Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

КОВИДЫН ТОМИЛГОО БУЮУ ЗАСАГЛАЛЫН ТАХАЛД НЭРВЭГДЭХ НЬ 

-Сангийн яамны газрын дарга З.Энхболд төрийн албаны “хууль дээдлэх” зарчмыг уландаа гишгэв -

Улсын Их Хурлын эрхэм гишүүний хүү төрийн байгууллагад шалгалт өгөлгүй томилогдлоо гэх яриа олны чихийг дэлсэж, түмний бухимдлыг төрүүлээд авав. Эрхэм гишүүний сэнтэг хүү “хуулиа унш” гэж омогдсоныг үзсэн хүн бүр бүхимдан хорсч, тэрхүү “хууль” нэртэй “бамбай”-г хайв. Өмнөх Улсын Их Хурлын бүрэлдэхүүн бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас хэдхэн хоногийн өмнө буюу 2020 оны 5 дугаар сард оронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай" гэсэн урт нэртэй хуулийг баталсны 3.2-т энэ оны 7 дугаар сарын 1 хүртэл аливаа албан тушаалтны сонгон шалгаруулалтыг хийхгүй гэжээ.

Яг энэ үгийг ашиглан төрийн албаа төрлийн алба болгож, төрийн өмчийн компаниудад гар хөлөө шургалуулах эх захгүй марафон ковидын ард өрнөж, “Ковидын томилгооны баг” болон өргөжин тэлснийг баримтаар нотолж болно. Үүний нэг жишээ нь “Үндэсний давхар даатгалын компани” нэртэй төрийн өмчит ХК-ийн удирдах албан тушаалтны томилгоо.

Тус компанийн ТУЗ-ийн дарга, Сангийн яамны Хууль эрх зүй, худалдан авалтын газрын дарга З.Энхболд ганцхан хоногийн өмнө компанийн ТУЗ-ийг зарлан хуралдуулж, Б.Батбаяр гэх нэгэн эрхмийг “крандаж” авчраад, ковидын хуулийн 3.2 дугаар заалтыг удирдлага болгон шууд томилов. Ингэхдээ “Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч” гэх албан тушаалыг дур мэдэн үүсгэжээ.  

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд тус компанийн Гүйцэтгэх захирлыг зөвхөн нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилох бүрэн эрхийг Компанийн ТУЗ-д хуулиар олгосон болохоос “түр орлон гүйцэтгэгч”-ийн албан тушаалыг дур мэдэн бий болгож, даргаас шууд томилох эрхийг хэнд ч олгоогүй.

Хувьцаат компани учраас хуулийн дагуу Нэр дэвшүүлэх хороо гэж ажиллах учиртай. Нэр дэвшүүлэх хороонд ТУЗ-ийн хараат бус гишүүд хамрагдах  бөгөөд тэдгээрийн нэг нь Шаравсамбуу гэх эрхэм. Угтаа Шаравсамбуу гишүүн болон бусад гишүүд Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу зохион байгуулах үүрэгтэй, даатгуулагчдын ашиг сонирхлын төлөө ажиллах ёстой ч даргын далласан газарт ил гарч, далайсан газарт далд орох амьгүй, хараат албатууд аж.  

Б.Батбаяр гэж хэн бэ, ямар шалгуураар түүнийг хэрхэн сонгож энэ албан тушаалд шууд томилов? Зээлийн батлан даалтын сангийн захирлаар гишүүн асан Л.Элдэв-Очирын дэмжлэгээр крандуулан томилогдож, дараа нь УИХ-ын дарга Г.Занданшатарын шууд дэмжлэгээр Баянхонгор аймгийн ИТХ-ын даргаар сар гаруй ажиллаж орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн ч нутагтаа өвдөг шороодсон нэгэн. Давхар даатгал байтугай даатгал ойлгохгүй нөхөр мөн л “крандуулж” томилогдсон нь энэ.

Даатгалын тухай хуулийн дагуу давхар даатгалын компанийн эрх бүхий албан тушаалтан томилогдсон бол түүнийг зөвшөөрөх эсэх, компанийн үйл ажиллагааг хуульд нийцүүлэн явуулж байгаа эсэхэд төрийн хяналт тавьдаг хяналт, зохицуулалтын байгууллага нь УИХ-ын харьяа Санхүүгийн зохицуулах хороо.  Гэтэл “Гүйцэтгэх захирлын орлон гүйцэтгэгч” нь эрх бүхий албан тушаалтан мөн бишээ мэдэхгүй, түүнийг зөвшөөрч, эс зөвшөөрч чадахгүй, ТУЗ-ийн шийдвэр хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянаж дүгнэх чадваргүй байгууллага болсноо энэ явдлаар нотлон харуулав.

Төрийн өмчийн давхар даатгалын компанийн ТУЗ нь Монгол Улсын хэд хэдэн хууль тогтоомжийг зөрчсөн шийдвэр гаргасан байхад нүдэн балай чихэн дүлий байгаа нь арга ч үгүй юм. Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга нь Сангийн Сайд Б.Жавхлангийн сайн найз, харин тус Хорооны Ажлын албаны дарга нь Б.Батбаярын нутгийн дүү Жамбаажамц, тэдгээрийг томилдог албан тушаалтан нь УИХ-ын дарга Занданшатар гэвэл бүх зүйл ойлгомжтой байгаа биз.

Төрийн албан хаагч төрийн хуулийг чанд сахиж албан үүргээ гүйцэтгэх тангараг өргөдөг гэдгийг дээрх эрхмүүдэд хаяглан дахин сануулъя. Энэ бол нэг л жишээ. Үүний цаана ил далдуур явагдаж буй Ковидын томилгоо хүрээгээ тэлж цар тахлаас ч илүү уршиг дагуулж мэдэх юм. Сонгон шалгаруулалтгүй томилогдсон чадваргүй дарга нар ямар аюул дагуулахыг таашгүй.

 

3 Сэтгэгдэл
Javkhlan gej diilehgyi aalz garch irj avilgin tor neheed bna uu
Лаларууд үнэн даварч байгаа. Ажил хийдэг нэг ч хүн байхгүй
Энэ нэг СЯ СЗХ УИХ дундын нэг хэдэн хогийн намчид байнаа. АТГ ажилаа хийнэ шүү манайхаан. Хэрэг хэзээ ч хуучирахгүй шүү
Хамгийн их уншсан