Өнгөрсөн онд уул уурхайн салбар хэрхэн ажилласан судалгаа гарлаа. Эндээс үзвэл одоогоор манай улсад ашигт малтмалын хайгуул, ашиглалтын нийт 3000 лиценз бий. Үүнээс ашиглалтын лицензийн талбай нийт газар нутгийн 0.6, хайгуулынх 8.8 хувийг тус тус эзэлж байна. Ашигт малтмалын нэр төрлөөр нь ангилж үзвэл нийт лицензэд алт 35.3, барилгын материал 21, нүүрс 17.3, жонш 12.7, төмөр 4.2, гянтболд 2.1 хувь нь болох юм.
Өнгөрсөн жилийн байдлаар уул уурхайн салбар нь ДНБ-ий 17, экспортын 81, улсын төсвийн 23, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73 хувийг тус тус бүрдүүлжээ.
Өнгөрсөн онд Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар улсын төсөвт лицензийн төлбөрөөр 42.1 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь төлөвлөгөөнийхөө 96.5 хувийг биелүүлсэн үзүүлэлт аж.
Өнгөрсөн онд манай улс 803 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон дүн гарлаа. Энэ нь төлөвлөсөн хэмжээнийхээ 84.9 хувийг гүйцэтгэсэн явдал юм. Мөн “Эрдэнэт” үйлдвэр 3.7 мянга гаруй тонн молбидени экспортолсон нь орлогын гүйцэтгэлээ 1.3 хувиар давуулан биелүүлсэн аж. Оюу Толгойн үйл ажиллагаа эхэлснээр эхний 10 жилд 600 сая тонн зэс, 18 тонн алт олборлоно хэмээн “Eurasia Capital” олон улсын судалгааны байгууллага тооцжээ.
2013 онд 30 сая тонн нүүрс экспортолно хэмээн зоьж байв. Гэвч энэ хэмжээнд хүрч чадаагүй. Тухайлбал 33.3 сая тонн нүүрс олборлож үүнээс 25.8 сая тонныг борлуулсан тооцоо гарлаа. Үүнээс 18.2 сая тонныг нь экспортод гаргасан байна. Тээвэр логистикийн асуудлаа ойрын хугацаанд шийдэж чадвал манай улс 2018 он гэхэд жилд 100 сая тонн коксжих нүүрс экспортлох боломж бий ажээ.
Алт олборлолт огцом өсчээ. Өөрөөр хэлбэл 8.9 тонн алт олборлосон нь сүүлийн жилүүдийнхээс бараг хоёр дахин их юм. Улсын төсөвт оруулах орлого нь ч бас хоёр дахин нэмэгдсэн байна. Цайрын үйлдвэрлэлийн хэмжээ 104.1 мянган тоннд хүрч 87.9 хувиар төлөвлөсөн хэмжээнээс илүү байна.