Багануурын уурхайн Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Н.Базарсүрэнтэй уурхайн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар ярилцлаа.
-Өнгөрсөн онд танай уурхайн ой болсон. Тэмдэглэлт ойдоо ажлын бүтээмжээр бэлэг барьсан гэж байсан. Энэ талаар ярихгүй юу?
-Багануурын уурхайн хувьд 2013 он нэлээд онцлогтой жил байлаа. Уурхайн 35 жилийн ой болсон. Ойгоор манай уурхайг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор шагнасан. Энэ бол манай нийт уурхайчдын улсынхаа эрчим хүчний гал голомтыг түлшээр таслалгүй ажилласан нөр их хөдөлмөр зүтгэл, ажлын хариуцлага, бүтээмжийг үнэлсэн хэрэг гэж ойлгож байгаа. Багануурын уурхай төвийн эрчим хүчний системийн дулааны цахилгаан станцуудын нүүрсний хэрэглээний 60-70 хувийг хангадаг.
2013 оны төлөвлөгөөгөөр 3.5 сая тонн нүүрс олборлон борлуулах ёстой. Гэвч 3.8 сая тонн нүүрс олборлож эрчим хүчний салбар болон жижиг хэрэглэгчдэд нийлүүлсэн. Үүнээс гадна 18.6 сая шоо метр хөрс хууллаа. Нийт 30 сая шоо метр уулын цулын ажил хийв. Энэ бол байгуулагдсанаасаа хойш хийсэн ажлын хамгийн өндөр үзүүлэлт юм.
Бас нэг амжилт бол тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийж байна. Энэ нь үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэхэд маш том түлхэц болсон. Тухайлбал, уулын тоног төхөөрөмжөө шинэчлэх хөрөнгө оруулалт хийлээ. Мөн технологийн дамжлага буюу нүүрсээ буталж, вагонд ачих байгууламжийн өргөтгөлийн ажил ч хийж байна. Ингэснээр 500 мянган тонн нүүрс нэмж борлуулах чадамжтай болно. Өөрөөр хэлбэл, улс орны өсөн нэмэгдэж байгаа нүүрсний хэрэгцээг тасралтгүй хангахад гол үүрэг гүйцэтгэх ажил юм. Энэ бүгдийг хийхэд төр засаг, харьяалах яам тамгын газар тусалж дэмжлээ.
Өнгөрсөн онд эхлүүлсэн томоохон ажил олон бий. Жишээ нь, компанийн нийгмийн хариуцлагын талаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран төсөл хэрэгжүүлэх боллоо. Бас “Багануур” хувьцаат компанийн 2020 он хүртэл ажиллах стратеги төлөвлөгөөгөө боловсруулаад дуусч байна. Үүнээс гадна 2025 он хүртлэх ТЭЗҮ гаргах, геологи хайгуулын ажил хийх төсөл боловсруулж эхэллээ. Мөн хөрс хуулалтад конверийн систем нэвтрүүлэх, хайрга боловсруулах, нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ хийлээ.
-Шинэ он гарлаа. Ямар ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ?
-Хорвоо дэлхий уужим хийх ажил их байна гэсэн үг байдаг биз дээ. Улс орны хөгжлийг дагаад эрчим хүч, дулааны хэрэглээ огцом өсч байна. Энэ онд “ТЭЦ-4”-ийн хүчин чадал 100 мегаваттаар нэмэгдэнэ. Дээр нь, “ТЭЦ-3” хүчин чадлаа 50, Дарханы цахилгаан станц 30 мегаваттын өргөтгөл хийж байна. Мөн Амгалангийн дулааны станц ашиглалтад орж, нүүрсний хэрэглээ өсөх юм. Энэ мэтээр цаашид эрчим хүчний нүүрсний хэрэглээ жил бүр нэмэгдэх тооцоо бий.
Тэгэхээр бид өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахын тулд одооноос бэлтгэлээ хангаад ажиллаж байна. Энэ онд 3.8 сая тонн нүүрс олборлон борлуулах төлөвлөгөөтэй. Дээр ярьсан баяжуулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлнэ. Тэгээд 2015 онд жилд нэг сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад оруулах юм. Дээр нь, конверийн систем барих ажил эхэлнэ. Бас геологийн нэмэлт хайгуул хийнэ. Багануурын уурхай түүхэндээ 1978, 1988 онд хайгуулын ажил хийсэн байдаг. Ингээд сүүлийн хайгуулаар 708 сая тонн нүүрсний нөөцтэй гэж тогтоосон. Энэ жилээс дахин хайгуул хийснээр нүүрсний нөөц нэг сая тонноор нэмэгдэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа. Багануурын уурхай хайгуул хийж нөөцөө тогтоолгон олон улсын стандартын үнэлгээ хийлгэхийг зорьж байна. Тэгвэл олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах үүд нээгдэнэ, нөөц тодорхой болно. Мөн урт хугацааны ТЭЗҮ боловсруулж хэрэгжүүлэх шаардлага бий.
-Багануурын уурхайн ихэнх тоног төхөөрөмжийн ажиллах хугацаа дуусч өвгөрсөн. Аргагүйн эрхэнд аргалаад ажиллаж байна гэдэг байсан. Тэгэхээр одоогоор нийт тоног төхөөрөмжийн хэдэн хувийг шинэчлэв?
-Өнөөдөр манай уурхайн олборлох хүчин чадал нэмэгдсэн. Баяжуулах үйлдвэр ашиглалтад орохоор жилийн нүүрс олборлолт нэг сая тонноор нэмэгдэх юм. Монгол Улсын хэмжээнд эрчим хүчний нүүрсний хэрэглээ 2017 он гэхэд жилд долоон сая орчим тоннд хүрэх судалгаа бий. Тэгэхээр эрчим хүчний нүүрсний хамгийн том нийлүүлэгчийн хувьд хүчин чадлаа нэмэгдүүлэх, технолгио сайжруулах учиртай.
Тоног төхөөрөмжөө шинэчлэх ажил энэ онд мөн үргэлжилнэ. Багануурын уурхайн тоног төхөөрөмжийг 1998 онд шинэчилсэн. Өнгөрсөн онд “CAT”-ын 100 тоннын даацтай авто самосвал дөрөв, 55 тоннын “Белаз” дөрөв, таван шоо метрийн эксковатор, бульдозер шинээр аваад байна. Энэ онд 100, 40 тоннын авто самосвал тус бүр хоёрыг авахаар төлөвлөсөн. Олборлох нүүрсний хэмжээ өсч буй тул хөрс хуулах ажил ч бас нэмэгдэнэ. Энэ онд 19-20 сая шоо метр хөрс хуулна гэж төлөвлөсөн. Бас нэг том ажил бол Багануурын уурхайг түшиглэж аж үйлдвэрийн парк байгуулах төсөл хэрэгжиж байна. УИХ, Засгийн газрын тогтоол ч гарсан. Манай улс нүүрсийг нэмүү өртөг шингэсэн, байгаль орчинд ээлтэй боловсруулах үйлдвэр барих бодлого баримталж байгаа. Энэ хүрээнд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд ч төсөл хөтөлбөрөө боловсруулсан юм билээ.
-Жилд нэг сая тонн боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг хаанаас хэрхэн босгох юм бол?
-Бид энэ үйлдвэрийн төслийг бэлэн болгосон. Одоо хөрөнгө оруулалт олох л үлдээд байна. Яам, тамгийн газруудтайгаа ярилцаж гадаадын хөрөнгө оруулагч олох санаа бий. Энэ үйлдвэрт хөрөнгө оруулах санал ирсэн. Тэгэхээр үйлдвэр байгуулах ажил саатахгүй байх гэж ойлгож байгаа.
-Та дээр хэлсэн. Хөрс хуулах ажилд конверийн систем нэвтрүүлнэ гэлээ. Тэгэхээр уурхайн гүн жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Одоо хэдэн метр болов. Хөрс хуулахад тэр хэмжээгээр зардал нэмэгддэг байх даа?
-Өнөөдрийн байдлаар манай уурхайн гүн 120 метрт хүрсэн. Тэгэхээр тээврийн зай холдсон гэж хэлж болно. Одоогоор дунджаар 3.5 км зайд хуулсан хөрсөө тээвэрлэж буй. Үүнийг дагаад тээврийн зардал, нүүрсний өөрийн өртөг өсч байгаа. Тэгэхээр өртөг бага нүүрс нийлүүлэхийн тулд тээврийн зайг богиносгох шаардлагатай. Ингээд конверийн систем нэвтрүүлж хөрс тээвэрлэх зайг нэг км болгох төсөл хэрэгжүүлэх юм. Тэгвэл зардал хэмнэх, хөрс хуулалтын хэмжээ нэмэгдэх талтай. Багануурын уурхай ашиглалтад орсноос хойш 12-13 сая шоо метр хөрс хуулах ажил хоцорсон яваа. Энэ хоцрогдлыг богино хугацаанд арилгахгүй бол төлөвлөсөн хэмжээний нүүрс олборлож нийлүүлэх боломж хомс болно. Ийм учраас хөрс хуулах ажилд ашиглах конверийн системийн төсөл боловсруулж ТЭЗҮ-ийг нь хийлээ. Одоо хөрөнгө оруулагч олох шаардлагатай. Бид гадаадын хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийж байгаа. Тухайлбал, Германы компаниудтай ярилцсан. Гол анхаарах зүйл нь хоёр улсын Засгийн газар хооронд гэрээ хэлцэл хийж баталгаа гаргаж өгвөл хөрөнгө оруулагчид орж ирэх нэг гарц бий.
-Эрчим хүчний нүүрс олборлож байгаа уурхайнууд үнэ нэмэх санал нэлээд гаргадаг. Учир нь өөрийн өртөгөөс доогуур үнээр нэг тонн нүүрсээ борлуулж алдагдал хүлээж байна гэдэг. Энэ асуудлыг төр засгийн зүгээс хэрхэн шийдэж байна вэ. Танай уурхайн нүүрсний өөрийн өртөг хэдэн төгрөг байгаа вэ?
-Багануурын уурхайн нэг тонн нүүрсний өөрийн өртөг өнөөдрийн байдлаар 26 мянган төгрөг байгаа. Эрчим хүчний хэрэглээний нүүрсийг нэг тонныг нь 22500 төгрөгөөр борлуулж байна. Жилд олборлож байгаа нүүрснийхээ 94 хувийг эрчим хүчний салбарт нийлүүлдэг. Үлдсэнийг нь жижиг хэрэглэгчдэд олборлосон өртөгөө давсан үнээр борлуулдаг юм.
Иймд нүүрсний үнэд анхаарахгүй бол болохгүй. 2012 онд нэг тонн нүүрсний үнийг төрөөс 2000 төгрөгөөр нэмж өгсөн. Цаашид нүүрсний үнийг үе шаттай нэмэх, бүр чөлөөлөх асуудал яригдаж байна. Өнөөдөр тодорхой хэмжээний алдагдал хүлээж байгаа ч үнэ чөлөөлөгдвөл уурхай өөрөө өөрийгөө санхүүжүүлэх, хөрөнгө оруулалт хийж, ашигтай ажиллах бололцоо бий.
-Тэгэхээр үнэ ханшийн энэ зөрүүнээс шалтгаалж танай уурхайн хувьд жилд хэдэн төгрөгийн алдагдал хүлээж байна вэ?
-Бид алдагдалтай ажиллаж байна гээд гараа хумхин суулгүй дотоод зардлаа хэмнэх, өртөг багатай нүүрс гаргахаар анхаарч төлөвлөгөө гарган ажиллаж байна. Өнгөрсөн онд манай уурхай 10 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Энэ алдагдалд гол нөлөөлсөн валютын ханшийн өсөлт. Учир нь, шатахуун, тоног төхөөрөмжийн сэлбэг, тэсрэх материалаа импортоор авдаг тул валютын ханшийн эрсдэл өндөр байдаг юм.
-Компанийн нийгмийн хариуцлагын талаар ямар, ямар ажил хийж байна вэ?
-Бид байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулах, ажилчид болон дүүрэг, орон нутгийн нийгмийн асуудалд анхаарч ажиллдаг. Өнгөрсөн онд энэ талаар чамгүй ажил амжуулсан. Мөн жил бүр Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ гаргадаг. Энэ үнэлгээгээр жилд 10 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийдэг юм. Манай уурхай энэ нөхөн сэргээлтийн ажлаа 1989 оноос эхэлсэн. Үүнээс хойш өнөөг хүртэл 159 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийгээд байна. Бас орчны уур амьсгалыг зөөлрүүлэх, байгаль хамгаалах ажил жил бүр хийдэг. Жишээлбэл, манай уурхайгаас холгүй Бага гүний нуур гэж бий. Энэ нуур сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр ширгэж эхэлсэн.
Ингээд манай уурхай гүний усыг шүүрүүлж түүнийгээ тэр нууранд цутгаснаар хэвийн хэмжээндээ хүрсэн. Үүнээс гадна Хэрлэн голын эрэг, дүүрэг, уурхайн орчимд 3-4 мод тарьж байна. Уурхайн ажилчдын 54 айлын орон сууц байдаг. Үүнийг хувьчлах шийдвэр гаргуулсан. Цаашид залуу ажилчдаа орон сууцжуулах хөтөлбөрт хамруулна. Энэ оноос орон сууцны барилгууд баригдаж эхлэх юм.