Авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмсэн нийслэлийн ИТХ-ын шийдвэр иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан билээ. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг шийдвэрийг эргэж харахыг нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд чиглэл болгосон юм. Тэгвэл энэхүү асуудлыг өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар хэлэлцэхээр болсон байна.
Нийслэлийн ИТХ-ыг ээлжит бусаар хуралдуулахыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар тогтжээ. Энэ хурлын үеэр Нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай 29/31 дүгээр тогтоолд оруулах өөрчлөлтийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан танилцуулсан байна. Тэрбээр “2020 оны нийслэлийн төсөвт нийт нэг их наяд 212.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, нийт 828.8 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэн Төсвийн тухай хуулийн дагуу нийслэлийн төсвөөс улсын төсөвт 319.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр батлагдсан. Нийслэлийн авто зам ашигласан төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн баталсан шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхийнхээ хүрээнд өгсөн үүрэг чиглэлийн дагуу дахин нягталж, 2013 онд батлагдсан хувь хэмжээг хэвээр дагаж мөрдөхөөр тооцлоо. Ингэснээр нийслэлийн автозам ашигласны төлбөрөөс төвлөрүүлэх орлогыг 58 тэрбум 864 сая төгрөгөөр бууруулан 14 тэрбум 715.7 сая төгрөг байхаар нийт хөрөнгө оруулалтын зардлыг бууруулж, бусад дутагдаж буй эх үүсвэрийг үл хөдлөх хөрөнгө, нийслэлийн өмч хувьчлалын орлого газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын орлогыг боломжит хувилбараар нэмэгдүүлэхээр тооцлоо” гэжээ.