Нийслэл хотноо “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” сэдэвт бага хурал дөрөв дэх удаагаа зохион байгуулагдлаа. Өчигдөр, өнөөдөр үргэлжилж буй хурлыг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам хамтран зохион байгуулж буй юм. Эхний өдрийн хурлаар “Монгол орны ойн сан түүний биологийн бүтээмжийг нэмэгдүүлэх болон уур амьсгалын өөрчлөлтийн санхүүжилтийн боломжууд” гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцлээ. Ер нь, энэхүү хурал нь жил бүр уур амьсгалын өөрчлөлтийг өөр өөр талаас харж, хөнддөг. Тухайлбал, анхны хурал болсон 2010 онд “УАӨ-д дасан зохицох арга замыг тодорхойлох” сэдвийг барьсан бол хойтон жилдээ “Хөдөө аж ахуй, ойн салбарын уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох боломж”-ийг эрэлхийлсэн байна. Харин өнгөрсөн оны хуралдаанаар “Монголын усны нөөц”-ийн цогц асуудлыг УАӨ-тэй холбон зөвшилцсөн аж.
Энэ удаагийн чуулганаар ойн асуудлаар судалгааны томоохон тайлангийн шинжтэй ажлын үр дүнг хэлэлцсэн нь онцлог. Уг ажлыг профессор С.Дамдинсүрэн тэргүүтэй мэргэжилтнүүд гардан гүйцэтгэжээ. Уур амьсгалын өөрчлөлт нь нүүрстөрөгчийн давхар исэл/CO2/-ийн тархацаар хэмжигдэж байгаа. Тэгвэл агаар дахь нүүрстөрөгч шиг газрын гүнд ч нүүрстөрөгч байдаг бөгөөд ургамлаар дамжиж газрын гүнд хуримтлагддаг аж. Мэдээж газарт их хэмжээний нүүрстөрөгч татагдан хуримтлагдах тусам агаар дахь бохирдол буюу уур амьсгалын өөрчлөлт буурах боломжтой. Төдий хэрээр ургамал ихээхэн амьсгалж буй хэрэг. Тийм ч учраас өнөөдөр ч, цаашид ч ой мод, ургамлын төрөл зүйл, биологийн бүтээмжийг хадгалах, хамгаалах асуудал уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дасан зохицох ажилд ихээхэн жинтэй ажил хэвээр байна гэдгийг онцолж байлаа.
Бага хурал өнөөдөр уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийг тодорхойлж, эрсдэлийг бууруулах болон дасан зохицох асуудлаар өрнөх бөгөөд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны мэргэжилтнүүд удирдан хэлэлцүүлэх аж.
ГОУХАН-ийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Фредерик Виллсээс энэ чиглэлд хэрхэн хөрөнгө оруулалт татдаг талаар тодрууллаа.
-Уур амьсгалын өөрчлөлтийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар илтгэл тавилаа. Энэ санхүүжилт хэр их байдаг, үр дүнгийн талаар ярихгүй юу?
-Олон улсын уур амьсгалын өөрчлөлт гэдэгт тодорхойлсон стандарт, жишиг зүйл байдаггүй. Гэхдээ ерөнхийдөө хөгжингуй орнууд мөнгө цуглуулаад буурай хөгжилтэй, хөгжиж байгаа улсыг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход тусалдаг юм. Ингэхдээ хөтөлбөр, төсөл хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт хийдэг гэж болно. 2009 онд Копенгагенд уур амьсгалын өөрчлөлтийн хөрөнгө оруулалтын уулзалт болсон юм. Эндээс хөгжиж буй улс орнуудад 2020 он гэхэд жилдээ 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр амлалт авсан байгаа. 2009-2012 оны хооронд дэлхий нийтэд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр нийт 30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн дүн гарлаа.
-Ер нь, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэр олон хөтөлбөр байна?
2009 онд НҮБ-ын дэргэд байгуулагдсан уур амьсгалын өөрчлөлтөд Дасан зохицохуйн сан гэж байгууллага бий. Энэ байгууллага үүссэнээс хойш нийт 29 төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, үүнийхээ мөрөөр 180 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм.
-Манай оронд уур амьсгалын эсрэг санхүүжилт олох боломж хэр байна. Ямар төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа бол?
-Монгол Улсын хувьд жил гаруйн өмнө Дасан зохицохуйн сангаас НҮБ-ын суурин төлөөлөгчөөр дамжуулаад 5.5 сая ам.долларын санхүүжилт авч, төсөл эхлүүлсэн. Энэ төслөөр голын сав газрыг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицуулах менежментийн ажил хийгээд байгаа. Тэр бол Монголд хэрэгжүүлж буй том ажил.
-Энэ нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход хэр хангалттай хөрөнгө вэ?
-Ер нь, Дасан зохицохуйн сан нь хөрөнгө оруулалтаа хөгжиж байгаа улс орон руу түлхүү чиглүүлдэг. Яагаад гэвэл уур амьсгалын өөрчлөлт гэдэг асуудалд хөгжиж буй орнууд хамгийн хүчтэй өртдөг юм. Тэгэхээр дээрх сангаас нэг улсад дээд тал нь 10 сая ам.долларын тусламж, төсөл хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Энэ үүднээс авч үзвэл монголчууд багагүй том хэмжээний хөрөнгө санхүү хүлээн авч, уур амьсгалын өөрчлөлттэй дорвитой тэмцэх боломжтой гэсэн үг юм.
-Аливаа төсөл хөтөлбөр хэрэгжиж байхад эргээд хяналт тавих шаардлагатай. Монголд хяналт мониторингийг хэн хариуцдаг юм бэ?
-Дасан зохицохуйн сангаас санхүүжилт гаргадаг хоёр арга зам бий л дээ. Нэгдүгээрт тухайн улс оронд байгаа томоохон хэмжээний олон улсын байгууллагаар дамжуулах. Нөгөө нь тус улсад шууд хөрөнгө оруулах зарчим. Өнөөгийн байдлаар танай оронд шууд хөрөнгө оруулалт хийх бололцоо хомс, тийм төсөл хэрэгжүүлэх нэгж байхгүй гэж үзсэн. Тийм учраас НҮБ-ын олон улсын хөтөлбөрөөр дамжуулж уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохуйн төслөө хэрэгжүүлж байгаа. Эргээд хяналт тавихдаа олон улсын байгууллага нь өөрөө мониторингоо хийчихдэг гэж болно. Нэг зүйлийг нэмж хэлэхэд миний энд байгаа шалтгаан нь тэрхүү төсөл хэрэгжүүлэгчийг олж илрүүлэх явдал.
-Өөрсдөө хэрэгжүүлэгч нэгжтэй байх нь ямар ашигтай юм бол?
-Олон улсын сангаас шууд хөрөнгө оруулалт татах нь тухайн улс өөрөө үндэсний хэрэгжүүлэгч гэдэг утгаар санхүүгийн болон хүний нөөцийн чадамжтай байхыг шаарддаг. Германий олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хэрэгжүүлж төслийн нэг зорилго нь үндэсний хэрэгжүүлэгч нэгжийг олох явдал. Тухайн нэгжээ олон улсын байгууллагаар магадлан итгэмжлүүлэх юм. Яагаад заавал үндэсний нэгжийг шалгаруулах гээд байгаа вэ гэдэг нь тухайн улсдаа ач холбогдолтой л доо. Хэрэв олон улсын байгууллага хэрэгжүүлэгч байвал тухайн бүс нутаг, хөрш орнуудын хэмжээнд асуудлыг авч үзнэ. Улмаар зарим үед Монгол Улс орхигдох ч зүйл байж болно. Харин өөрийн нэгжтэй болчихвол зөвхөн өөрсдөд хамаатай, бие даасан асуудлаа л хариуцах давуу талтай.