Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийсэн билээ. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Гуравдугаар сарын 10-наас хойш манай улсад коронавирусийн 41 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Энэ хугацаанд 4700 гаруй хүнийг тандалт судалгаанд хамруулж ажилласан байна. Давхардсан тоогоор 11200 хүнд лабораторийн шинжилгээ хийгдсэн. Илэрсэн тохиолдлуудын 60 орчим хувь нь ОХУ-аас орж ирсэн. Бусад нь арав гаруй орноос транзитаар, шууд нислэгээр орж ирсэн хүмүүс байна. 41 тохиолдлын 19 нь эмэгтэй, 23 нь эрэгтэй. Одоогийн байдлаар 13 хүн эдгэрсэн байгаа. Тэдний дөрөв нь гадаадын иргэн байсан. Бөөр, зүрх судас, элэгний хавдар зэрэг архаг хууч өвчтэй хүмүүс коронавируст халдварт өртсөн байна. Ялангуяа сүүлийн долоо хоногт хорт хавдартай, илүүдэл жинтэй, жирэмсэн зэрэг эмзэг бүлгийн хүмүүс коронавирусээр өвчилж, оношлогдоод манай ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Үндсэндээ хоёр сарын хугацаанд эрүүл мэндийн салбарын 140 орчим хүн цаг наргүй ажилласан байна. Мэргэжилтнүүдийн маань энэ нөр их хөдөлмөрийг үнэлж, тэдэнд маань урам зориг өгөөсэй гэж хүсч байна” гэлээ.