Парагвайн ард түмэн авлигачидтай эрчимтэй тэмцэж бүх нийтээрээ эсэргүүцэж байгаа гэнэ. Үйлчилгээний байгууллагууд нь тэдэнд үйлчлэхээсээ татгалзаж, тэмцлээ илэрхийлжээ. Тэгвэл манайд ч гэсэн яагаад ингэж болохгүй гэж. УИХ-ын гишүүн болох гэж, сонгогдсон хойноо ч их хэмжээний мөнгө төгрөг шамшигдуулсан холбогдож шалгагдсаар л байгаа гишүүд цөөнгүй. Тэгсэн мөртлөө л парламентад сууж, гишүүн гэж явсаар. Тэднийг жирийн иргэд бид тоохгүй, авч хэлэлцэхгүй байвал болох юм шиг.
Жишээ нь, сонгогчдоо мөнгөөр даллаж, хуулийг гууль болгосных нь төлөө Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг бол Увсын иргэд нутагтаа хүлээж авахгүй байх хэрэгтэй. Ё.Отгонбаяр гишүүн их хэмжээний мөнгө угаасан хэрэгт хутгалдаад байгааг бас л бодолцож үзмээр. Офшор бүсэд данстай С.Баярцогт гишүүнийг мөн адил үл тоох хөдөлгөөн өрнүүлбэл нэг их буруу биш болов уу. Хүн хутгалсан хэрэгт шалгагдаж байгаа гишүүн Н.Номтойбаяр гэдэг төрийн түшээ бий. Бизнесийн томоохон компаниас өгсөн асар үнэтэй байранд үнэ төлбөргүй амьдардаг гэх Ц.Нямдорж гишүүн,. Чонын анчин Ж.Энхбаяр гэж мундаг хүн бас л энд ажилладаг. Алсын Америкт байтугай төрийн хүндэтгэлийн гэрийг гал тахиж байна гээд шатаачих шахаад буй Н.Батбаяр гэдэг гишүүнийг өөгшүүлж боломгүй мэт. Сэтгүүлч байсан мөртлөө гишүүн болчихоод хэвлэлийн эрхийг хааж боомилох тухай ярих болсон Г.Уянга гишүүн үүнийг уншиж л байгаа даа. Шинэхэн авто машинаа тэнгэрт тултал магтаж, бенз Л.Эрдэнэчимэг гэдэг хочтой болсон гишүүний хөрөнгө орлогын тайланг ахин нягталж үзэх л ёстой. Жагсаал хийж байсан зарим нь гишүүн болсон хойноо урьдын түүхээ мартаж, хоосон сүржигнэхээс өөр юм хийсэнгүй хоёр жил болох нь.
Ер нь, хийсэн ажлаараа биш, элдэв шоу үзүүлж, сенсаац дэгдээн өөрийгөө дөвийлгөдөг эрхэм гишүүдтэй парламентаас энгийн бидний амьдралд дэмтэй ямар шийдвэр гарсан билээ. Тэр гээд хэлчих нь даанч цөөхөн.
Ингээд тоочоод байвал энэ парламентад есөн шид нь бүрдсэн гишүүн нэлээд байгаа юм даа. Ер нь энэ УИХ гэдэг хууль тогтоох дээд байгууллагад яаж яваад ийм олон төрлийн авьяас чадвартай хүмүүсийг багтаасан юм бол. Жилээс жилд чадамж нь муудаж, гишүүд нь чадавхигүй болсоор л байна. Энэ удаагийн бүтцийг хараад дараагийн парламентад ямар гишүүд орж ирэх бол гэж төсөөлөхөөс ч аймаар.