Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “215 оронд бүртгэгдэж, 270 мянган иргэн нас барлаа. Улсын хэмжээнд 987 хүн ажиглалтад байна. Өчигдөр 72 хүн гэрийн тусгаарлалтад шилжлээ. АНУ-аас COVID-19 халдвар авсан нэг иргэн ЭМЯ руу холбогдож зөвлөгөө авлаа” хэмээн мэдэгдсэн юм. Харин ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ”ХӨСҮТ болон Дархан-Уулын лабораторид нийт 44 хүнд шинжилгээ хийлээ. Эдгээр тохиолдлуудад коронавирус илрээгүй. Сэжигтэй хоёр тохиолдолд шинжилгээ хийсэн. Нэгэнд нь коронавирус илрээгүй. Харин ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Шинж тэмдэгүүд нь тодорхой илэрлээ. Толгой өвдөнө, хоолой хөндүүрлэнэ, хамар битүүрч нус их гарна, дотор муухайрна, бөөлжинө гээд бүхий л шинж тэмдэг нь тод илэрсэн. Франкфурт-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн иргэн байгаа. Ингэснээр Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 42 боллоо. Үүнээс 13 хүн нь эдгэрч гарсан байгаа. Эмчлэгдэж буй нь 29 байгаа. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдал тогтвортой байна” гэлээ.