Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.ЛХАГВА: 800 ЛИЦЕНЗ ЭЗЭМШИГЧИЙН ХОЁР ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ЦАРЦСАН

Улс төрждөг, худлаа ярьдаг эх орончид манай улсын эдийн засгийг доош нь татаад байна

Монголын уул уурхайд хөрөнгө оруулагчдын ассоциацын ерөнхийлөгч Т.Лхагватай ашигт малтмалын салбарын өнөөгийн байдлын талаар ярилцлаа
.

-Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчныг шинэчилж байна. Хөрөнгө оруулалтын шинэ хууль гарснаар Монголыг чиглэх мөнгөний хэмжээ нэмэгдэнэ гэж байгаа. Танай ассоциацаас энэ талаар ямар байр суурьтай байна вэ?  
-Хөрөнгө оруулалтын хуулийг нүдээ олсон гэж хэлж чадахгүй. Энэ бол туслах үүрэгтэй. Үндсэн утга санаа нь татварын орчинг тогтвортой болголоо, та нар ирж ажлаа хийж болно. Ажлаа хийгээд мөнгө олсоны дараа татвар ярина гэсэн. Гэхдээ эхлээд эрх зүйн орчиндоо шинэчлэл хийх ёстой. Өөрөөр хэлбэл, өнөөдөр уул уурхайн компаниудын хөлнөөс яулуу уяад усанд живүүлчихээд байна. Тэгэхээр эхний ээлжинд энэ дүүжилсэн чулуундаа авч хаях учиртай. Нөгөө томъёогоор бол булгийн усны ундаргыг дарсан бул хар чулууг авч хаяач ээ гэж байгаа юм. Өнөөдөр лиценз эзэмшдэг 1300 гаруй компани бий. Үүний 800 гаруй нь төрөөс гарсан эрх зүйн актаар үйл ажиллагаа явуулах эрхийг нь хассан. Энэ талаар ярилцан ямар нэг шийдэлд хүрч, эрх зүйн шинэчлэл хийх ёстой. Энэ жил ажлын төлөвлөгөөгөө хийж байгаа цөөхөн ч компани байна. Үлдсэн компани нь уулын ажлын тайлангаа гаргаад Ашигт малтмалын газраар батлуулах гээд очихоор хүлээж авдаггүй. Учир нь, танай талбай тусгай хамгаалалтын газарт орж, аймаг орон нутгийн нөөцөд орсон байна, яамны төддүгээр тогтоолд оржээ зэрэг шалтгаанаар үйл ажиллагааных нь тайланг хүлээж авдаггүй. Бидний лиценз үнэхээр цуцлагдсан уу гэхээр “Үгүй. Хүчинтэй” гэдэг. Хэнд хандах вэ гэхээр Байгаль орчин ногоон хөгжлийн яамтай ярих болдог. Энэ яам уул уурхайн компаниудад ямар нэг мэдэгдэл, албан бичиг ирүүлэхгүйгээр УИХ-аар ямар нэг тогтоол шийдвэр гаргуулдаг. Үүнээс болж хөрөнгө оруулагчид үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болдог.
Ерөөсөө л Монголын эдийн засаг,  уул уурхайн салбарын булгийн эхийг дарсан бул хар чулуу нь төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоогүй байдлаас үүдэлтэй тогтоол шийдвэр, хууль эрх зүйн актууд юм.
-Та 800 гаруй компанийн үйл ажиллагаа зогссон гэлээ. Одоогоор нийт хэдэн хүн ажилгүй байна вэ?
-Монголын уул уурхайн салбарт 50-60 мянган хүн ажилладаг. Үүний 70-80 хувь нь ажилгүй байгаа гэсэн үг. Манай улсын хамгийн өндөр цалин авдаг хүмүүс бол уул уурхайн салбарынхан. Энэ царцанги байдлаас болж тэдний 1-5 сая төгрөг хүртэлх сарын орлого нь алга болж буй явдал юм. Уул уурхайн компаниудаас төр ашигт малтмалын  лиценз, нөөц ашиглсны төлбөр гээд асар их мөнгө авдаг. Гэтэл энэ орлого нь тасрахаар төсөв бүрдэхээ больж аль аль талдаа гацаанд орчихлоо. Шинэчлэлийн Засгийн газар энэ гацаанаас гарах гэж оролдож  янз бүрийн арга хэмжээ авч байна. Энэ сайшаалтай ч маш удаан байна. Ийм удаан байвал бид ирэх жилийг алдана. Тэгээд сонгуультай золгон улс төржөөд үр дүнд ч хүрч чадахгүй. Тиймээс  хэдэн арван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан компаниудын ажлыг дариухан эхлүүлэх шаард­лагатай юм.  Нөгөө талаас хоёр гурван жилийн дотор ашиглаад хаалтаа хийсэн алтны шороон орд олон бий.
-Үйл ажиллагаа нь зогссон компаниуд хэдий хэмжээний хөрөнгө оруулаад байгаа вэ?
-Үүнийг Ашигт малтмалын газар, Уул уурхайн яам нарийн тооцож гаргахад төвөгтэй. Санал асуулга, судалгаа хийж байж тогтоох учиртай. Манай ассоциац энэ талаар судалгаа хийсэн. Тэгэхдээ танай компани ирээдүйд төслөө хэрэгжүүлбэл хэдэн хүн ажиллуулах, одоо хэдэн ажилчин байгаа, хэдэн төгрөгийн хөрөнгө зарсан, цаашид хэдий хэмжээний хөрөнгө оруулах төлөв бий зэргийг нь асууж гаргасан.  Энэ судалгаагаар ашигт малтмалын лиценз олголтыг зогсоосон 2009 оноос хойш хайгуулын болон ашиглалтын  ажилд зарцуулсан хөрөнгө оруулалт  урьдчилсан байдлаар хоёр тэрбум гаруй ам.доллар болсон.  Ер нь, гурван тэрбум болно гэсэн таамаг бий. Үүнд одоо үйл ажиллагаа явуулж байгаа болон Оюу толгой гэх мэт том хөрөнгө оруулалтыг тооцоогүй.  Товчхондоо, үйл ажиллагаа нь гацсан, хөрөнгө оруулалт нь царцаад байгаа компаниудыг судалгаанд хамруулж байна.
-Тэгэхээр энэ төсөл хэрэгжсэн бол манай улсад хэдий хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх байсан бол. Энэ талаар судалгаа хийсэн үү?
-Эдгээр төсөл гацаанаас гарч хэрэгжсэнээр ойрын таван жилд 30-50 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Монголд орох тооцоо гарсан. Эндээс харахад бид ямар их боломж алдсан нь тодорхой харагдаж байна. Хэрэв өнгөрсөн хоёр, гурван жилийн өмнө энэ гацаа үүсээгүй байсан бол өнөөдөр 10 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт манай улсад эргэлдэж, үр ашгаа өгч байх учиртай байлаа. Ашигт малтмалын ашиглалтын лицензээ авахад бэлэн болсон компани олон бий. Өөрөөр хэлбэл, энэ хавраас олборлолтоо шууд эхлээд явах боломжтой гэсэн үг. Уул уурхайн ажил дөрөвдүгээр сараас эхэлдэг. Гэтэл төсөл гацсан тул компаниуд төлөвлөгөө, тайлангаа өдий болтол гаргаагүй. Асуудлыг одоо шийдлээ гэхэд ажил нь энэ оны хагас жилээс л эхлэх байх.  Үүнээс гадна ажиллахад бэлэн болсон боловсруулах үйлдвэр ч олон бий. Өнөөдөр хөрөнгө оруулагчид нүүрс, төмрийн хүдэр ухаад түүхийгээр нь урд хөршид экспортлох, алт олборлоод Монголбанкинд тушаахаас татгалзаж аль болох боловсруулж нэмүү өртөг шингээх бодлого баримталж байгаа. Хөрөнгө оруулагчдын  бодол олон жилээр урагшаа явсан. Харин төрийн бодлого л чөдөрлөөд байна.
-Тухайлбал, ямар боловс­руулах үйлдвэр бай­на вэ?
-Төмөр, зэсийн хүдэр баяжуулах, нүүрс угаах үйлдвэрүүд бий. Мөн шохойн чулуу боловсруулж Оюу толгойд флотацын шохой нийлүүлэх үйлдвэр байна. Дандаа гадаадаас импортолдог зүйлүүдийг дотооддоо үйлдвэрлэх буюу экспортын өртөг нэмсэн бүтээгдэхүүн гаргах үйлдвэрүүд шил шилээ даран зөвшөөрлөө хүлээж байна.  Тэд төрөөс дэмжин мөнгө төгрөг өгөөч гэж хүсээгүй. Бүх хөрөнгө оруулалтаа өөрсдөө хийж байгаа. Харин гадаад, дотоодоос хөрөнгө босгож үйлдвэр бариад, монгол хүн ажиллуулж, төрд татвар төлнө. Өнөөдөр уул уурхайн салбарт 20 гаруй төрлийн татвар ногдуулдаг юм.  Гэтэл эдгээр үйлдвэрийн хаалгыг төр хаачихаад байна л даа.
-Хөрөнгө оруулалтын хууль хэрэгжсэнээр тодорхой үр дүн гарахгүй гэж эдийн засагчид үзэж байна. Учир нь лиценз олгохгүй бол нэмэргүй гэдэг?
-Шинэ хөрөнгө оруулагчид энэ салбарт орж ирнэ гэдэг бол дараагийн шатны алхам. Үүнийг олон хүн ярьж байгаа. Бид Уул уурхайн яамныхантай уулзахдаа ч хэлсэн. Яагаад гэвэл, өмнө нь холион бантан болсон зүйлээ цэгцлэхгүйгээр дараагын хөрөнгө оруулагчид орж ирэхгүй. Тиймээс би бодохдоо дахин хуваарилалт хийх гээд байгаа юм болов уу гэж ойлгож байна. Өнөөдөр манайд хөрөнгө оруулсан их хэмжээний мөнгө байна. Үүнийхээ үр дүнг үзэх хэрэгтэй. Ингэсний дараа шинээр хайгуул хийх, олборлолт явуулах эсэхээ шийдэх учиртай. Шинэ хөрөнгө оруулагчидад нээлттэй болгож  болно. Монгол орны геологи хайгуулын ажил  зогсчихоод байна. Үүнийгээ урьдчилж шийдэх ёстой. Түүнээс биш хөрөнгө оруулсан тэр их хэмжээний мөнгийг зүгээр газарт булаад орхино гэдэг нь утгагүй асуудал. Энэ төсөлүүд гацаанаас гарвал энэ зунаас манайх руу мөнгө урсч эхлэнэ.
-Оруулсан хөрөнгө нь гацсан компаниуд хэдий хэмжээний алдагдал хүлээж байна вэ. Энэ талаар ямар нэг тооцоо гарсан уу?
-Монгол, гадаадын ч бай компаниуд адилхан. Тэд аль нэг Хөрөнгө оруулалтын сан, Хөрөнгийн биржээс мөнгө татсан байдаг. Иймд зээлийн хүүд асар их мөнгө төлнө. Дээр нь, ажилчдын нийгмийн даатгал, сул зогсолтын мөнгөний зардал нэмэгдэнэ. Бидний нүдэнд ил харагдаж буй зүйл гэвэл барилгын салбарынхан ирээдүйд итгээд олон оффис барилаа. Үүнийгээ уул уурхайн хөрөнгө оруулагчид үнэтэй түрээслүүлдэг.  Гэтэл тэд гараад явчихаар хоосон барилгууд үлдлээ. Үлдсэн хэдэн компани түрээсээ төлөөд сууж байгаа. Хэдийгээр сул зогссон ч бизнесээ барьж байх, хөрөнгөө манахын тулд хэдэн зуун саяар нь мөнгөө “шатаагаад” сууж  буй юм. Энэ     асуудлыг төр засагт тавьж, арга хэмжээ авч байгаа ч бодлого нь хэрэгжихдээ маш удаан байна. Дээр нь, улс төржилт  газар авчихсан. Мөн худлаа ярьдаг эх орончдын нөлөө ч их бий. Хэт их улс төрждөг, худлаа ярьдаг эх оронч хүмүүс манай улсын эдийн засгийг доош нь татаад байна.
-Далд наймаанаас болж Монголбанкинд тушаах алтны хэмжээ буурсан. Тэгэхээр  татварын хэмжээг бууруулснаар алт тушаалт сэргэж, далд наймаа зогсоно гэдэг. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Алтны таван хувийн татварыг  2.5 хувь болговол Монголбанкинд тушаах нь нэмэгдэнэ гэж байгаа. Эдийн засгийн хөшүүрэг талаасаа зөв учраас алт тушаалт өсөх байх. Далд эдийн засаг байгаа гэж тооцоод ийм арга хэрэглэх болсон. Зарим судлаач Монголд далд эдийн засгаасаа байхаасаа илүү алтны шороон орд цөөрсөн. Бороогын алтны ордын ашиглалт зогссон. Заамрын томоохон ордуудын нөөц дууссан. Одоо 300-400 кг нөөцтэй жижиг ордууд л байгаа. Гэтэл зарим нь үйл ажиллагаа нь төрөөс гаргаж буй хууль эрх зүйн актаар зогссон. Тухайлбал, урт нэртэй хуулиар үйл ажиллагаа нь зогссон компанийн 80 гаруй хувь нь алтны орд. Одоогоор ажил зогссон ашиглалтын лицензтэй 200 гаруй компани бий. Тэд татвар хөнгөлсөн, хөнгөлөөгүй ч Монголбанкинд   алтаа тушаана. Тэр  хэмжээгээр манай улсын валютын нөөц өсөх юм. Тэгэхээр үйлдвэрлэлийн хэмжээг өсгөхгүй байж алтны нөөцөөс нэмэгдүүлнэ гэж яриад байгаа нь хэцүү. Энэ бол энгийн л логик шүү дээ. Өнөөдөр үнэхээр алтны далд эдийн засаг байгаа эсэхийг сайн мэдэхгүй. Үүнийг хууль хяналтын байгууллагууд л шалгаж тогтооно.
Т.Жанцан

0 Сэтгэгдэл
uul uurhain litsenzuud dandaa tanil tal erh medleer avsaniig bid medne, odoo hohi ni gehees dee
Хамгийн их уншсан