Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тэмээний тэсвэрийн цаад учрыг өнөөдрөөс судалж тогтооё

“Пээ тэр Билл Гейтс гээч нөхцөлгүй баян хүн ээ.
Яагаа вэ хө?
Биеэ усаар угааж, усанд орж гэнэ” хэмээн “Comedy Art” хамтлагийн нэгэн тоглолтын үзүүлбэрт усны цаашдын хувь заяаг дүрсэлсэн байдаг. Үнэндээ инээд ч гэсэн энэ бол гашуун үнэн. Учир нь, 25 жилийн дараа л дэлхий даяараа цэвэр усны хомсдолд орно гэсэн тооцоог Олон улсын Усны нөөц удирдлагын институтын эрдэмтэд хийжээ. Тун ойрхон байгаа биз.
Цэвэр усыг хог шиг л үздэг бидэнд хамгийн ойрхон баримт бол өглөө шүдээ угаахдаа крантаа хаадаггүйгээс 40 литр цэвэр усыг зүгээр л бохир луу урсгадаг буруу дадал. Монголд Хятадын Эрээн хот руу гарч наймаа хийж үзээгүй хүн тун цөөхөн байх. Тиймээс хэрвээ ажигласан бол түмпэнд усаа тосоод эхлээд нүүр гараа, дараа нь хувцсаа, тэгээд хөлөө, эцэст нь шалаа угаагаад тэгээд гадаахиа чийглээд цацаж байгаа наймаачин хужаа нарыг бишгүйдээ харсан даа. Тэд ус үнэтэй учраас ингэж байна уу гэвэл худлаа.  Ус ховор учраас л ингэж ашигладаг.
Үнэндээ өнөөдөр манайд гэр хорооллынхон ч иймэрхүү байдлаар усыг ашиглаж байна. Гэхдээ бид залхуу учраас ахин дахин ус авахаас залхуурсандаа ийн хэрэглэдэг. Ус бол байна. Гэр хорооллынхон нэг литр усыг 1.5 төгрөгөөр худалдаж авдаг нь дэлхийн жишигт дэх магадгүй хамгийн бага үнэ. Харин орон сууцныхан хүн тус бүр нь цэвэр ус хэрэглэсний төлөө өвөлдөө сард 1000, зундаа 1500 төгрөг төлдөг. Гэтэл Европын орнуудад цэвэр ус гарч буй цоргон дээр бохир болоод урсч буй шугам дээрээ тоолууртай байдаг. Тиймээс цэвэр ус хэрэглэснийхээ төлбөрт багагүй мөнгө төлдөг. Айлууд нь гэртээ хувцас хунараа угааснаас нийтийн угаалгын машинд нэг евро төлөөд угаахыг илүүд үздэг. Харин манайд хүссэнээрээ крантнаасаа ус гоожуулж, хүссэнээрээ асгаж, өдөржин угаалга хийсэн ч болно. Сард би мянган төгрөг л төлөх юм чинь.
Ус нь байгаа, үнэ нь хямд юм чинь хайр гамгүй хэрэглэ гэж хэлээд байгаа юм биш. Зөв зохистой л хэрэглэж сурах дадал, хэвшил өнөөдрөөс үр хүүхэдтэй тогтоохсон л гэж хүсээд байгаа юм.
Монгол Улс хөгжиж байгаа орон гэсэн сайхан категорт багтсан учраас удахгүй мөн л тэдний жишгээр зовлонг нь амсана.  Байгалийн сүйрэл. Цэвэр усны хомсдол. Хамгийн сүүлд гаргасан судалгаагаар хөгжиж буй орнуудын нийт гол мөрний 95 хувь нь бохирдсон гэсэн баримт бий. Үүнд манай улс ч орж байгаа. Гэхдээ гачаалд орсон улс орны дийлэнх нь үйлдвэржсээр байгаа нь усны хомсдолд оруулж байхад манай эсрэгээр.  Манайд үйлдвэржээд сүйд болтлоо хөгжөөд байгаа салбар тун цөөн.
Дэлхийн цэвэр усны нөөцийн дөрөвний гурван хувь нь хоёр туйлын мөсөн уулнуудад байдаг гэдэг.  Дэлхий дулаарч байгаа учраас тэр их усаа бид удахгүй ашиглана даа хэмээн горьдож болох ч  шатахуун шиг зөөх үү. Эсвэл урсаад ирнэ дээ гээд хүлээгээд суух уу. Хэрвээ шатахуун шиг зөөнө гэвэл бид ахиад л хэн нэгнээс хараат болно. Өө ямар дадаагүй юм биш ахиад ОХУ-аасаа гуйна даа. Хямдруулаач гэж хэмээн бодох ч энэ нь шатахуунаас илүү бусдын өвөрт оруулна гэдэг нь ойлгомжтой.
Хамгийн гол нь Монгол гэдэг улс далай тэнгисээс дэндүү тасархай газар нутагтай гэдгээ үргэлж санаж баймаар. Азаар манай улс говь, хангай хосолсон сайхан байгальтай учраас хэдэн сайн гол мөрөн, нуур бий. Гэхдээ байлаа гээд шавхагдашгүй ундаргатай биш. Олон гол мөрөн нуур алтны томоохон компаниудын ачаар аль хэдийнэ хуурай сайр болон  пайз хадчихсан байгаа. Цаашид пайз хадах хэрэгтэй болж байгаа нь ч цөөнгүй. Гэтэл хөдөөгийн хүн амын маань 75 хувь нь байнга цэвэр усаар гачигдаж байдаг гэсэн тооцоо аль хэдийнэ гарчихсан. Ундны усны гачаалаас үүдэн гэдэсний халдварт өвчин ч ихэссээр л байна. Зөвхөн хотынхны цэвэр усны эх үүсвэр болсон хатан Туул өнөөдөр бидний нүдэн дээр арай ядан урсч байгааг хүн бүр л мэдэрч харж байгаа.  Тэгэхээр хэрвээ усыг зохистой хэрэглэж дадахгүй л юм бол яаралтай өөр гарц хайх хэрэгтэй болох нь.
Тэмээ нэг удаа 80 литр ус уучихвал сар усгүй явчихдаг гэдэг. Тиймээс өнөөдрөөс тэмээний тэрхүү гайхалтай тэсвэрийн цаад шатгааныг түргэхэн шиг олох шаардлагатай болох нь.  Усны гачаалд орох тэр үест бидэнд хамгийн зөв гарц магад энэ болно доо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан