ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лабораторт 341 хүний шинжилгээ хийгдсэн. Коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 154 хүн эмчилгээ, тандалтанд байна. Өглөө үүрээр Интермед эмнэлгээс нэг сорьц авчирч шинжилж байна. 69 настай иргэн амьсгал бачуурсан сүүлийн долоо хоногт ханиалгасан, халуунгүй, хоёр уушгиндаа хатгаатай гэсэн оноштойгоор тус эмнэлэгт ирж хэвтсэн байна.
Интермедийнхэн өөрсдөө түргэвчилсэн оношлуураар оношлоход хариу нь нэмэх гарсан байна. PCR шинжилгээгээр баталгаажуулахаар үүрээр таван цагт шинжилгээ авч ХӨСҮТ-ийн төв лабораторт шинжилж байна. Үдээс хойш хариу нь гарна. Энэ хүнд үйлчилж байсан гурван хүнийг тэнд нь тусгаарласан” гэлээ.