Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Амгаланбаатар: НДШ-ийн нэмэгдлийг зогсоох, бууруулахад гол анхаарлаа тавина

МҮЭ-ийн холбооны болон орон нутаг, нийслэл дэх ҮЭ-ийн гишүүн байгууллагуудын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцох уулзалт өнөөдөр /2021.04.14/ цахимаар боллоо. Уг уулзалтын эхэнд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар,

-Өнөөдөр НДШ-ийн нэмэгдлийг эсэргүүцсэн тэмцлийн үйл явц, хамтдаа зохион байгуулсан арга хэмжээний талаар гишүүд, иргэдэд хүргэхэд хэрэгтэй болов уу гэдгээр энэхүү мэдээлэл уулзалтыг зохион байгуулж байна. Энэ тэмцлийн үйл ажиллагаа 2017 оны 3 дугаар сараас эхэлсэн. ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах үеэс НД-ын шимтгэл нэмэгдэх шийдвэрийг олон нийт эсэргүүцэж, бид үе шаттай арга хэмжээг зохион байгуулж ирсэн.

2021 он гараад дээрх чиглэлээр ямар ажлууд хийснээ тодорхой баримттайгаар та бүхэнд мэдээлье гээд тоо баримт бүхий мэдээлэл өглөө.

Тэрээр уулзалтад оролцогчдод нэгдсэн төлөвлөгөө болгон хүргүүлж байгаагаа хэлээд заавал жагсаал цуглаанд хүргэлгүйгээр үр дүнд хүрэх болов уу гэсэн бодолтой байна гэлээ.

4 дүгээр сарын 30 гэхэд үр дүнд хүрвэл олон нийтэд мэдээлнэ. Хэрэв үр дүнд хүрэхгүй бол тэмцлийн үйл ажиллагаанд шилжихээс өөр аргагүй. 5 сарын 1-нд Засгийн газрын тэргүүнтэй цахимаар уулзахдаа үр дүнг харж та нарт чиглэл өгнө.

Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулахын төлөөх ҮЭ-ийн тэмцэл бол хатуу хөл хорионы нөхцөлд холоос зохион байгуулж байна. Бид адилхан нөхцөлд адил зорилготой ажиллаж байгаа гэдгийг та бүхэн мэдэж байгаа.

НДШ-ийн нэмэгдлийг зогсоох, бууруулахад гол анхаарлаа тавина. Дараа нь тогтолцооны асуудлыг яръя. Олон асуудлын араас явснаас нэг л асуудлынхаа ард гаръя гэж Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлаас тогтсон гэв.

Тус уулзалтад оролцогчдоо гаргасан саналыг хүргэж байна.

Хөвсгөл аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Ц.Ганболд

-УИХ-ын даргын нэр дээр 1500 хүний гарын үсэгтэй албан бичиг өгсөн. 3 дугаар сарын 18-ны өдөр НББХ-ны дарга М.Оюунчимэгээс бөөрөнхийлсөн хариу ирсэн. Тэгэхээр бид УИХ-ын дарга Г.Занданшатартай ойрын хугацаанд биелэн уулзах эсвэл цахим уулзалт хийх саналтай байна.

Энэ уулзалтаар НДШ-ийн 2 хувийн нэмэгдэл, НД-ын хуулийн өөрчлөлтөд ҮЭ-ийн байр суурь, НД-ын Үндэсний хороонд ҮЭ-ийн төлөөлөл заавал байх ёстой зэрэг асуудлыг хөндөх хэрэгтэй.

Орхон аймгийн ҮЭ-ийн холбооны дарга М.Батцоож

-ҮЭ-үүдээс НДШ-ийг нэмэгдүүлсний эсрэг явуулж байгаа арга хэмжээнд бүх шатандаа дэмжиж ажиллаж байна. Анхан шатны хороодууддаа чиглэл өгсөн. Тухайн орон нутгаас сонгогдсон УИХ-ын гурван гишүүнд 22 байгууллагын 1169 ҮЭ-ийн гишүүдээс хүсэлт илгээж, захидал бичсэн.

5 сарын 1-нд ямар үйл ажиллагаа явуулах гэж байгаагаа урьдчилан мэдээлэл өгөх байх. Та бүхний өгсөн мэдээллийг гишүүддээ хүргэж ажиллана.

Сүхбаатар аймгийн ҮЭ-ийн холбооны дарга О.Батзаяа

-Манай аймгийн хувьд өмнө тогтоосон хөл хориотойгоо нийлээд 30 хоног болж байна. Энэ оны 7 дугаар сарын 1 хүртэлх хөнгөлөлт, чөлөөлөлт биш гэдгийг сайн ойлгуулмаар байна.

5 дугаар сарын 1- ний үйл ажиллагаа одоогийн тэмцлийн арга хэмжээний үр дүнгээс шалтгаална гэж ойлголоо. Бид санал шаардлагаа хүргүүлсний дараа дэд ерөнхийлөгч шиг суулт хийх зэргээр ямар нэг арга хэмжээ зохион байгуулах нь түлхэц болох юм байна.

МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Баяраа

-НДШ-ийг нэмэгдүүлсэн хувиар нь 4 дүгээр сарын цалингаас нь суутгаад авчихлаа. Энэ нь гишүүдэд сэтгэлзүйн хувьд хүнд тусч байна. Иймээс шаардлагаа хүргүүлье, цахим тэмцлээ ч үргэлжлүүлье гэдэгт санал нэг байна. Төлсөн шимтгэлийг хэрхэн буцаах вэ гэдгийг шаардлагадаа нарийн тусгах хэрэгтэй.

НД-ын болон ЭМД-ын Үндэсний зөвлөлд ҮЭ-ийн төлөөллийг бүрэн оруулах, өөр чиглэлийн хүмүүсийг буцаан татах чиглэлээр санал шаардлагаа эхний ээлжинд хүргүүлэхэд нэг зорилго, нэг агуулгаар хандацгаая.

2017 оноос хойш НД-ын чиглэлээр явуулж ирсэн арга хэмжээг баримтаар дэлгэх хэрэгтэй. Мөн хувь хүн рүү чиглэж байгаа гүтгэлэг дайралтын эсрэг асуудал тавимаар юм байна. Энэ асуудлуудыг нийгэмд зөв таниулах үйл ажиллагааг нэвтрүүлэг, нийтлэл хэлбэрээр олон түмэнд хүргэх шаардлагатай.

БШУ-ны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл

-МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгчийн лайвыг цааш нь түгээх ажилд манай идэвхтэн, сонгуультнууд идэвхтэй оролцож, бид хөдөлгөөнд ормоор байна. Салбар, аймгийнхан НД-ын шимтгэлийг нэмэгдүүлсний эсрэг байр сууриа лайв хийж, УИХ-ын гишүүддээ хандах нь зүйтэй гэсэн санал байна.

Б.Баяраа даргын хэлсэнтэй санал нэг байна. ҮЭ-үүд болон хувь хүмүүсийн нэр хүндэд халдсан хууль бус үйл ажиллагааны эсрэг нэгдсэн мэдээ мэдээллийг өгөх нь зөв юм.

БШУ-ны ҮЭ-ийн гишүүд 9 дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдэд сургууль сургуулиараа албан шаардлага хүргүүлсэн ч одоогоор хариу ирүүлээгүй байна.

5 дугаар сарын 1-нд МҮЭ-үүд дорвитой арга хэмжээ зохион байгуулах хэрэгтэй.

Эх сурвалж:МҮЭХ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан