Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа.
-Нийтийн тээврийн салбарт ямар шинэчлэл хийхээр төлөвлөж байна вэ?
-Хотын хамгийн чухал үйлчилгээний хэсэг бол нийтийн тээвэр. Тийм учраас бид нийтийн тээвэрт онцгойлон ач холбогдол өгч ажиллаж байгаа. Нийтийн тээвэр дотроо автобус, такси үйлчилгээ чухал. Зүүн Европт хөнгөн галт тэрэг үйлчилгээнд явж байна. Цагт 12-15 мянган хүн тээвэрлэдэг нийтийн тээвэр Европт байна. Дэлхийн нийтийн тээврийн хөгжлийн хамгийн зөв хувилбар бол метро. Метроны асуудлыг бараг жил бүр, Хотын дарга солигдох бүрд ярьдаг. 2008 оноос хойш Улаанбаатар хотыг метротой болгоно гэж сонгууль бүрээр ярьсан. Энэ нь хэрэгждэггүй, хэрэгжих бололцоогүй, эдийн засгийн суурь судалгаагүй байдаг. Эдийн засгийн судалгаагаа хийгээд, техник эдийн засгийн үзүүлэлтээ харахаар ашигтай, ашиггүйн тухай ярьдаг. Дагаад хөрөнгө оруулалтын асуудал яригддаг. Хөрөнгө оруулалтын асуудал ярихаар эрсдэл өндөртэй, зээлжих зэрэглэлд богино хугацаатай, өндөр хүүтэй эх үүсвэрүүд санал тавьдаг. Иргэддээ зөв ойлгуулахгүй бол метро барина гэсэн хүлээлт 2008 оноос хойш байсан. Үүнийг хийхийн тулд бид өөрсдөө манлайлж, зардал, өртгөө тооцох ёстой. Монголчуудыг төмөр зам барьж чадахгүй, барууны өндөр технологи нэвтэрсэн орон, эсвэл Япон, Солонгосын туршлагатай компаниуд төмөр зам тавьдаг гэсэн ойлголт 2018 он хүртэл байлаа. Төмөр зам барих асуудалд У.Хүрэлсүх даргын үед зоригтой шийдвэр гарч, ҮАБЗ-д оруулж явуул гэдэг үүрэг, даалгавар өгч байсан. Би тэр үед Уул уурхайн яамыг хариуцаж байсан. Үүний хүрээнд үндэсний бүтээн байгуулалтын ажлууд хийсэн. Төрийн нэгдсэн ойлголтын үр дүнд бүтээн байгуулалтын бүх ажилд хөрөнгө санхүү, бодлогын хувьд дэмжлэг үзүүлж ажилласан. Энэ зангилаан дээр одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дарга ажиллаж байсан. Ингээд харахаар, чадахгүй, бүтэхгүй гэдэг бол хий хоосон яриа. Өнөөдөр эрдэм боловсролтой, чадалтай, бүтээн байгуулалтад гар бие оролцоод босгоод ирье гэсэн залуус манайд маш олон байгаа. Метроны асуудлаар ажлын хэсэг байгуулъя, ЖАЙКА-гийн хийсэн судалгааг өөрсдөдөө суулгая, Батлан хамгаалах яамтай ярья гэж байгаа. Оюутолгойн гүний уурхайд 1350 метрийн гүнд хүнд даацын машин, техник хэрэгсэл явах хонгилын систем хийчихсэн. Оюутолгойн гүний уурхайн ухалт малталтыг стандартын дагуу хийж байгаа нь Монголын компани. Улаанбаатар хотод гол зам дагуу 17 км орчим хонгилын байгууламж барих монгол залуучууд бий. Эдгээр компаниудтай, Жанжин штабтай бид уулзалт хийх гэж байна. Энэ бол үндэсний хэмжээний том бүтээн байгуулалт, 6-7 жилийн хугацаанд хийх байх. Тооцоо, судалгаатай, шинжлэх ухааны тооцоололтой, боловсон хүчний нөөцөө судалж үндэсний хэмжээний бүтээн байгуулалт болгоно. Энэ ажилд Зам, тээврийн хөгжлийн яам оролцоно. Ерөнхий сайдад танилцуулахаар бэлдэж байгаа. Бид 16 км хоёр замтай нэг урт шугамыг хотдоо барьж чадна гэдэгт би итгэлтэй байгаа. Хэдэн км, хэдэн давхар метро барих бол асуудал биш. Гадны улсын мэргэжлийн зөвлөх авна, тэд ажиллана. Гол нь үнийн санал, хөрөнгө оруулалтын асуудлыг яах вэ, бид ямар хугацааны эх үүсвэрийг татах вэ гэдэгт урьдчилсан байдлаар тооцоо, судалгаа хийх, хэдий хэмжээний хөрөнгө, санхүү хэрэгтэй болох, хэдэн жилийн дараа үүнийгээ нөхөх вэ гэдгийг бид нарийвчлан судалж байгаа.
Үүний өмнө хийх нэг ажил бол хөнгөн галт тэрэг. Энэ бол урт болон дунд хугацаанд хийх ажил. Богино хугацаанд нийтийн тээвэрт парк шинэчлэл хийнэ. Шинэ автобус худалдаж авах ажлыг өргөн хүрээнд хийх бодолтой байгаа. Жишээ нь, өнөөдөр 900 автобуснаас 650 орчим нь чанарын шаардлага хангахгүй болчхоод байна. Энэ асуудлыг Засгийн газарт танилцуулахаар Улаанбаатар хөгжлийн корпорац судалгаа хийж байна.
-Хотын гудамжинд амархан шатдаг, хямд гэрэл олон байна гэдэг. Та ажил аваад удаагүй ч гэсэн хотын гудамжаар хэр их алхаж байна вэ?
-Хотын гудамжаар алхалгүй яах вэ. Явган хүний зам, хайс, гэрэл гээд бүгдийг л харж байна. Мэргэжлийн хүмүүстэй ч явж хардаг. Манай хотод энэ асуудлыг жигд хөгжүүлсэн газар маш ховор байна. Жишээ нь, Төрийн ордныг тойроод харахад л зөвхөн машин эргэлтэд зориулсан замын хашлага байна. Явган хүнд зориулж замаа налуу байдлаар хийгээгүй газруудыг засах хэрэгтэй. Явган хүний зам төв замтай нийлээд алга болчихдог асуудал ч байна. Энэ мэтчилэн хүн рүүгээ чиглэсэн ажлуудыг хийж, эхнээс нь цэгцэнд оруулаад явна. Нөгөө талд, бид Улаанбаатар хотын стандартыг бүх түвшинд гаргаж ирнэ. Стандарт гэхээр зөвхөн бүтээгдэхүүн дээр байдаг гэж ойлгож болохгүй. Төрийн бичиг хэрэг стандарттай байдаг. Үүн шиг үйлчилгээний, барилгын, аюулгүй байдлын стандарт гээд бүх зүйл стандарттай. Автобус, таксины стандарт ч бий. Манайх энэ стандартуудаа нэгдсэн байдлаар эмхэтгээд, яг энэ стандартаар барилга барина, энэ стандартаар зам барина, гэрэлтүүлэг хийнэ гэж, хүн рүүгээ чиглэсэн байх ёстой. Иргэддээ аюулгүй Улаанбаатар болно. Иргэндээ ээлтэй хот болно гэж бодлогын бичиг баримт гардаг. Түүндээ хүрсэн стандартаа гаргаж, дүрэм журмаа зохицуулж өгөх хэрэгтэй. Үүнийг хийх үүрэг, чиглэлийг холбогдох удирдлагуудад өгсөн. Хотын ажил эндээс эхэлнэ.
Улаанбаатар хот Энхтайваны, Чингисийн гэсэн хоёр том өргөн чөлөөтэй. Гадны зочид төлөөлөгчид явдаг гол зам Чингисийн өргөн чөлөө. Манай иргэдийн гол явдаг нь Энхтайваны өргөн чөлөө. Энэ хоёр өргөн чөлөөгөө олон улсын түвшинд хүрсэн, хотын стандартад нийцсэн, шаардлага хангасан болгох хэрэгтэй. Иргэд шөнө алхаж байхдаа, замын хөдөлгөөнд оролцож байхдаа гэнэтийн осолд орохгүй байх зохицуулалтыг хийх ёстой. Улаанбаатар хотын ерөнхий удирдлага буюу гэрэлтүүлэг, камерыг хянаж байдаг газрыг шинэчлэх зайлшгүй шаардлага байна. Ингэж байж бид хотоо бүрэн хянах, гэмт хэрэг хаана гарч байгааг бүрэн хянах боломжтой. Улаанбаатар хотын гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулснаар гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийлэл, дээрэм, гэмт хэргийн гаралтад анхаарал хандуулж ажиллана. Маш их бодлогын бичиг баримт, дүрэм журам гарсан байдаг. Түүнийгээ хэрэгжүүлдэггүй, эсвэл мэддэггүй, хэрэгжүүлэхийг хүсдэггүй байж болохгүй. Төрийн алба гэдэг бол өөрийн гэсэн дүрэмтэй, хугацаатай, үүрэг чиглэлтэй явдаг. Хотын удирдлагууд иргэддээ түргэн, шуурхай үйлчилгээ үзүүлдэг байх хэрэгтэй. Хүнд суртал, захиргааны дарамтаас иргэд залхсан. Үүнийг эрс багасгана гэж би байнга хэлж байгаа. Нийслэлийн хэмжээний харьяа байгууллагууд, есөн дүүргийн бүх төрийн албан хаагчдад үүрэг, чиглэл өгч ажиллахад тодорхой хугацаа хэрэгтэй.
Иргэдийн аюулгүй байдлыг хангах агентлаг байгуулахаар судалгаа хийж байгаа. Барилгын ухсан нүхэнд ус дүүрч, хүүхэд унаж эндэх, өндөр хүчдэлийн шугаманд цохиулж нас барах, гэмт хэрэгт өртөх гээд маш олон эрсдэлтэй бүс хотод байна. Энэ бүгдийг есөн дүүргийн хэмжээнд судлаад, агентлагийн хүмүүс эрсдэлтэй хэсгийг тэмдэглэж, улаан туг хатгах, үүнийг засварлаж нэгдсэн мэдээллийн санд оруулах, стандарттай болгох ажлуудыг давхар хийнэ. Энэ нь маш энгийн хэрнээ иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж байгаа том ажил гэж бид дүгнэж байгаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС