Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ хямдарч, манай эдийн засгийн суурь болоод байсан уул уурхайн салбар нэлээд хүнд жилийг үдэж байна. Ингээд өнгөрсөн сарын байдлаар уул уурхайн салбар ямар үзүүлэлттэй гарсныг сонирхоё. Энэ оны байдлаар уул уурхайн салбар нийт үйлдвэрлэлийн 61, улсын төсвийн 19.1, экспортын 81, гадаадын хөрөнгө оруулалтын 80.6 хувийг тус тус эзэлж байна. Оюу толгойн баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор зэсийн үйлдвэрлэл нэмэгдлээ. Тухайлбал, улсын төсвийн орлогын томоохон бүрдүүлэгч Эрдэнэт үйлдвэр 530 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэжээ. Харин Оюу толгой 182 мянган тонныг үйлдвэрлэсэн аж. Ингээд энэ онд 712 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн тооцоо гарлаа. Энэ нь төлөвлөсөн хэмжээнийхээ 80 хувьд хүрсэн гэсэн үг. Нүүрсний олборлолт 28.6 сая тонн буюу 92.8 хувьтай байгаа юм. Татварын орлого 241 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Гэхдээ энэ нь төсөвт төвлөрүүлэх мөнгөнийхөө дөнгөж 60 хувьд хүрэхтэй үгүйтэй байна. Өнгөрсөн жилийн зургадугаар сараас эхлээд нүүрсний үнэ хямдарсан. Энэ онд судлаачдын үзэж буйгаар дээд цэгтээ хүртэл буурсан билээ. Уул уурхайн яам, Ашигт малтмалын газрын мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар нүүрсний үнэ одоогийн байдлаар дунджаар 40 хувиар унажээ. Иймд энэ жил олборлолт нь нэмэгдсэн ч төлөвлөсөн экспортоо хийж чадсангүй. Уг нь энэ оны эхэнд 30 сая тонн нүүрс экспортлох төлөв гарсан. Гэвч өнгөрсөн сарын байдлаар 15.9 сая тонн нүүрс экспортлоод байна. Өөрөөр хэлбэл нүүрс экспортлогчид үнэ огцом унасан учир алдагдал хүлээхгүйн тулд зах зээлийн төлвийг ажиглаж байсантай холбоотой гэнэ. Өнөөдрийн байдлаар Таван толгой бүлэг ордын Баруун Цанхийн нэг тонн нүүрсний тээврийн зардал нэмэгдээгүй, уурхайн үнэ 40 орчим ам.доллар байна. Хятадын “Чалко” компаниас зээлсэн 350 сая ам.доллараас 170 сая ам.долларын өр үлдсэн билээ. Үүнийг энэ онд багтааж төлөх боломжтой гэж “Эрдэнэс Таван толгой” компанийн захирал Я.Батсуурь мэдэгдэж байв. Гэвч үнэ ханшийн уналтаас үүдээд уг өрөө энэ онд багтааж төлж дийлэхгүй болсон бололтой. Одоогоор Зүүн Цанхийн ордоос “Чалко” компанид нийлүүлж байгаа нүүрсний уурхайн үнэ 35 ам.доллар байгаа гэнэ. Үүнийг Гашуунсухайт, хятадын Ганц модны хилийн боомтын үнээр тооцвол 60-65 ам.доллар болох нь. Тэгэхээр тээврийн зардал нь шингээд Зүүн Цанхийн нүүрс дээрх үнээр борлуулагдаж байна гэх үндэс бий. Гэрээгээр бол “Чалко” компанид нийлүүлж буй нүүрсний нэг тонн нь 70 ам.доллараас илүү гарч байгаагүй. Эндээс үзэхэд нэг тонн нүүрсний тээврийн зардал борлуулалтын үнийхээ 40 орчим хувийг эзэлдэг. Уул уурхайн яамны мэргэжилтнүүдийн хэлж буйгаар төмөр замаар тээвэрлэвэл зардал нь дунджаар 50 хувиар буурах боломжтой. Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид өчигдөр “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлын үеэр “Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт 2011-2012 онд бараг тав дахин өссөн. Энэ нь Оюу толгой” төслийн бүтээн байглалтын ажил өрнөсөнтэй холбоотой. Дэлхийн эдийн засгийн байдал суларсан, манай хууль эрхзүйн орчин, урд хөршийн эрэлт буурсан зэрэг шалтгаанаар уул уурхайн салбарт орж ирэх хөрөнгө оруулалт сүүлийн жил эрс буурсан. Гэхдээ ирэх жилүүдэд сайжирна. Манай улс ашигт малтмалын экспортоо 2016 он гэхэд хоёр дахин нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа. Тэр дундаа нүүрсний экспорт нэмэгдэх төлөв бий. Иймд нэг тонн нүүрсний үнийг олон улсын жишигт хүргэхийн тулд тээврийн зардлаа бууруулж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх нь чухал. Бид үүнд анхаарч өөрсдөөс шалтгаалах бүхнээ хийх учиртай” хэмээв.
Энэ онд үнэ нь харьцангуй тогтвортой, төсөвт төвлөрүүлэх орлого нь давж биелсэн ашигт малтмал бол газрын тос. Газрын тосны олборлолт эдүүгээ 4.827.8 баррельд хүрэв. Иймд олборлолтын төлөвлөгөө нь 15.9 хувиар давсан байна. Харин улсын төсөвт төлөх татвар нь хоёр хувиар илүү гарав. Монголбанкинд тушаасан алтны хэмжээ энэ жил нэмэгдсэн гэдэг. Ашигт малтмалын газрын судалгаагаар алт олборлолт 7.6 тонн давжээ. Иймд олборлолт нь төлөвлөснөөс 41.8, улсын төсөвт оруулах орлого нь 73.2 хувиар хувиар илүү гарлаа.
Энэ онд орлогоороо илүүрхсэн бас нэг ашигт малтмалаар цайр тодорлоо. Тухайлбал, татварын орлого нь өнгөрсөн сарын байдлаар хоёр дахин буюу 134.9 хувиар илүүрхэв. Цайрын баяжмал үйлдвэрлэл ч мөн адил хоёр дахин их бөгөөд 120 мянган тонн давж 238 хувийн гүйцэтгэлтэй байна.
Ашигт малтмалын газар өнгөрсөн сарын байдлаар энэ онд оруулах орлогынхоо 89.9 хувийг биелүүлж, улсын төсөвт 36 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Харин Газрын тосны газар орлогоо таван хувиар давуулан биелүүлж, 154.6 тэрбум төгрөг төсөвт оруулжээ. Эндээс үзвэл цайр, газрын тос, алт олборлолт, борлуулалт огцом нэмэгдэж, эдийн засагт эзлэх байр сууриа тэлсэн байна.