Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сайншандын зэс хайлах үйлдвэрийн барилгын ажил ирэх онд эхлэх боломжтой


Манай улсын  нийт экспортын 90 гаруй хувийг ашигт малтмал  эзэлж байгаа. Экспортод гарч буй ашигт малтмалынхаа тодорхой хэсгийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой хэмээн эдийн засагчид хэлдэг. Манай улсад уул уурхайн  олборлох салбар хөгжсөн ингэснээр ашигт малтмалаа боловсруулах цогцолбор үйлдвэрлэл хөгжүүлэх цаг үе ирээд байгаа юм. Иймд  зэс хайлах, ган боловсруулах, кокс химийн үйлдвэр байгуулахаар болж судалгаа хийх, ТЭЗҮ гаргах ажил өрнөж буй билээ. УИХ 2008 онд “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” баталсан. Энэ бодлогод  ашигт малтмалаа боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг тусгасан юм. Дараа жил хүнд аж үйлдвэр хөгжүүлэх хөтөлбөр гарсан. Тэр дагуу Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор байгуулах болсон билээ. Уг цогцолборын  мастер төлөвлөгөөг АНУ-ын “Бехтел”  компани хийж   Засгийн газарт хүлээлгэн өгсөн. Тэгвэл “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” төрийн өмчит компани өнгөрсөн онд байгуулагдан ажиллаж буй юм.

Уг  аж үйлдвэрүүдийн төслүүдийг хувийн хэвшилд дангаар эзэмшүүлж, санхүүжүүлэх, харин цогцол­борын дэд бүтэц болон суурьш­лын бүсийн бүтээн байгуулалтын төслийг төр ба хувийн хэвшил хамтран эзэмших, хөрөнгө оруулалт хийх юм.  Аж үйлдвэрийн энэ цогцолборт урьдчилсан байдлаар 11 тэрбум ам.доллар шаардлагатай гэдэг. Тухайлбал, аж үйлдвэрүүдэд 6.67,  дэд бүтэц ба суурьшлын бүсэд 4.33 тэрбум ам.доллар зарцуулах тооцоо бий.

“Сайншанд”-ын аж үйлд­вэрийн цогцолборт  зэс хайлах үйлдвэр байгуулна. Анх уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр ашиглалтад орсон цагаас хойш манай улс зэс хайлах үйлдвэр байгуулах талаар ярьж ирсэн. Өөрөөр хэлбэл, 1980-аад оноос эхлээд зэс хайлах үйлдвэрийн судалгаа хийж буй юм. Тэгэхээр энэ талаар судалгаа хангалттай хийсэн гэж хэлж болно. Өнөөгийн байдлаар “Шандмин” компани Сайншандад зэс хайлах үйлдвэр байгуулах  урьдчилсан ТЭЗҮ-ийг хийж дуусгажээ. Тус компанийн захирал Н.Эрдэнэбаатар “Металлс Монголиа-2013” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад илтгэл тавихдаа  “Төслийн ажил энэ эрчээрээ явбал ирэх оноос бид үйлдвэрийн барилга байгууламжаа барьж эхлэх бололцоотой. Монгол Улсын өнөөгийн дэд бүтэц, эрчим хүчний үйлдвэрлэлийн багтаамж, хүхрийн хүчлийн дотоодын эрэлт хэрэгцээ зэргийг судалсан. Дэлхийн жишигт жилд 150 мянган тонноос дээш зэс хайлж байж тухайн үйлдвэр ашигтай ажилладаг тооцоо бий. Ингээд эхлээд жилд 175 мянган тонн цэвэр зэс хайлах үйлдвэр байгуулах боллоо. Цаашдаа 300-450 мянган тонн болгож үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлэх боломжтой. Зэс хайлах үйлдвэрээс гарах хүхрийн хүчлээ урьд нь яах вэ гэсэн толгойн өвчин байсан бол одоо харин ч алтан боломж болсон. Хүхрийн хүчил нь химийн хаан эльмент. Үүнийг бүх төрлийн бүтээгдэхүүнд ашигладаг. Тухайлбал саван, гоо сайханы бүтээгдэхүүн  үйлдвэрлэхэд ашиглаж байна шүү дээ Хамгийн хямд зардлаар зэс хайлж зах зээлд нийлүүлэх бүс нутаг бол Сайншанд.  Энэ хот төмөр зам, дэд бүтэц хөгжсөн, хилийн боомтой ойрхон  суурин газар. Шинээр тавьж байгаа хөндлөн чиглэлийн төмөр зам, одоо байгаа төмөр замтай огтлолцож байгаа ганц хот гэх мэт давуу талтай.  Тус бүс нутагт хоёр том цахилгаан станц ашиглалтад орох төлөвлөгөө бий. Жишээлбэл,  Таван толгойн уурхайд 500 МВт хүчин чадалтай цахилгаан станц  барих юм. Мөн Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор дээр цахилгаан станц ашиглалтад орно” хэмээн мэдэгдлээ.

Зэс хайлах үйлдвэрийн олон технологи бий. Сайншандтай ойролцоо Таван толгойн коксжих нүүрсний орд байгаа. Иймд зэс хайлах зуухны энергийн эх үүсвэрийг нүүрс байхаар тооцсон байна. Зэсийн баяжмалыг хайлуулж цэвэр зэс болгоход  шохойн чулуу, элс зэрэг  дагалдах түүхий эд ашигладаг аж. Эдгээр түүхий эдээ Сайншандаас 20 км газраас татах бололцоотой бөгөөд  хаанаас олборлохоо ч тогтоожээ. 

Энд ганцхан цэвэр зэс гаргах үйлдвэр байгуулаг­дах­гүй. Уг үйлдвэрийг дагалдаад доод тал нь найман үйлдвэр байгуулагдах ажээ. Учир нь, зэсийн баяжмал олон төрлийн эрдэс агуулдаг. Эдгээрийг нь ялган авч эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэрүүд ч байх юм. Тухайлбал, зэсээс гадна хүхрийн хүчил, алт, мөнгө ялган авах ёстой. Мөн лаг шавар, гипс, натрисульфатын давхар исэл гэсэн дайвар бүтээгдэхүүн гардаг байна.

Зэс хайлах үйлдвэр байгаль орчинд хор хөнөөл учруулж мэднэ гэдэг. Иймд өндөр хөгжилтэй орнууд хүнд аж үйлдвэрийн цогцолборт зориулсан байгаль орчны тусгай стандарт баталсан байдаг. Манай улсад ч агаар бохирдуулсан хорт хаягдлын стандарт бий. Зэсийн баяжмалыг  хайлах явцад маш жижиг хэмжээтэй тоосонцор үүсдэг байна. Үүнийг байгаль орчинд тараахгүй байх учиртай.  Сайншандад барих гэж байгаа зэс хайлах үйлдвэрийн технологи нь манай улсын болон Европын холбоо, ДЭМБ, АНУ байгаль орчин хамгаалах стандартад нийцэж буй ажээ.  

Дэлхийн зэсийн эрэлт жилд дөрвөн хувиар өсч байна

Аливаа үйлдвэрлэлийн түүхий эд хангалттай байж тасралтгүй ажилладаг. Өнөөдөр манай улсад зэс хайлах үйлдвэрийн түүхий эд хангалттай. Жишээ нь “Эрдэнэт” үйлдвэр жилд дунджаар 450 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж байгаа. Одоо Оюу толгойн баяжуулах үйлдвэр ашиглалтад ороод байна. Цаашдаа тус ордын  далд уурхай, Цагаан суваргын баяжуулах үйлдвэр ашиглалтад орвол манай улс жилд 2.3 сая тонн баяжмал үйлдвэрлэх тооцоо бий.  Эдгээр уурхайг наад тал нь 50 жил ашиглана хэмээдэг.  Тэгэхээр түүхий эдэд санаа зовох зүйл алга гэсэн үг.

Дэлхийн зэсийн эрэлт жил бүр нэмэгдсээр иржээ. Олон улсын судалгааны байгууллагуудын тооцоогоор зэсийн эрэлт 1960-аад оноос хойш жилд дөрвөн хувиар нэмэгдэж ирсэн байна. Ингээд 2020 он гэхэд жилд зургаан сая тонн цэвэр зэс хэрэглэх тооцоо гарсан аж.

Өнөөдөр дэлхийн хэмжээнд  Өмнөд Солонгос, Япон, Энэтхэг, Хятад улс зэс боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээр тэргүүлж  байгаа.   Зөвхөн Ази тивд дэлхийн жилд хэрэглэх зэсийн 50 хувь нь ногддог. Мөн дэлхийн зэс олборлолтын дөнгөж 17 хувийг эзэлж буй билээ. Гэтэл  дэлхийн хэмжээнд зэсийн баяжмалын чанар тааруу 15 үйлдвэр ойрын хугацаанд хаалгаа барина гэсэн судалгаа бий аж.  Үүнээс гадна ирэх жилүүдэд  жилд  150 тонн зэс хайлах хүчин чадалтай  40 үйлдвэр ашиглалтад орох төлөв байна. Тэгэхээр зэсийн баяжмалын эрэлт улам өсч үнэ тэнгэрт хадах төсөөлөл гарлаа. Иймд манай улс зэсийн баяжмалынхаа нэгээхэн хэсгийг боловсруулж чадвал улсын сан хөмрөгөө аривжуулах төдийгүй эдийн засгийн тогтвортой байдлаа урт хугацаанд хадгалж чадах нь. Нэг ёсондоо манай улсын ирээдүй гэрэлтэж байна гэж хэлж болох юм.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан