Хятад улс газрын ховор элемент экпортоороо дэлхийн 90 орчим хувийг дангаар эзэмшдэг байсан ч квот тогтоосноор энэ зах зээлд эрэлт их гарч ирсэн юм. Тэгвэл Азид дахин нэг ховор элементийн том орд илрээд байна. Газрын ховор элементийн дэлхийн хамгийн том орд газар БНАСАУ-д байгаа хэмээн Австралийн “SRE Minerals" компани мэдэгдсэн нь электроник үйлдвэрлэгч улс орнуудын анхаарлыг татаад байна.
Тус орд газар нийслэл Пхеньянаас баруун хойш 150 км зайд оршиж байгаа гэнэ. Олон наяд ам.доллароор үнэлэгдэх баялагтай эл ордыг “SRE Minerals" компанийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, нийт ашиглах бололцоотой ашигт малтмалын хэмжээ зургаан тэрбум тонн гэжээ. Тэр дундаас 216 сая 200 мянган тонн нь газрын ховор элемент агуулж байгаа юм.
“SRE Minerals" компани БНАСАУ-ын Байгалийн баялаг, гадаад худалдааны компанитай хамтран “Pacific Century Rare Earth Mineral Limited” хамтарсан компани байгуулсан байна. Уг хамтарсан компани нь 25 жилийн хугацаанд дээрх орд газрыг ашиглах эрхийг авчээ. Түүнчлэн гэрээнд зааснаар ашиглалтын хугацааг дахин 25 жилээр сунгах боломжтой бөгөөд БНАСАУ-аас “SRE Minerals" компанид газрын ховор элемент боловсруулах үйлдвэр барих онцгой эрх олгосон байна.