Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нүүрс олборлогчид VS цаг агаар судлаачид


Хүйтэн дайны үеэр төмөр хөшигний цаана байсан манайх шиг улсын хувьд дайн л биш бол дэлхий нийтийн санаа зовж байгаа зүйл огт хамаагүй байлаа. Дэлхийн зах зээл дээрх газрын тос, бензиний үнэ, алтны үнэ, зэсийн үнэ энэ тэрийг бид огт сонирхдоггүй байв. Харин сүүлийн хэдэн жил дэлхийн зах зээл дээрх тухайн эд зүйлийн үнэ гэгч ямар их нөлөөтэй байдгийг ойлгон мэдэрсэн. Дэлхийн зах зээл дээр алт, зэсийн үнэ тэнгэрт хадахад яаж байлаа, гэтэл 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын дараа ямар байдалтай боллоо. Энэ бол наад захын жишээ. Хальт сонсоход манайд онцын хамааралгүй байж болох ч алсдаа хамгийн их хамаатай нэгэн мэдэгдлийг НҮБ-ын цаг агаарын өөрчлөлт хариуцсан комиссын дарга Кристина Фигерас гурван өдрийн өмнө хийсэн билээ. Польшийн нийслэл хотноо болж байгаа Олон улсын нүүрс олборлогчид ба цаг агаар судлаачдын чуулга уулзалтын үеэр Кристина Фигераас цаашид дэлхийг цаг агаарын өөрчлөлтөөс үүдсэн сүйрлээс аврахын тулд нүүрсний олборлолтыг зогсоохыг уриалсан байх юм. Нүүрсийг олборлосон, олборлосон нүүрсээ шатаасан хэвээр байвал хэт дулаарал эхэлж дэлхий сүйрнэ гэж л дээ. Тэрээр “Дэлхийн хүн бүрийг аврахын тулд өөрчлөлт богино хугацаанд, эрс шийдэмгий хийгдэх ёстой. Дэлхийн хэмжээнд температурыг хоёр градусаас хэтрүүлэхгүй гэсэн хязгаарт нийцэж байгаа цагт л нүүрсэнд хөрөнгө зарцуулна гэдэг нь өнөөдөр нэгэнт илэрхий болоод байна” гэжээ. Өөрөөр хэлбэл дэлхийн хэмжээнд агаарын температур НҮБ-аас тогтоосон хоёр градус гэсэн хязгаараас илүү халахаар болж ирвэл улс орнууд нүүрс олборлох, ашиглахаа нэн даруй зогсоох ёстой гэсэн үг.
Ингээд ч зогссонгүй өнөөдөр нүүрс олборлох салбарт хөрөнгө оруулалт хийж байгаа компани, бизнесменүүдийг нэн даруй нөхөн сэргээгддэг эрчим хүчний салбарт анхаарлаа хандуулахыг уриалсан байна.

Варшавт болж байгаа чуулга уулзалтад нүүрс олборлолтын салбарт нөлөө бүхий хүмүүс уг нь Кристина Фигерасыг огт өөр зорилгоор урьсан юм байна. Тэдний бодлоор хэрэв нүүрсийг боловсруулах, хэрэглэхдээ хамгийн орчин үеийн шинэ технологийг нэвтрүүлэх замаар шатах үед нь ялгардаг экологид сөрөг нөлөөтэй бодисын хэмжээг эрс багасгаж чадвал нүүрсний олборлолтыг дэмжинэ гэсэн утгатай мэдэгдэл хийлгэх гээд байж. Гэтэл тэс өөр юм болж Фигерас нүүрсний олборлолтыг нэн даруй зогсоохыг шаардсан нь бүгдийг алмайруулсан нь ойлгомжтой.
Гайхсан бизнесменүүд сөрөг нөлөөтэй хий ялгаруулах байдлаар нүүрс бага хэрэглэж болно гэсэн утгатай мэдэгдэл хийснээс хэтэрсэнгүй. Хариуд тус чуулга уулзалтад оролцож байгаа 27 орны эрдэмтэн Фигерасын мэдэгдлийг 100 хувь дэмжиж байна гэжээ. Эрдэмтдийн нотлож байгаагаар дэлхийн нүүрсний ердөө 26 хувийг шатаахад л дэлхийн дулаан НҮБ-аас тогтоосон хоёр градусын хязгаараас давж халан сүйрэл нүүрлэнэ гэжээ.

Энэ юу гэсэн үг вэ?
Манай улсын нөгөө стратегийн хамгийн чухал нөөц, ирээдүй үеийг маань тэжээх ёстой гол баялгийг дэлхийн экологид хамгийн хортой, цаашид олборлох, ашиглах хэрэггүй гэж мэдэгдэж байгаа хэрэг. Нүүрсний хамгийн том хэрэглэгч болох Энэтхэг, Хятад гэх мэт улс нь цахилгаан, дулааныхаа дийлэнхийг нүүрс шатаан гаргаж авч байгаа цагт нүүрс ямагт эрэлт хэрэгцээтэй хэвээр, нүүрсийг олборлохоо больтол холоо хэвтэнэ гэж бодож байж болох юм.
Гэтэл Хятад ч тэр Энэтхэг ч тэр шатдаг хий, нар ба салхин цахилгаан станц, цөмийн цахилгаан станц барих замаар нүүрснээс хамааралтай байдлаа 20 жилийн дараа гэхэд 15-20 хувиар багасгаж, 100 жилийн дараа бараг л бүрэн хамааралгүй болгох тухай яригдаж байгаа. Үнэхээр ч энэ хоёр улс төлөвлөгөөгөө хэрэгжүүлээд эхэлчихсэн. Энэтхэгт саяхан оросууд нэг цөмийн цахилгаан станц бариад өгчихлөө, Хятадад хэзээ мөдгүй хоёр гурван цөмийн цахилгаан станц ашиглалтад орох гэж байна. Дээр нь Хятад найм, есөн нүсэр том усан цахилгаан станцыг ойрын хэдхэн жилийн дотор барихаар төлөвлөсөн. Мөн шатдаг хийн олборлолт, ашиглалтын нэмэгдүүлж байгаа. Нарны цахилгаан станцын хувьд Хятад нарны туяаг цахилгаан болгон хувиргагч хавтангийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг болсон.

Мөн Америк нь занараас шатдаг хий гаргаж авах шинэ технологийг туршин амжилттай нэвтрүүлснээр өөрийн нутагт нүүрсээр ажилладаг байсан барилга, байгууламж, жижиг суурин, тосгоныг халаадаг хэдэн мянган халаалтын уурын зуухыг занараас гаргаж авдаг шатдаг хийгээр ажиллуулдаг болгосон. Үүний дараа нүүрсээ Хятад, Энэтхэг цаашлаад Баруун Европын зах зээлд нийлүүлэх болсноор Ази, Европт эрчим хүчний нүүрс эрс унаад байгаа. Ингээд ч зогссонгүй занараас шатдаг хий гаргаж авдаг технологио Европ, Азид нэвтрүүлэхээр эрчимтэй сурталчилж, асар их хөрөнгө хаяж байна. Энэ технологи амжилттай нэвтэрч чадвал яваандаа манай урд хөршийн төмөрлөгийн үйлдвэрүүд кокс биш харин Украйн, Орос, АНУ-ын үйлдвэрүүдтэй адилаар байгалийн шатдаг хийгээр бүрэн ажилладаг болохыг ч үгүйсгэх аргагүй.

Ингэвэл ямар дүр зураг үүсэх бол?
Таахад ч бэрх. Том корпорациудыг гэрээгээ цуцална гэх мэтээр сүрдүүлээд байдаг нүсэр том орд газрууд нь хэнд ч хэрэггүй шороо болохдоо тулна. Тиймээс нүүрсийг боловсруулан шатахуун, шатдаг хий гаргаж авах үйлдвэр байгуулах дээр түлхүү анхаарч, хойшлуулалгүйгээр амьдралд хэрэгжүүлж эхлэх нь хойч үеийнхээ төлөө хийсэн хамгийн оновчтой бөгөөд чухал хөрөнгө оруулалт болох нь гарцаагүй билээ.

Мөн данц ганц байгалийн баялгаас хамаарсан эдийн засагтай байхаас татгалзан, үйлдвэрлэл, мал аж ахуй гэх мэт бусад салбаруудад хамгаас илүүтэй анхаардаг болох шаардлага гарч ирж байна.
Ингэхгүй бол 50, 70 жилийн дараа гэхэд манай үр хойч бидний талаар ямар өнгө аястай үг хаяхыг тааж ядах юун.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан