Ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр ямар байхаас манай улсын эдийн засгийн чадавх шалтгаалдаг болсон. Өөрөөр хэлбэл уул уурхайгаас монголчуудын аж амьдрал ихээхэн шалтгаалж буй юм. Өнөөдөр тус салбар ДНБ-ий 17, экспортын 81, улсын төсвийн 23, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73 хувийг тус тус бүрдүүлж байна. Монгол оронд ашигт малтмалын 3055 лиценз бий. Үүний 1292 нь ашиглалтын лиценз юм. Үлдсэн 1763 нь хайгуулынх. Нийт лицензийн талбай Монгол Улсын нутаг дэвсгэрийн 9.7 хувийг эзэлж байгаа юм.
БОНХЯ-наас гаргасан дүн мэдээнээс үзвэл өнгөрсөн онд уул уурхайн улмаас эвдэрсэн 1500 га талбайд нөхөн сэргээлтийн ажил хийжээ. Одоогоор хэчнээн га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн талаарх нэгдсэн тоо гараагүй байна. Гэвч нөхөн сэргээлт хийлгүй орхисон талбай нэлээд бий. Иймд “Алтыг нь аваад авдрыг нь хаясан” аж ахуйн нэгжүүдийг олж тогтоогоод байгаль орчинд учруулсан хохирлыг нь төлүүлэхээр Улсын мөрдөн байцаах газар, БОНХЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран ажиллаж буй аж.
Ингээд Мал аж ахуйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Дэжидмаатай нөхөн сэргээлтийн талаар ярилцлаа.
-Манай улсын эдийн засгийн гол тулгуур нь уул уурхай болсон. Хаа сайгүй л уурхай нээгдэж байна. Тэдний байгаль орчныг нөхөн сэргээх ажил ямар байна гэж мэргэжлийн судлаач хүний хувьд дүгнэж байна вэ?
-Уул уурхайн салбар манайд хүрээгээ тэлж эхэлсэн цаг үеэс эхлээд л нөхөн сэргээлтийн тухай ярьж ирсэн. Гэвч би мэргэжлийн хүний үүднээс тодорхой үр дүнд хүрэхгүй байна гэж дүгнэж байгаа. Учир нь нөхөн сэргээлт хийх талаар ямар нэг бодлого, технологи алга. Жишээлбэл ямар ургамал тухайн бүс нутгийн нөхцөлд хэрхэн тариалах асуудал маш бүрхэг байна. Манай хүрээлэн тэжээлийн ургамал тариалахаас гадна нөхөн сэргээлтэд ашиглах бэлчээрийн ургамал, түүнийг тарих технологийн судалгаа хийдэг.
Тухайлбал хээрийн бүс, цөлөрхөг хээрийн бүсэд ямар ургамал тохиромжтойг тогтоосон юм. Ер нь, уул уурхайн компаниуд мэргэжлийн байгууллагуудтай хамтарвал хийж буй ажил нь илүү үр дүнд хүрнэ. Нөгөө талаас уул уурхайн компани, орон нутгийнхан, байгаль орчны талаар үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллага хооронд үл ойлголцолтой, уялдаа муутай ажилладаг. Тэгэхээр үүнийг зөв гольдролд нь оруулах хэрэгтэй.
-Уул уурхайн компаниуд нэг үеэ бодвол жил бүр техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийдэг болсон. Гэвч тарьсан ургамал нь ургадаггүй, олигтой үр дүнд хүрэхгүй байгаа шалтгаан юу вэ?
-Манай хүрээлэн өнөөдөр Монгол орны нөхцөлд дасан зохицсон олон наст ургамлын 10 гаруй сортыг 50 гаруй жил судалж гаргаж авсан. Цөөхөн компани манайхаас нөхөн сэргээлтэд тарих ургамал авдаг. Бусад нь Хятадаас нөхөн сэргээлтэд зориулсан ургамал оруулж ирж тарьж байна. Гэвч энэ ургамал нь манай орны экологийн нөхцөлд дасан зохицдоггүй, амьдрах чадвар муу байдаг юм. Нөхөн сэргээлт хийлээ ч үр дүнгээ өгөхгүй байгаа гол шалтгаан нь энэ. Тэгэхээр нөхөн сэргээх талаар сургалт хийх, загвар талбай бий болгох ёстой гэж бодож байна. Жишээлбэл хээрийн, ойт хээрийн, говийн бүсэд ийм ийм ургамлыг ингэж тарь гэсэн загвар бий болгоод уул уурхайн компаниудад таниулах хэрэгтэй. Ашигт малтмалыг ухаж авсан аж ахуйн нэгжүүд, хүмүүст нөхөн сэргээлт чанартай хийх бодол байгаа гэж би боддог.
-Тэгэхээр Монгол орны нөхцөлд ямар ямар ургамал нөхөн сэргээлтэд ашиглавал тохиромжтой юм бэ?
-Өнөөдөр нөхөн сэргээлтэд голдуу мод, сөөг, сөөгөнцөр ургамал тариалж байна. Гэтэл уул уурхайн олборлолтод өртөж буй талбайн дийлэнх нь малын бэлчээр. Ашигт малтмалын тухай хуульд олборлолт хийсэн газраа анх байсан байдалд нь ойртуулж нөхөн сэргээх заалт бий. Тэгэхээр тухайн нутаг орон, талбайд ургаж байсан ургамлын тариалах шаардлагатай гэсэн үг. Манай хүрээлэн монгол оронд ургаж буй бүх ургамлын судалгаа хийж үрслүүлж ирсэн. Монгол оронд одоо нээгдээд байгаа ашигт малтмалын нөөцийн дийлэнх нь хээрийн болон зүүн бүс нутагт бий. Хээрийн бүс нутагт бол төрөл бүрийн өлөнг, ерхөг тарьж болно.
-Тэгвэл танай хүрээлэн жилд хэдий хэмжээний ургамал нийлүүлж чадах вэ?
-Одоогоор ургамлын үрээ үржүүлж байна. Бидний ажил их байдаг. Тухайлбал, тэжээлийн ургамал ихэвчлэн тариалж буй юм. Манайх мэргэжлийн байгууллага тул байгаль орчин нөхөн сэргээх ургамал тариалж нийлүүлэх боломжтой.
-Ойт хээр болон хээрийн бүс, говьд нэг га талбайг нөхөн сэргээхэд хэдий хэмжээний зардал гаргадаг юм бэ?
-Үүнийг шууд тооцох боломжгүй. Яагаад гэвэл тухайн талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн байдлаас ихээхэн шалтгаалдаг. Нэгдүгээрт ургамал тарих хөрсний үе давхаргуудыг зохих хэмжээнд нь хийсэн эсэхээс ихээхэн хамаарна. Хоёрдугаарт тухайн орон нутагт ямар ургамал тарих, орчинд нь нийцүүлэх зэргээс хамаарч нэг га талбайд зарцуулах мөнгө нь ялгаатай байдаг.
-Та 10 сортын ургамал гаргаж авсан гэж дээр хэлсэн. Нэг га талбайд тариалах ургамлын үр ямар үнэтэй байна вэ?
-Олон наст ургамлын үр нэг кг нь 20-25 мянган төгрөгийн үнэтэй. Нэг га талбайд маш орно. Жишээ нь 15-20 кг үр хангалттай байдаг. Гол онцлог нь олон наст ургамлын үр жижиг. Ер нь, ургамлын үр жижиг байх тусмаа тариалах технологи нь нарийн болно. Тэгэхээр мэргэжлийн байгууллагаас заавар зөвлөгөө авч технологийн дагуу тарих нь илүү үр дүнтэй. Яагаад гэвэл олон наст ургамлыг нэг удаа л тарьдаг. Тэгээд тав, зургаан жил ашиглах боломжтой. Иймд эхний жилийн тариалалтад анхаарах ёстой.