Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.БАТБИЛЭГ: НЭГ ТОНН ХАГАС КОКСЖСОН ТҮЛШ 92 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НИЙЛҮҮЛНЭ

Ашигт малтмалын газрын Нүүрс судалгааны тасгийн дарга Ж.Батбилэгтэй нүүрсний салбарын өнөөгийн байдлын талаар ярилцлаа.

-Цахилгаан станцыг түлшээр хангадаг уурхайнууд нүүрсний үнэ нэмэх санал удаа дараа тавьж ирсэн. Энэ асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?

-Эрчим хүчний нүүрс олборлож байгаа Багануур, Шивээ-Овоо, Шарын гол, Адуунчулуун зэрэг томоохон уурхайнууд алдагдалтай ажиллаж байгаа. Өөрийн өртгөөс  1-2 мянган төгрөгөөр доогуур үнээр нүүрсээ цахилгаан станцуудад нийлүүлдэг. Эдгээр уурхайн цахилгаан станцаас авах мөнгөн дүн нэлээд өссөн байсан. Төрөөс бодлого хэрэгжүүлж уурхайн мөнгийг олгож байна. Зарим уурхай нь өрөө аваад дуусч байгаа юм. Аливаа аж ахуйн нэгж ашигтай  ажиллаж байж найдвартай байдлаа хангадаг. Иймд яваандаа нүүрсний үнийг чөлөөлөх ёстой.  Эрчим хүчний нүүрс олборлогч уурхайнууд үнийг нэмж өгөөч гэдэг санал сүүлийн 10 гаруй жил тавьж ирсэн.
Манай улсын хөгжлийн өнөөгийн түвшин,  хөрөнгө мөнгөний бололцоо тааруу байна. Нүүрсний үнийг чөлөөлвөл цахилгааны үнэ нэмэгдэнэ. Үүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өсөх эрсдэл бий. Тэгээд үнийн энэ нэмэгдэл ард иргэдийн нуруун дээр дарамт болж бууна. Иймд нүүрсний үнийг чөлөөлөхөд төр хойрго хандаж буй юм. Гэвч нүүрсний үнийг шат дараатай чөлөөлөх арга хэмжээ авч байгаа. Уурхайнууд ашигтай ажиллах ёстой.
-Нүүрсний уурхайнууд жилд хэдий хэмжээний алдагдалтай ажиллаж байна вэ?

-Алдагдал нь тэрбум тэрбумаар тоологдож байгаа. Ялангуяа төрийн өмчит Багануур, Шивээ-Овоогийн  уурхай.  Багануурын уурхай жилд 3.8, Шивээ-Овоо нэг сая гаруй тонн нүүрс олборлож үүнийгээ цахилгаан станцуудад хямд үнээр нийлүүлдэг. Тухайлбал Шивээ-Овоо 19, Багануур 20 гаруй мянган төгрөгөөр нэг тонн нүүрсээ нийлүүлдэг юм. Гэтэл Багануурын уурхай иргэдэд нэг тонн нүүрсээ 37500 төгрөгөөр зарж байгаа. Үүгээрээ алдагдалаа багасгаад явдаг. Тэгэхээр энэ бол шударга бус тогтолцоо байна гэж хэлж болно.   
-Манайд байгаа  сайжруулсан шахмал түлшний үйлдвэрүүд  жилд 300 мянган тонныг  үйлдвэрлэх хүчин чадалтай гэдэг. Гэтэл жилд дөнгөж 5000 тонныг үйлдвэрлэсэн судалгаа гарлаа. Яагаад...?
-Үүнд олон шалтгаан бий. Ер нь, нийслэлийн гэр хороололд жилд 600 мянган тонн түлш хэрэглэх тооцоо бий. Хагас коксжсон шахмал түлш гэдэг нь шатаахад гарах утааны хэмжээг бууруулж буй хэрэг. Энэ чиглэлээр сүүлийн долоо, найман жил ажиллаж буй олон компани бий. Жишээ нь “Шарын гол энерги” компани байна. Тэд шинэ технологи нэвтрүүлж бүтээгдэхүүн гаргадаг. Гэвч горим тааруулах нэвтрүүлэх талаар чадвар дутаж  туршлага судалж байна. Япон, Герман, Хятадаас шинэ технологи оруулж ирсэн. Гэвч манайд шинэ үйлдвэрлэл учраас туршлагагүйтэх  дутагдал бий. Нөгөө талаас хагас коксжсон түлшний  үйлдвэрлэл хөгжихгүй байгаа шалтгаан нь нүүрсний үнэтэй холбоотой. Тухайлбал хамгийн хямд нь Багануурын нүүрс. Нэг тонныг нь 80 мянган төгрөгөөр хэрэглэгчдэд нийлүүлж байгаа.
Гэтэл хагас коксжсон шахмал түлш үйлдвэрээс нэг тонн нь 100 гаруй мянган төгрөгөөр гардаг.  Үүн дээр ашиг зардлаа тооцоод зах зээл дээр гаргахад түвэгтэй болж буй юм. Засгийн газраас 72 мянган төгрөгийг нь төрөөс гаргаж өгөөд  нэг тонныг нь 98 мянган  төгрөгөөр зах зээлд нийлүүлэх болсон. Энэ гэрээ хэлцэлийг Цэвэр агаар сан үйлдвэрүүдтэй хийж байна. Одоо хагас коксжсон шахмал түлшний үйлдвэрүүд эрчимтэй хөгжинө. Хагас коксжсон түлшний дэлхийн зах зээлийн үнэ их өндөр байдаг. Тухайн улс орны Засгийн газраас анхаарч хөрөнгө оруулалт хийсний үндсэн дээр үйлдвэрлэл нь өргөждөг юм билээ. Жишээлбэл, Англи шахмал түлшний үйлдвэрлэлээр тэргүүлэгч орон. Шилдэг технологи нэвтрүүлсэн улс. Анцит, флоцит гэсэн утаагүй шахам түлш үйлдвэрлэдэг. Энэ түлшний нэг тонн нь оны эхэнд 480 орчим еврогийн үнэтэй байна. Дэлхийн зах зээл дээр яваандаа сайн чанарын түлшний үнэ өсөх хандлага бий. Манай орон нүүрс элбэг, хямд учир шахмал түлшний үнэ багаар тогтож байгаа юм. Алс хэтдээ хагас коксжих түлшээр дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй дэлхийн зах зээлд гаргах боломжтой.
-Эрчим хүчний нүүрс олборлож буй уурхайнууд техникийн шинэчлэлт хэр хийж байна вэ. Уурхайнуудын олборлох хүчин чадал ямар байдаг юм бол?
-Манай улсад идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй нүүрсний 50 орчим уурхай байна. Үүний 18 уурхай нь орон нутгийн нүүрсний хэрэгцээг хангадаг. Эдгээр уурхай нүүрс гаргах хүчин чадал сайн. Манай улсад 100 тэрбум тонн хүрэн нүүрсний таамаг нөөц бий. Үүнийг олборлох арга хялбар, зардал бага байдаг.  Одоо ажиллаж байгаа уурхайнууд жилд 100 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай. Жишээ нь Адуунчулууны уурхай Дорнод  аймгийн 36 мегаВаттын цахилгаан станцыг хангадаг. Энэ цахилгаан станц гурван аймагт эрчим хүчээ нийлүүлж байна. Уг уурхай гурван жилийн өмнө 270 мянган тонн нүүрс олборлодог байлаа. Одоо жилд 500 мянган тонн нүүрс олборлох хүчин чадалтай болсон. Дотооддоо жилд  8.8 сая тонн хүрэн нүүрс хэрэглэж байна. Бас жилд 50 сая тонн нүүрс экспортлох боломжтой. Тэгэхээр жилд 100-150 сая тонн олборлох бололцоо байгаа юм. Гэтэл жилд олборлож экспортолж буй нүүрсний хэмжээ 20-30 сая тонн л доо.
Ингээд бодоход нүүрс олборлоход санаа зовох зүйлгүй. Хамгийн гол нь нүүрс олборлолоо гэхэд борлуулах зах зээл байхгүй юм. Япон Улс жилд 200 сая тонн нүүрс хэрэглэдэг. Гэтэл бид нүүрсээ нийлүүлэх дэд бүтэц хараахан алга. Техник технологийн хувьд Ухаа худаг, “Эрдэнэс МГЛ” хамгийн сүүлийн үеийнхийг нь ашиглаж байна. Оросын техник ашиглаж байгаа уурхайнуудын нүүрс олборлох хүчин чадал ч хангалттай байгаа. Дахин хэлэхэд  зах зээл байвал хангалттай нийлүүлж чадна.
-Энэ онд 30 сая тонн коксжих нүүрс экспортолно гэж байгаа. Ийм бололцоо бий юу?
-Үнэ өсвөл бид нийлүүлэх боломжтой. Дээр хэлсэн нүүрсний салбарын олборлох хүчин чадал хангалттай. Харин нүүрсээ зөөх зам тээвэр л асуудалтай.  Бид төмөр замаар саадгүй  экспортолж чадах юм бол 2020 онд 65 сая тонн экспортлох боломж бий гэж Японы “Жайка”-гийн хийж өгсөн мастер төлөвлөгөөнд дурдсан. Манайхаас өөр нүүрсээ машинаар зөөдөг улс байхгүй. Төмөр зам, шугам хоолой, конвейрийн системээр зөөдөг. Машинаар зөөж байгаа нь манай дэд бүтцийн хөгжил сул байгаатай холбоотой. Наад зах нь байгаль орчин сүйтгэх, тээврийн зардал өндөр гарах, хүн ч олон ажиллах гээд асуудал их бий. Төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байгаа. Таван толгойгоос Нарийнсухайт боомт хүрэх 267 км төмөр замын далан барьж байна. Хөрөнгө мөнгийг яаж ийгээд болгоод л явж буй юм. Тээврийн асуудлаа шийдлээ гэхэд бас нэг саад бий. Тэр нь ганцхан зах зээлтэйд оршино.  
Өөрөөр хэлбэл, Хятадын импортын хэмжээнээс манай экспорт шууд хамаарна. Японд экспортлоход хүндрэлтэй. Тээврийн зардал нь их өндөр гарна. Зөвхөн далайн эрэг дээр очиход л хоёр  дахин илүү зардал гарна. Нүүрсний салбарт өнөөдөр ийм л зовлон байна.
-Нүүрсний үнэ доод цэгтээ хүртэл унасан гэдэг.  Энэ онд өндийх тал ажиглагдаж байна уу?
-Судлаачид коксжих нүүрсний үнэ өсөх талаар эерэг зүйл хэлэхгүй байна.  Хэвийн түвшинд буюу одоогийн үнээс бага зэрэг буурах байх гэсэн таамаглал дэвшүүлж байгаа юм. Нүүрсний зах зээлийн үнэ хаашаа яаж эргэхийг бид таашгүй шүү дээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан