Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын А/590 тоот захирамжийн хүрээнд үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүдийн талаар болон бусад үүссэн нөхцөл байдалтай холбоотой асуудлыг хэлэлцсэн юм.
Хуралдааны төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Өнгөрсөн сард бид фитнесс клуб, амралтын газруудыг үе шаттай нээх, нээхдээ халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байх шаардлагын дагуу аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг жигдрүүлж ажиллаж ирсэн. Фитнесс, амралтын газрууд зөвлөмжийн дагуу ажиллаж байгаа учраас ямар нэгэн хүндрэл гарахгүй байна гэж үзэж байна. Нөгөө талаар урин дулаан болсон үед хотод нягтаршил үүсгэхгүй байх үүднээс хот тойрсон амралтын газруудыг нээсэн. Сургалтын төв, номын санг нээх талаар иргэдээс санал их ирж байгаа. Бид удахгүй судалж шийдвэрлэнэ.
Танхимын сургалтын төвүүдийг Засгийн газрын тогтоолоор үйл ажиллагааг нь зогсоосон учраас хот тэдгээрийг нээн ажиллуулах тухай шийдвэр гаргах боломжгүй. Тийм учраас Улсын онцгой комисс болон холбогдох яамдуудад танхимын сургалтыг цөөн суралцагчтайгаар нээх саналаа хүргүүлсэн. Энэ долоо хоногтоо багтаад шийдвэр гарах байх. Зоогийн газрууд 22:00 цаг хүртэл хэвийн ажиллаж байгаа. Үүн дээр нэмээд баар, шөнийн цэнгээний газруудыг нээсэн ч зохих ёсны шаардлагыг хангаж ажиллахгүй байна. Зүй нь бол нэг өрхөд нэг ч гэсэн хүн ажилтай орлоготой байгаасаа гэж үзээд аж ахуйн нэгжүүдэд боломж олгосон. Эдийн засгийг сэргээх, ажлын байрыг хадгалах зорилгоор баар, караокены үйл ажиллагааг нээсэн боловч нэг талаас эдгээр байгууллагууд ариутгал халдваргүйжүүлэлтээ хийхгүй, дүрэм журмыг биелүүлэхгүй, Төр засгийн бодлого шийдвэр, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг мөрдөж ажилласангүй. Аж ахуйн нэгжүүд өнөөдрийн байдлаар үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж нөхцөлөө бүрдүүлээгүй, бэлэн биш байна. Өнгөрсөн гурван сарын хугацаанд маш их ачаалалтай, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа Цагдаа, Онцгой, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн салбарынхны ажлын үр дүн, эрүүл мэндээ хамгаалах үүргээ биелүүлж байгаа иргэдийнхээ эрх ашиг, хувь заяаг зарим хариуцлагагүй, үүргээ ухамсарлаагүй иргэдээс болж эрсдэлд учруулах ёсгүй. Залуучууд маань бодит эрсдлийг тооцож чадахгүй байна. Тийм учраас энэ үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй боллоо. Энэ байгууллагууд хэзээ ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлаа хийж чаддаг болох, мөн өвчний нөхцөл байдлыг харгалзаж, тодорхойгүй хугацаагаар баар, цэнгээний газруудыг хаах нь зүйтэй.
Аж ахуйн нэгжүүдээ дампууруулахгүйгээр ажлын байрыг хадгалах, айл өрхийг орлоготой байлгах зэрэг зөрчилдөөнтэй бөгөөд амаргүй олон шийдвэрүүдийг хүнд нөхцөл байдалд, гаргасан шийдвэрүүд нөхцөл байдалд тохирч яаж ч өөрчлөгдөж болохыг иргэд маань ойлгох хэрэгтэй" гэв.
Харьяа газар, агентлагуудын ажлын уялдаа холбоог хангаж ажиллаагүй НЗДТГ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Мөн хуралдааны үеэр өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлуудын уялдааг хангах чиглэлд ажил цалгардаж байгаа учраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Хотын Захирагч С.Амарсайхан “Холбогдох байгууллагууд үйл ажиллагаагаа уялдуулах, цаг үеийн нөхцөл байдалтай нийцсэн уян хатан шийдвэр гаргах, шийдвэр гаргахдаа үр дүнг нь тооцоолж байхад анхаарал, хариуцлагатай ханд” гэдгийг холбогдох албаныханд онцгойлон анхаарууллаа.