Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хөл хорионы өдрүүдэд хот, нийтийн аж ахуйн ажлууд сайн хийгдэж байгааг онцлоод цаашид Улаанбаатар хотоо угаах, цэвэрлэх, ариутгах ажлыг тогтмол хийж байхыг үүрэг болгов. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өнгөрсөн амралтын өдрүүдэд хийсэн их цэвэрлэгээний талаар танилцуулаад автобусны буудлын угаалга, цэвэрлэгээний ажлыг зургаан бригад хийж байгаа гэлээ.
Гамшгаас хамгаалах Бүх нийтийн нийтийн бэлэн байдлын зэргийг 14 хоногоор сунгасантай холбогдуулан Хотын дарга Д.Сумъяабазар нийтийн эзэмшлийн болон гэр хорооллын гудамж талбай, байгууллагын өрөө тасалгаа, орон сууцны орц хонгил, цахилгаан шат, нийтийн тээврийн хэрэгслийн хаалга, суудал, бариул, автобусны буудал, хүүхдийн тоглоомын талбай зэрэг халдвар тархах эрсдэлтэй орчны халдваргүйтгэлийг сайтар хийх үүрэг өглөө.
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/251 дүгээр захирамжийн хүрээнд нийтийн эдэлбэрийн газрыг хааж, зөвшөөрөлгүй барьсан хаалт, төмөр шонгуудыг чөлөөлөх ажлыг хөл хорионы хугацаанд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас хуулийн дагуу хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Хотын дарга энэхүү ажлыг сайн зохион байгуулж байгааг хэлээд цаашлаад дүүргүүдийн удирдлагуудтай хамтарч нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажлыг үе шаттай явуулах хэрэгтэй гэлээ.
Мөн "Ковид-19" цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд иргэдийн дархлаажуултын үйл ажиллагааг эрчимжүүлж, иргэдийн бүртгэл, хуваарь, тээвэрлэлтийн маршрутыг нарийвчлан гаргаж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах үүрэг өгөв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС