Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны эрүүл аюулгүй байдлыг хангах, цэвэр орчин бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалт, УИХ-ын 2016 оны тогтоолоор батлагдсан “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр “Мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ.
Энэхүү зарлигийн дагуу Мянганы Санаачилга ХөгжлийнТөлөө ТББ мод тарих уриалга гаргаж өнгөрсөн амралтын өдөр буюу тавдугаар сарын 9-нд Сонгинохайрхан дүүргийн 36-р хорооны айлуудын хашаанд болон 122, 123, 124, 107 дугаар сургуулийн хашаанд агч, монс, улиас тарьсан байна.
Улаанбаатар хотын 387.000 өрхийн 54.7 хувь нь гэр хороололд амьдарч буй. Үүний хамгийн их гэр хороололтой 29,2 хувьтай байгаа дүүрэг нь Сонгинохайрхан бөгөөд 84.000 өрхийнх нь 62.000 нь гэр хороололд амьдардаг гэсэн судалгаа бий.
Гэр хорооллын айлуудад тулгамдаж байгаа гол асуудал болох агаарын бохирдлыг бууруулах байгалийн хамгийн чухал байгууламж бол моджуулах. Иймд МЯНГАНЫ САНААЧИЛГА ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ТББ тус дүүргийг сонгон өрх бүрийг моджуулах их үйлсийн аянаа эхлүүлжээ.
Нэг мод таривал нэг насны буян, хоёр мод таривал хойд насны буян гэдэг. Мод орчны шороо тоосыг өөртөө шингээж, чийг ялгаруулдаг аж. Нэг мод 120 кг нүүрстөрөгчийг өөртөө шингээж, 104 кг хүчилтөрөгчийг ялгаруулдаг байна. Энэ нь дөрвөн ам бүлтэй айлын бүтэн жил амьсгалахад шаардлагатай цэвэр агаартай тэнцдэг аж. Тиймээс гэр хорооллын гудамж, хашаагаа моджуулжснаар иргэд, айл өрх эрүүл цэвэр орчинд амьдрах боломж бүрдэх юм.
Мод тарих үйл ажиллагаанд хандив өргөн сайн үйлст нь нэгдсэн гэр бүл, найз нөхөд, ангийн хамт олондоо талархаж тус Төрийн бус байгууллагын тэргүүн Д.Одончимэг талархал гардуулав. Хорооны иргэд, гудамжны айл өрхүүд модны арчилгааг өөрсдөө хариуцах бол эхний ээлжийн усалгааг дээрх ТББ хариуцан ажиллах нь.