Улсын тусгай хамгаалалттай газрын өнөөгийн байдлын талаархи хэлэлцүүлэг өнөөдөр “Цэнгэг ус, байгаль хамгаалах төв”-д болно. Байгаль орчин, ногоон хөгжлийн салбар дахь “Төр-хувийн хэвшлийн түншлэл” арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй хэлэлцүүлэгт дараахь асуудлыг авч хэлэлцэнэ. “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн газар ашиглалт, хамтын менежмент”-ийн асуудлаар холбогдох талуудын санал авч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгах аж.
Хэлэлцүүлэгт төрийн байгууллыг төлөөлж БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, ТХНУГ-ын дарга Т.Эрдэнэчимэг нар оролцоно. Хувийн хэвшлийн төлөөллөөс “Сосонет”, “Хустай” төрийн бус байгууллага болон Дэлхийн байгаль хамгаалах сангийн гишүүд оролцож илтгэл тавина. Хэлэлцүүлгийн үр дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээж, хэвлэлийн бага хурал зохион байгуулахаар төлөвлөжээ.