Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Сайнбуян: Зэсийн бүх баяжмалаа эцсийн бүтээгдэхүүн болгоно гэж хошуурч, халуурч болохгүй


“Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Сайнбуянтай тус компанийн одоо ба ирээдүйн талаар ярилцлаа.

- “Эрдэнэс МГЛ” компани одоо хэдэн орд эзэмшиж байна вэ?
-Монгол Улсын стратегийн 15 ордод үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс “Эрдэнэс Оюу толгой”, “Эрдэнэс Таван толгой” компани мөн “Багануур”, “Шивээ-Овоо” компанийн төрийн мэдлийн хувьцааг нь “Эрдэнэс МГЛ” компанид шилжүүлсэн. Ойрын хугацаанд “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг нэгтгэх юм. Ингэснээр “Эрдэнэс Монгол” гэсэн том корпораци бий болно гэж ойлгож болно.

- Дэд бүтцийн чиглэлээр ямар хөтөлбөрүүд хэрэг­жүүлж байна?
-Таван толгойгоос Гашуунсухайт  чиглэлд хувийн хөрөнгө оруулалтаар тавьсан хатуу хучилттай замыг төр эзэмшилдээ бүрэн худалдаж аваад “Эрдэнэс МГЛ” компанид  шилжүүлсэн. Энэ бол манай улсын нүүрсний экспортын гол зам юм. Мөн ус, эрчим хүч болон тухайн ордуудын боловсруулах үйлдвэрийн асуудлыг судалж байгаа. Ойрын хугацаанд томоохон төслүүд хэрэгжүүлнэ.

-Боловсруулах үйлдвэрийн судалгаа хийсэн үү. Хэзээнээс ашиглалтад орж эхлэх вэ?
-Эхний ээлжинд төрийн мэдлийн хувь хэмжээнд ногдох зэсийн баяжмалаа боловсруулж катодын зэс үйлдвэрлэхэд голлон анхаарна. Мөн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах ган хайлах үйлдвэрийн төслүүдийг судалж ярилцаж байна. Улмаар “Мон зэс”, “Мөн төмөр”, “Мон нүүрс” гэсэн хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байна. Эдгээр хөтөлбөр хэлэлцүүлгийн шатандаа буюу олон улсын хөрөнгө оруулагчид болон төр засгийн байгууллагуудад танилцуулааж эхэлсэн. 

-Сүүлийн үед зэс хайлах үйлдвэрийн талаар нэлээн яригдаж байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
- Бид “Мон зэс” гэдэг компани байгуулна. Үүнд Оюу толгойн 34, Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь, Цагаан суваргын ордын төрд ногдох хувь хэмжээг нэгтгээд дээрх компанийг байгуулж, гадаад дотоодын хөрөнгийн бирж дээр гаргахаар төлөвлөж байна. Энэ компанийхаа харьяанд зэс боловсруулах үйлдвэр байгуулна. Эхлээд Эрдэнэт үйлдвэрээ түшиглэсэн зэс боловсруулах үйлдвэр байгуулах төсөөлөл бий. Хоёр дахь хувилбар нь Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт томоохон үйлдвэр байгуулах төсөл дээр ажиллаж байна. Зэс хайлах үйлдвэрийн асуудал зөвхөн өнөөдөр яригдаж буй юм биш, Эрдэнэт үйлдвэр 1980-аад онд ашиглалтад орж эхлэхэд л зэсийн баяжмалаа дотоодод боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгоно гэж төлөвлөж, тооцож, судалж ирсэн. Асуудлын гол нь өнөөг хүртэл шийдээгүйд бий. Зэс хайлахад дагалдаж гардаг хүхрийн хүчлийг яах вэ гэдэг шийдлээ олж чадаагүй. Яагаад гэвэл өнөөдөр манай улсад хүхрийн хүчил ашигладаг томоохон үйлдвэр алга. Экспортод гаргая гэхээр түүнийг худалдаж авах улс, орон байхгүй. Өөрсдөө зэс хайлах үйлдвэртэй учраас дотоодоосоо авч ашиглаж буй юм. Ийм учраас уг асуудал хойшлоод байсан.

-Тэгэхээр одоо тэр хүхрийн хүчлээ яах вэ. Ямар нэг шийдэл олсон уу?
- Бид ямар замаар хүхрийн хүчлийн асуудлыг шийдэх вэ гэдэг гарц хайсан. Өнөөдөр дэлхийн улс орнууд байгаль дэлхийд хор хөнөөл бага, ашиглагдахгүй дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй байх технологийн судалгаа нэлээд хийж иржээ. Энэ судалгааны явцад Европын орнууд болон АНУ, Өмнөд Америкийн зэсийн үйлдвэрлэл хөгжсөн орнууд зэс хайлах уламжлалт технологиос татгалзаж өндөр даралтат хандлан уусгах аргаар зэс үйлдвэрлэж байна. Үүнийг судалж үзлээ. Тодорхой онцлогуудтай. Тухайн хүдрийн эрдсийн бүтцээс хамаараад технологийг янз бүрээр сонгодог. Манай Эрдэнэтийн ордын хүдрийн хандлан уусгах технологийн шаардлагад нийцэж байгаа. Ингээд бид хандлан уусгах технологи ашиглаж зэс үйлдвэрлэхээр судалгаа нэлээд хийж байна.

-Оюу толгой, Цагаан суваргаас гарах баяжмалыг ямар технологи ашиглаж боловсруулах вэ?
- Катодын зэсээ зарах гадаад зах зээл, борлуулалтын хэмжээг тооцох ёстой. Гарч буй бүх баяжмалаа эцсийн бүтээгдэхүүн болгоно гэж хошуурч, халуурч болохгүй. Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ ханшийн уналт, өсөлт, ашигт малтмалын эрэлт хэрэгцээ, дотоодын хэрэглээ гээд олон асуудлыг сайтар тооцох  учиртай. Монгол орон эхний ээлжинд нийт олборлож байгаа ашигт малтмалынхаа 20 орчим хувийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгох нь зөв болов уу.

-Гангийн  үйлдвэрлэл хөгжүүлнэ гэж байгаа. Жилд хэдэн тонн ган үйлдвэрлэх боломж байна вэ?
- Манай хэрэглээ жилд 200-250 мянган тонн байдаг. Монгол орон цэвэр төмөр үйлдвэрлэлээ гэхэд нэг тэрбум тонн болох төмрийн хүдрийн нөөцтэй. Үүний 400 орчим сая тонных нь лицензийг төр эзэмшдэг. Иймд дотоодын хэрэглээ, төмрийн нөөцөө бодож эхний ээлжинд гангийн үйлдвэр байгуулах ерөнхий төсөөлөлтэй “Монгол төмөр”  хөтөлбөр хэрэгжүүлэхээр боловсруулж байна. 

-Таван толгойн нүүрсийг баяжуулах үйлдвэрийн ажил ямар шатанд явна вэ?
-Таван толгойн уурхайн өртөг зардлыг бууруулах, борлуулалтын үнийг өсгөхын тулд нүүрсээ баяжуулах ёстой. Бид үйлдвэрийн судалгаа хийж байна. Хамгийн тулгамдаж буй асуудал бол мөнгө санхүүгийн эх үүсвэр.  Дараа нь өмнөд бүс нутаг дахь усан хангамж орно. Ажил нэлээд нааштай байгаа. Ойрын хугацаанд жилд 20 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай үйлдвэртэй болно. Одоо Таван толгой компани өөрийн хөрөнгө оруулалтаар хийх үү, гадаад, дотоодын хамтарсан хөрөнгө оруулалт татах уу гэдгийг судалж байна.

-Нүүрсээ баяжуулахаас гадна Таван толгойд цахилгаан станц барих болсон. Энэ цахилгаан станцын бүтээн байгуулалтад  Оюутолгой оролцох уу?
-Эрчим хүчний яаманд Таван толгойд барих цахилгаан станцын төслийн нэгж байгуулагдсан. Зөвлөх үйлчилгээний тендерүүдээ шалгаруулаад ТЭЗҮ /Техник эдийн засгийн үндэслэл/ боловсруулах ажилдаа орсон. Оюутолгой бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 450 мВт цахилгаан ашиглана. Таван толгойн нийт хэрэглээ 300 мВт байх учиртай. Ингээд нийт 750 орчим мВт цахилгааны хэрэглээ тэр бүс нутагт гарч ирж байгаа юм. Гэхдээ төслийн ажил эхэлж байгаа тул Таван толгой орчимд ойрын жилүүдэд нийт 300 гаруй мВт цахилгаан өгөх төлөв бий. Иймд одоо тэнд 450 мВт  хүчин чадалтай цахилгаан станц барина.
-Экспортод гарч буй нүүрсний өртгийг бууруулах гол зүйл нь төмөр замын тээвэр гэдэг. Одоо тавьж буй төмөр замын ажлын явцын талаар та ямар бодолтой байна?
-Таван толгойгоос Гашуунсухайт чиглэлд  баригдаж байгаа төмөр замын далангийн ажил 40 гаруй хувьтай явж байгаа гэж сонссон. Үүнийг ашиглалтад орохыг хүлээхгүйгээр Хятадын Ганц модноос Гашуунсухайтад орж ирэх төмөр замын үзүүрүүдийг барих гэрээ хэлцэл хийгдэж байгаа. Нүүрс экспортолж буй гурван компани төмөр замын үзүүр оруулж ирэх зөвшөөрөл авсан.

- 2014 онд нүүрс, зэсийн баяжмалын экспорт ямар байх вэ. Үнэ ханшийн таамаг юу гэж гарч байна вэ?
- Монгол Улсын хэмжээнд 30 гаруй сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөө гарсан.  Үүнээс “Эрдэнэс Таван толгой” ирэх онд 10 саяас доошгүй тонн нүүрс экспортолно. “Эрдэнэс Оюу толгой”-н хувьд төлөвлөсөн экспорт хэвээрээ байна. Оюутолгой компани ил уурхайгаас өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулж байгаа. Баяжмалын экспорт нь ТЭЗҮ болон гэрээнд яаж заасан түүгээрээ явах ёстой. Гадаад дотоодын зах зээлийн шинжээчид, томоохон банк, санхүүгийн  байгууллага, экспортлогч компаниудын төсөөллөөс харахад ирэх онд үнэ ханш өндөр байх зүйл ажиглагдахгүй байгаа. Гэхдээ энэ оныхоос арай дээрдэх болов уу гэсэн хүлээлт бий. 

- “Эрдэнэс МГЛ” компани улсад 2014 онд хэдий хэмжээний орлого оруулах төлөвлөгөө байгаа вэ?
- Манай компани “Хүний хөгжил сан”-г мөнгөжүүлэх үүрэгтэй. Уг нь манай компани ногдол ашгаараа тус санд мөнгө төвлөрүүлэх ёстой. Гэвч тухайн зах зээлээс урьдчилгаа аваад “Хүний хөгжил сан”-д өгчихсөн. Үүнийг бид нэг бол эргүүлж авах эсвэл дараагийн төвлөрүүлэх мөнгөндөө суутгаж тооцох учиртай. Тэгэхээр  энэ сангаас манай компани 450 орчим тэрбум төгрөгийн авлагатай байна гэсэн үг.

-Хүмүүсийн нэг сонирхдог болсон зүйл нь “Эрдэнэс МГЛ”-ын давуу эрхийн нэг, “Эрдэнэс Таван толгой”-н 1072 хувьцаа. Энэ асуудал юу болж байна вэ. Ногдол ашгаа хэзээ өгөх боломжтой вэ?
-“Хүний хөгжил сан”-гийн дэвтрээр “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцаа иргэн бүрт олгосон. Нэг хувьцааг нь ойролцоогоор 933 төгрөгөөр үнэлсэн. Одоогоор “Эрдэнэс Таван толгой” компани алдагдалтай ажиллаж байгаа. Ашигтай ажилласан үедээ хувьцааныхаа ногдол ашгийг хуваарилана.
Гэхдээ бүх иргэн хувьцаа эзэмшээгүй. Зарим иргэн мөнгө авсан. Нийт хэдэн иргэн хувьцаа эзэмшиж байгаа түүвэр судалгаа манайд бий. Үндэсний аж ахуйн нэгжүүдэд 10 хувийг нь олгоно гэсэн. Мөн зарим аж ахуйн нэгж авсан хувьцаагаа буцаасан. Ер нь, энэ компаний хувьцаа гадаад дотоодын хөрөнгийн биржээр арилжаалагдаад үйл ажиллагаа нь тогтворжоод ирэхээр хувьцааны ногдол ашиг олгоно. Энэ нь цаг хугацааны асуудал. Бизнесийнхээ зарчмаар хэзээ ашигтай ажиллах нь бидний идэвхитэй үйл ажиллагаанаас голлон хамаарна. Үүнээс гадна гадаад зах зээлийн байдал бас нөлөөлнө.

-Яг хэдэн иргэн, аж ахуйн нэгж  хэчнээн хувьцаа эзэмшиж байна вэ?
-Ийм судалгаа хийсэн. Ойролцоогоор 1.5 сая иргэнд хувьцаа эзэмших бичилт хийсэн. Үндэсний 1500 аж ахуйн нэгж анх хувьцаа авахаар төлбөр тооцоо хийсэн. Үүнээс зарим нь өргөдөл гаргаад мөнгөө эргүүлж авсан. Энэ талаар түүвэр судалгаа хийж байна. Ер нь нэлээд олон аж ахуйн нэгж буцсан юм билээ.

-Компанийн засаглал гэж сүүлийн үед ярих болсон. Тэр дундаа төрийн оролцоотой компаниуд олигтой ажиллаж чадахгүй байна гэдэг шүү дээ?
-Төр муу менежер. Төр өмчтэй байх нь буруу. Компанийн хамгийн сайн засаглал нь ямар хэлбэр юм бэ гэсэн олон асуудал  гардаг. Төрийн өмчийн компаниуд дандаа алдагдалтай ажилладаг, үүний утга учир нь юунд байна вэ гээд яриа өрнөдөг.
Өнөөдөр төрийн өмчит компаниуд Монголд л ганцхан алдагдалтай байна уу манайхтай ижил төстэй эдийн засагтай, газар нутагтай, нийгмийн тогтолцоо нь өөрчлөгдсөн бусад улсад яаж ажиллаж байгааг  судлаад үзсэн. Тэгэхэд зарим нь манайхтай адил нөхцөл байдалд байгаа юм. Тухайлбал төрийн оролцоо хэтэрхий их, өөрийн шийдвэр гаргах түвшний эрх мэдэл байдаггүй, төрийн эрх баригчаа дагаад удирдлага менежмент нь солигддог асуудал байдаг юм билээ. Мөн сүүлийн үед тавигдаж байгаа компанийн сайн засаглалын шаардлага хангасан, төрийн хамаарал бага, эдийн засгийн чадамжтай, эрх зүйн орчин тодорхой болсон компани ч олон байна.

-Компанийн засаглал нь дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн, манай улсад таарч тохирох компанийн засаглалын ямар загвар, хөгжлийн замнал байна вэ?
-Бид Сингапурын төрийн хамгийн том корпорац “Темасек”-ийг судалсан.  Загвар, хөгжлийн стратеги, компанийх нь менежмент их олон зүйлийг бодогдуулдаг. Энэ компанийн засаглал, хөгжлийн стратеги замналыг авч монгол хөрсөнд буулгаж болох юм гэсэн санаанд бид нэгдээд байгаа. Тус компанийн ТУЗ-ийн гишүүд нь бүгд хараат бус байдаг. ТУЗ-ийн гишүүдээ Ерөнхийлөгч нь албан бусаар хяндаг, томилдог. ТУЗ-ийг нь Ерөнхийлөгч нь томилдог юм билээ.  
Тэгэхдээ ямар нэг хатуу шаардлага тавилгүй хараат бусаар томилно. ТУЗ-ийн гишүүдийн бүтцийг харахад төв банкны захирал, Ерөнхий сайд, Сангийн сайд зэрэг алба хашиж байсан лидерүүд нь 30 хувь орчим байгаа юм. Үүнээс гадна өнөөдөр дэлхийн зах зээл дээр ноёлж, зах зээлээ мэдэрч ажиллаж чадаж байгаа үндэсний топ компаниудын менежерүүд 30 орчим хувийг нь эзэлнэ. Бас 30 орчим хувийг нь судалгааны хүрээлэнгүүдийн шинжээч, их сургуулийн эрдэмтэн багш, зах зээлийн шинжээч, банк санхүүгийн байгууллагад  ажиллаж байгаа хүмүүсээр бүрдүүлдэг.

-Тэгвэл “Эрдэнэс МГЛ”-ийн компанийн засаглал, цаашдын чиг хандлага ямар байх вэ?
- Монголын стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээ дандаа 51-ээс дээш хувьтай байгаа. Энэ бүгдийг нэгтгээд явахаар ирээдүйд хүссэн хүсээгүй нэг  аварга том корпораци үүснэ. Маш их хэмжээний хуримтлал, хөрөнгийн эх үүсвэр бий болно. Үүнийг дураараа иргэдэд тарааж өгөх, нийгмийн халамж руу хийх, улсын төсвийн алдагдлаа нөхөөд дуусгах юм уу гэдэг асуудлыг цэгцлэх шаардлага бий. Сингапурын “Темасек” компани гадаад, дотоодын 100 орчим компанийн хувьцаа эзэмшиж байна гээд бодоход түүнээс ногдол ашиг орж ирнэ.
Гэтэл Засгийн газар солигдвол тухайн Засгийн газрын үед бий болсон хуримтлалаа царцаачихдаг. Өөрөөр хэлбэл  ногдол ашгаа захиран зарцуулдаг. Үүнд нь дараагийн Ерөнхий сайд гар дүрэх эрхгүй. Шинэ Ерөнхий сайд нь өөрийн засаглалын үед олсон орлогоороо хөрөнгө оруулалт хийж зарцуулдаг. Тэр хуримтлалыг царцаах эрх нь Ерөнхийлөгчид нь байдаг. Энэ бол хяналт тавих, засаглалын маш зөв хуваарилалт юм. Тэгэхээр ийм засаглалын хэлбэрийг Монголд нэвтрүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа.
Өнөөдөр Монголын хөгжлийн гол тулгуур, эдийн засгийг бүрдүүлэгч болсон уул уурхайн салбарыг тодорхойлж буй “Эрдэнэс МГЛ” компанийг улс төрийн үүднээс бүгдийг нь шийддэг, төрийн төлөөллүүд ТУЗ-д нь орж ирээд суучихдаг, засаг солигдохоор бүгд гараад явдаг тогтвортой бус, томоохон бодлого хэрэгжүүлэх нөхцөлгүй байдлаар удирдах нь буруу. Үүнээс татгалзаж мэргэшсэн удирдлага менежментээр хангах нь зүйтэй. Бид гадаадад хөрөнгө оруулах, үндэстэн дамнасан корпорацийн тухай ярьдаг. Монгол оронд гадаад зах зээлд гарах, хөрөнгө оруулалт хийх, улсын нүүр царай болох анхны хүчирхэг корпорацийг “Эрдэнэс МГЛ” компани гэж харж байгаа. Иймд анхнаас нь хөгжих хөрс суурийг нь зөв тавих шаардлагатай юм. Бидний үйл ажиллагаа дөнгөж эхэлсэн, улсын эдийн засаг сул байгаа энэ үед компанийхаа бүтэц зохион байгуулалт, менежмент, хууль эрх зүйн орчноо тодорхой болгох хэрэгтэй. Цаг хугацаа бидэнд бага байна.

0 Сэтгэгдэл
Том мөрөөдөл зорилготой байж,том амжилтанд хүрдэг. Иймээс амжилт хүсье
SUDLAAD L BAI HEHE HEDEN JIL BOLOH BOL. NEG CH HIIJ BGAA AJIL ALGA
ийм хїмїїс хєжїїлдэггїй юм
JUST DO IT pls
Хамгийн их уншсан