Техник Технологийн Дээд сургуулийн “IET” кафений ахлах тогооч Д.Баярсайхан уншигч та бүхэнд зориулан шинэ жилийн баярын ширээнд тань зориулан хүндтэй зоог болох “Шарсан торой”-г хэрхэн бэлтгэх тухай зөвлөгөөг хүргэж байна.
Мэргэжлээрээ ажиллаад хэр удаж байна? Хэрхэн тогооч мэргэжлийг эзэмших болсон тухайгаа яриагаа эхлэе...
Анх тогооч болно гэж ер нь төсөөлөөгүй. Авга ах минь 8-р ангиа төгсөх үед яг гараас минь хөтлөн чиглүүлж Хүнсний технологийн коллежийн тогоочийн ангид элсэн оруулж 2003-2006 онд суралцан төгссөн. Эхэн үедээ мэргэжлийнхээ учрыг сайн олохгүй л явсан байх, харин анх Баянгол ресторанд дадлага хийснээр баяр ёслолын хүлээн авалт, арга хэмжээний үеийн хоол үйлчилгээг хараад тогооч гэдэг чинь сайхан ажил юм байнаа гэдгийг мэдэрч эхэлсэн. Үүнээс хойш 14 дэх жилдээ мэргэжлээрээ тасралтгүй ажиллаж байна. 2010-2012 онд “Сэрүүлэг” Дээд сургуулийн “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежмент” мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн.
Энэ хугацаанд хаана, ямар чиглэлээр түлхүү ажиллав байв?
Монголд анх BBQ Chicken гэж хүчтэй орж ирж байх үед анхнаас нь ажиллаж түргэн хоолны нэр төрлөөс хийж суралцаж, үүний дараа Гадаад Хэргийн Яам, Нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт богино хугацаанд ажилласан.
Үүний дараа “Total Care” катерингийн компанид дөрвөн жил ажиллаж энд МУ-ын мастер тогооч С.Гантөмөр болон бусад чадварлаг мастеруудаас их зүйл сурч авсан. Одоо ч эдгээр багш нараасаа суралцаж яваадаа баяртай байдаг. Сүүлийн дөрвөн жил Техник Технологийн дээд сургуулийн “IET” кафед ахлах тогоочоор ажиллаж байна.
Тус сургуулийн тогоочийн ангийн оюутнуудыг үйлдвэр сургалтын дадлагаар хангах, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж яваа гэдгийг тань мэдэх юм байна...
Суралцаж буй оюутнуудад үйлдвэрлэлийн дадлага хийх, хичээлээ бататгах боломжтой газар байх нь чухал санагддаг.
Зөвхөн надаас гадна сургуулийн багш нар, тэр дундаа бидний ажлыг ойлгон дэмждэг удирдлагууд , Б. Ганбат захирал маань сайн дэмжиж байдаг. Тиймээс бид хамтран ирээдүйн залуу тогооч нараа бэлтгэхэд нэг зорилготой ажилладаг.
Өөрийн чинь хувьд оролцсон тэмцээн уралдаан гаргасан амжилтаас тань сонирхвол?
2008 онд Улсын аваргын уралдаанаас Мөнгөн медаль, 2013 он Тусгай байр, “Chinggis khaan’s Challenge Cup 2019” ОУ-ын уралдаанаас шарсан махан хоолны төрөлд Алтан медаль, тахианы махан хоолны төрөлд Хүрэн медаль тус тус хүртсэн. Үүнээс гадна Монгол үндэсний хоолны төрлийг сонгож ажиллах бас сонирхолтой, “Хонины толгойн хүндэтгэлийн зоог”, “Гүзээ сархинагийн хорхог” зэрэг зарим хоолны жорыг хөгжүүлэхэд оролцож ажилласан.
Залуу хүний хувьд цаашид зорьж төлөвлөж яваа зүйлийг нь сонирхвол...
Сургуульдаа ажиллаад зундаа аялал жуулчлалын чиглэлээр ажилладаг. Хээрийн аяны ямар хоол хийж болох вэ, аялаад бас ажиллаад сурч хөгжихийг хичээж явна.
Баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье!
Шарсан торой
/Ясгүй, бүтнээр нь шарсан торой/
Орц: торой 1 ш бүтэн 4 кг
гахайн нурууны цул мах 3,5 кг
алим 1,2 кг
гахайн мах амтлагч 50 гр
хар перец 10 гр
давс 15 гр
ургамлын тос 150 гр
халуун сүмс /сирача/ 30 гр
зөгийн бал 50 гр
сармис 100 гр
“Махеевъ” терияки сүмс
Чимэглэлд:
брокколи 200 гр
улаан лооль 200 гр
ягаан сонгино 250 гр
лийр 150 гр
алим 200 гр
түли 80 гр
хар олив 110 гр
ногоог олив 50 гр
шар лууван 100 гр
ягаан салат навч 150 гр
Сүмсэнд: Bordeaux
Merlot Cabernet
“Louis Eschenauer” дарс 150 гр
зөгийн бал 20 гр
хар перец 3 гр
аньс 20 гр
крахмал 5 гр
1.Торойны өвчүү хэсгээс зүсэлт хийж арьсыг дэлгээд жижиг хутгаар хавирга, нуруу, сээрний ясыг арьсыг гэмтээхгүйгээр шулж авна.
2.Ургамлын тосыг жижиг саванд хийж давс, перец, сирача, жижиглэн хэрчсэн сармис, гахайн мах амтлагч хийж сайтар хутгана. Бэлтгэсэн амтлагчаар торойн дотор талд асгаад жигд тарааж амт тохируулаад 30-40 минут амраана.
3.Гахайн нурууны мах болон алимыг /гол, үрийг нь авсан/ 60-80гр байхаар хувилж хэрчээд, гахайн мах амтлагч, давс, перец хийж амт тохируулна. Ингээд шарах шүүгээнд шарж болгоно.
4.Шарсан гахайн мах болон алимыг шулж амт тохируулсан торойн дотор хийж шанзлана.
5. Торойн цээжний зүссэх хэсгийг оёж битүүлэн торойг сайтар хэлбэрт оруулан чих, хоншоор, сүүл хэсгийг тугалган цаасаар ороож 160 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 1 цаг шарна. Торойг шарах шүүгээнээс гаргаж ирээд “Махеевъ” терияки сүмс жигд түрхээд дахин 10 минут шарна.
6.Торойг салат навч, улаан лооль, лийр, алим, олив, ягаан сонгино, луувангаар хачир болгон чимэглэнэ.
Сүмс бэлтгэх: Улаан дарсыг саванд хийж сайтар буцалгаж ширгээгээд зөгийн бал, аньс, хар перец хийж хандлаад бага зэргийн хүйтэн усанд найруулсан крахмал хийж өтгөрүүлнэ. Сүмс нь исгэлэн чихэрлэг амттай болсон байна.