гэсэн.
Оюу толгойг дагаад бас ч гэж ажил, алба, орлоготой болсон хүн олон байдаг гэдгийг үгүйсгэхгүй. Оюу толгойн мөнгөөр улстөрийн сонгууль хийж, найрлаж, наадамдаж, цалин, тэтгэвэр тэтгэмж авч байгаагаа бүү март, нохой минь гэж хараагсад тэр хэмжээгээр олон. Ийм том ордоо найр тавьсан хойно энэ мэт нь ядаж бидэнд үсрэхгүй яахсан. Одоохондоо авсан гэж тооцож байгаа болгон маань өр.
Цагтаа С.Баяр нарын базаанд орж, Оюу толгойн гэрээг амаа цангатал дэмжин магтаж, алгаа хорстол ташиж явсан Элбэгээ ерөнхийлөгч хүртэл энэ гэрээ нэг л биш болчихжээ гэж хэлэх боллоо. Ийм зэргийн эрсдэл, алдаа байж л таараа гэж зөвтгөдөг, ингэхгүй бол Монгол балрах байсан юм гэж архирах гаруудын цаана Оюу толгойтой холбогдсон хувийн агуу эрх ашиг нь л байдаг юм.
Сар шинийн өмнөхөн УИХ-аар хэлэлцэж, Монголын алтыг Монголд нь үлдээх зорилготой шинэчлэн баталсан Ашигт малтмалын тухай хууль ганцхан Оюу толгойд л хамаарахгүй хууль болсон. Тухайлбал, зэсийн баяжмалаас гадна олборлож буй алт, мөнгөө тэд Монголд тушаахгүй байх давуу эрхтэй үлдлээ.
Дээр дурдсан эрхмийн яриагаар Өмнөговийн гүний усыг өөр эх үүсвэргүйгээр энэ байдлаар ашиглавал 12-15 жилийн дараа усны хомсдол нүүрлэх аж. Тэр энэ тухай нийтэд дэлгэхийг Оюу толгой зөвшөөрдөггүй бөгөөд цэлэлзсэн цэнгэг устай далайн тухай үлгэр зохиох шалтгаан ийм байсан гэнэ.
Өмнөговь аймгийн хэмжээнд хоногт ашиглаж болох усны нийт нөөц 219701.0 метр куб. Тодорхой өгүүлбэл, энэ хэмжээнээс хэрэглээ нь хэтэрвэл тус аймгийн усны нөөц шавхагдана гэсэн үг. Гэтэл Оюу толгой компанийн нэг хоногийн усны хэрэглээ 80000.0 метр куб. Жил ирэх тутамд хэрэглээ нэмэгдэх нь тодорхой. Ханбогд сумын Галбын говьд илэрсэн гүний усны хоёр бассейнаас Оюу толгой хэрэгцээт усаа хангадаг. Энд буй усны хоногт ашиглаж болох нөөц нь 71168.0 метр куб гэж байгаа нь Оюу толгойн усны хэрэгцээг хангах боломжгүй юм. Тэгээд яах вэ?
Өөр эх сурвалжуудаас ус татахад хүрнэ. Өмнөговьд одоогоор илрээд байгаа цэвэр усны нөөцөөрөө дөнгүүр нь Даланзадгадаас зүүн урагш 25 км-т орших Балгасын улаан нуурын сав хөндий гэдэг. Оюу толгой, Энержи ресурс компаниудад эндээс ус татах төсөл бий. Нуур нэртэй болохоос хур тунадас багатай жилд бол хув хуурай сайр, шал хөндий болоод хатчихдаг газраас гүний усыг нь татвал тодорхой цаг, хугацааны дараа үүрдийн цөл болон хувирна. Тэгээд ч нутгийн зон энэ төслийг эсэргүүцэн, иргэний хөдөлгөөн хүртэл байгуулан тэмцэж байгаа.
Оюу толгой компанийн удирдлагууд “Гүний усыг ашиглах нь ямар ч хохиролгүй юм. Та нарын хүрч чадахгүй байгаа 400 метрийн гүнээс ус татсанаар хөрсний усанд нөлөөлөхгүй гэсэн “порпагаанд” байнга явуулна. Тэд энэ дэлхийд магадгүй хамгийн мундаг байгаль, цаг уурын шинжээч, судлаач, гедрогеологич ард түмэн болох монголчуудыг хулхидах гээд байна л даа. Ялангуяа, 50-иас дээш насны нутгийн иргэд энэ сэдвээр бол зүгээр л эрдэмтэн, докторууд.
Монголчуудад улаан, цагаан худлаа яриад хуурах гээд байвал ёстой гонжийн жоо. Бардаг даваа биш. Харин эсрэгээрээ үнэнээ өчвөл өр нимгэнээ илэрхийлчих магадгүй ард түмэн гэдгийг Өрнөдийнхөн ухаарахгүй л дээ. Манийгаа маллах гээд эс бөгөөс хөрөнгө, мөнгөөр хүч түрэн хүчиндчихийг завдан пээдэлзээд байдаг нь дургүй хүргэх юм.
Уул, уурхайг ашиглан, гүний ус татах болсноос хойш Өмнөговийн хэмжээнд хөрсний ус эрс багасах болсныг захын малчин өгүүлж байна.
Хэдэн жилийн өмнө өдөрт 500 тэмээг ханатал усалчихдаг ундрагатай байсан худаг өнөөдөр 500 хонины талыг ч усалж амжаагүй байхад шавхагдчихдаг боллоо гэх. Худгийн эхэнд буй чулууны тэхий дундуур чийгтэж байдаг байсан бол одоо ёзоор хавьдаа хаа нэг чийгтэй харагддаг болсон гэх мэтээр тэд өөр, өөрийн хар ухаан, амьдралын хур туршлагаараа усны нөөц шавхагдаж байгааг анзаарч, мэдээд байна шүү дээ.
Оюу толгойг ашиглахыг би эсэргүүцсэн юм биш ээ. Энд биднийг тэд зүгээр л хулхидах гээд байгаад л эгдүүцээд байна. ГЭРЭЭ нэгэнт бидэнд өгөөж муутай болсон хойно ТАТВАР-аар бид алдсанаа багасгаж болмоор.
Оюу толгойгоосоо хэрхэн богино хугацаанд үр шимийг нь хүртэж болох вэ? гэдэг талаас нь монголчууд бид оюун толгойгоо харин ч нэг харамгүй, оройтолгүй ухмаар даа.
Ш.ДАВААДОРЖ